Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/09/26-НД НИЙТЛЭГДСЭН

ГУРВАН САРЫН "ХҮҮХДИЙН МӨНГӨ" нэг зэрэг иргэдийн дансанд орно

Г.Номин, iKon.mn
2016 оны 9 сарын 26
iKon.MN
Зураг зураг

Засгийн газар өнгөрсөн долоо хоногийн ээлжит хуралдаанаар хүүхдийн мөнгийг олгохтой холбоотой зарим журмыг баталсан.

2016 оны төсвийн тодотголын дагуу нийгмийн зорилтот бүлэг буюу нийт 660 гаруй мянган хүүхдэд "Хүүхдийн мөнгө" олгоно. Энэ нь мөнгө авах ёстой нийт хүүхдийн 60 хувь бөгөөд үүнд 79.2 тэрбум төгрөг төсөвлөсөн байна.

Тэгвэл зорилтот бүлгийнхнийг хэрхэн тодорхойлох, ямар шалгуураар иргэдийг ангилж байгаа талаар Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яамны холбогдох албаны хүнээс дараах тодруулгыг авлаа.

"Яам одоогийн байдлаар хүн амыг амьжиргааны түвшингээр ангилах судалгаа хийж байна. Нийт хүүхдүүдийн 60 хувьд "Хүүхдийн мөнгө"-ийг бэлнээр олгохоор бэлтгэж байгаа.

Сүүлийн үед шинэчлэгдэж байгаа өрхийн судалгаан дээр үндэслэн амьжиргааны түвшинг тогтооно.  Амьжиргааны түвшинг оноогоор үнэлж тодорхой нэг түвшин бүхий үнэлгээ гаргаад тухайн тооноос бага оноотой 60 хувьд "Хүүхдийн мөнгө"-ийг бэлнээр олгох учраас  яг одоо энэ айл тийм түвшинд байна. Эднийд мөнгө өгнө гэж хэлэх боломжгүй байна. Энэ сардаа багтаж хүүхдийнх нь мөнгө дансанд нь орсон иргэд 2019 он хүртэл хүүхдийн мөнгөө бэлнээр авна гэж ойлгож болох юм.

Харин үлдэгдэл 40 хувьд "Хүүхдийн мөнгө"-ийг хүүгүйгээр, хугацаатай хадгаламжийн хэлбэрээр банканд байрлуулж тодорхой хугацааны дараа буюу 2019 оноос нөхөж олгоно гэж тооцоолж байгаа.

Бэлнээр олгох 660 гаруй мянган хүүхдийн мөнгийг 2016 оны долоодугаар сарын 1-нээс тооцож есдүгээр сард багтаан олгоно. Гурван сарын мөнгө нэг зэрэг иргэдийн дансанд орно" гэлээ.

Тэгэхээр өрхийнхөө амьжиргааны түвшин, "Хүүхдийн мөнгө" бэлнээр авах 60 хувьд багтсан эсэхээ мэдэхгүй байгаа иргэн та энэ долоо хоног дуусах хүртэл "Хүүхдийн мөнгө" таны дансанд орох эсэхийг л хүлээх болох нь.