Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/09/26-НД НИЙТЛЭГДСЭН

М.Болорцэцэг: Батаараар зогсохгүй олон олдвор ХУУЛЬ БУСААР гадагш гарчихсан байгаа

Г.Цэнд-Аюуш, iKon.mn
2016 оны 9 сарын 26
iKon.MN
Зураг зураг

Аливаа улс орон түүх соёлын ховор нандин баримт олдвор, эд өлгийн зүйл, судар бичгээ үндэсний баялаг хэмээн хүндэтгэн үздэг. Тэрхүү ховор нандин зүйлсийг хайрлан хамгаалах нь аль ч үндэстнийг түүх соёлынхоо үнэ цэнийг мэддэг боловсролтой ард түмэн гэдгийг илтгэх учиртай. Бид энэ удаад Монгол Улсын Палеонтологийн Шинжлэх Ухааны түүхийг бичилцэн яваа, Палеонтологийн Шинжлэх Ухааныг дэлгэрүүлэн сурталчилж, түүх соёлын өв олдворыг хамгаалан авч үлдэхэд үнэт хувь нэмрээ оруулж яваа Монголын Динозавр Судлалын Институтыг үүсгэн байгуулагч, Америкийн Байгалийн Түүхийн Музейн палеонтологи​ч, доктор М.Болорцэцэгтэй ярилцлаа.

- Юуны өмнө та өөрийгөө танилцуулахгүй юу. Америкийн Байгалийн Түүхийн Музейд ажилладаг тухайгаа ярьвал?

- Намайг Минжингийн Болорцэцэг гэдэг. Би палеонтологич. Одоогоор АНУ-ын Нью-Йорк хотод байдаг Америкийн Байгалийн Түүхийн Музейд судалгаа хийж байна. Үүний зэрэгцээгээр Монголдоо Динозавр Судлалын ашгийн бус байгууллагыг үүсгэн байгуулаад, уг байгууллагын үйл ажиллагааны шугамаар 2007 оноос эхлэн Монгол Улсдаа динозаврыг таниж мэдүүлэх сургалт, төслүүдийг хэрэгжүүлж байгаа. 

- Та хэрхэн энэ чухал ажлыг хийхээр болсон бэ?

- Америкийн Байгалийн Түүхийн Музейд би анх 1997 оноос докторынхоо судалгааг хийж байсан юм. Дараа нь Монтана мужийн Их Сургуульд манай монголчуудын сайн мэдэх Юрийн галавын цэцэрлэг киноны ШУ-ны зөвлөхийг хийж байсан Жэк Хорнер багштай хамтарч судалгаа хийж байлаа.

Үүний дараа АНУ-ын Жоржиа мужийн Их Сургуульд багшилж байгаад, буцаж Нью-Йорк хотор ирж одоог хүртэл Байгалийн Түүхийн Музейд судалгаагаа хийж байна.

Энэ музей 1869 онд байгуулагдсан. Жилдээ таван сая хүн үздэг. Нийт сан хөмрөгийн хувьд 32 сая олдвор, эд өлгийн зүйл, төрөл бүрийн шинжлэх ухааны олдвор дээжүүд байдаг. 

- Америкийн Байгалийн Түүхийн Музейд манай Монголтой холбогдох материал, олдвор, эд өлгийн зүйл байдаг уу?

- Америкийн Байгалийн Түүхийн Музей бол Монгол Улстай нэлээд холбоотой. Энэ музейд манай Монголтой холбогдох төрөл бүрийн эд өлгийн зүйл, дурсгал, олдвор байдгийн нэг яах аргагүй палеонтологийн олдвор. 

1922, 1923, 1925 онд Америкийн Байгалийн Түүхийн Музейгээс Рой Чепмен Эндрюс гэх эрдэмтний ахалсан, палеонтологи болон палеонтологийн чиглэлтэй холбогдох эрдэмтдийг хамарсан экспедиц Монголд ирж байсан юм.

Тэр экспедиц Монгол газар нутгаас анхны динозавруудыг олж, ШУ-ны үндэстэйгээр судалж, ном бүтээл хэвлүүлсэн байдаг. Түүнээс гадна Өмнөговь аймгийн Булган сумын Баянзаг гэдэг газраас динозаврын өндөгний үүрийг анх олж байсан түүхэн нээлт байдаг. 

Эндрюсийн экспедиц манай улсад гурван удаа ирэхдээ Монголын газар нутгаас олдсон динозаврын олдворыг дэлхий дахинд шинжлэх ухааны үндэстэйгээр таниулсан юм. Тэдгээр олдворууд одоог хүртэл Америкийн Байгалийн Түүхийн Музейн үзмэр болоод сан хөмрөгт хадгалагдаж байна. Манай зарим Монголчууд очиж үзсэн.

Миний зүгээс би тэнд байгаагийн хувьд Нью-Йоркт очиж байгаа Монголчуудад Монголын олдворуудыг үзүүлж, таниулж, таван сая хүн үздэг музейд манай олдвор байна шүү, тэгэхээр бид ийм ховор чухал нандин зүйлээр баялаг учраас түүнийгээ хайрлан хамгаалж, энэ салбараа хөгжүүлэх хэрэгтэй гэдгийг тайлбарлаж хэлдэг л дээ. 

 

Үүнээс гадна 1990 онд хоёр дахь том экспедиц ирж одоог хүртэл 20 гаруй жил ажиллаж байна. Экспедицийнхний илрүүлсэн нэлээд хэдэн олдворууд судалгааны шугамаар музей рүү гардаг.

Би энэ музейгээс ирсэн экспедицид 1996 оноос хойш зургаан жил ажиллаад, тэр хугацаандаа докторынхоо судалгааг хийсэн юм. Ямартай ч би энэ чиглэлээр мэргэжил эзэмшсэндээ баяртай байдаг.

Гэхдээ энэ тал дээр эмзэглэж явдаг зүйл юу байдаг вэ гэхээр судлах зүйл маш их байдаг боловч залуу үеийнхэн манай салбарт дутагдаж байна.

Манай музейд очиж судалгаа хийж, ажиллах боломж бүрэн нээлттэй байдаг учраас геологи, биологийн чиглэлээр бакалаврын зэрэгтэй, англи хэлний мэдлэгтэй, зохих шалгалтуудыг давсан зэрэг нөхцөлийг хангасан, энэ чиглэлийг сонгож, сонирхож байгаа оюутнууд байвал надтай холбогдоорой гэж хэлмээр байна. Манай Монголын олдворууд дээр нэлээн олон гадны хүмүүс докторын зэрэг хамгаалаад, судалгаа хийгээд амжилттай явж байна шүү дээ.

Ер нь би өөрөөрөө төсөөлөөд үзвэл энэ мэргэжлийг эзэмшээд Нью-Йорк хотын музейд ажиллах боломж гарлаа. Судалгаа шинжилгээ хийхдээ олон орноор явж, олон музейн сан хөмрөгт орж судалгаа хийж байна.

Тэгэхээр аялж, бусад орны ховор нандин олворыг үзэж, бусад орноор аялж нийгэм соёлтой нь танилцах гээд олон боломжууд гарч байна. Дээрээс нь бидний мэргэжил бол цаг хугацааны хувьд хэдэн сая жилээр аялдаг.

Судалж байгаа зүйлээрээ бид хэдэн сая жилийн өмнөх амьдралыг сэргээж, босгодог. Тэгэхээр палеонтологийн мэргэжил бол маш сайхан мэргэжил шүү дээ. Залуучуудыг энэ мэргэжлийг сонож, сонирхоосой гэж уриалмаар байгаа юм.

- Таныг Монголоос гарсан үлэг гүрвэлийн олдворыг эх орондоо авчрахад үнэтэй хувь нэмэр оруулсан гэдэг. Энэ ажлынхаа талаар ярих уу?

- Манайхан бүгд Трабозавр Батаарыг сайн мэднэ. 2012 оны тавдугаар сарын 27-нд дуудлага худалдаанд орохоор зарлагдсан байсан. Тэр динозавраар бид өөрсдийгөө чухал, нандин олдвортой юм байна гэдгийг мэдэж авсан шүү дээ. Гэвч Батаараар зогсохгүй олон динозаврын олдвор хууль бусаар гарчихсан байгаа. 

Бид Батаараас хойш 23 динозаврын ясыг АНУ-ын Засгийн Газраас хүлээн авч, Монголдоо оруулж ирээд байна.​ Ингэж АНУ-аас Монголдоо палеонтологийн олдворуудыг буцаан авчрах тал дээр би ажиллаж байгаа юм.

Нэгэнт би энэ мэргэжлийг сонгоод сонирхон судалж байгаа учраас сайн дураараа, улсаас ямар нэг цалин авалгүй энэ ажлыг хийж байна. 

23 динозавраас хойш энэ жил найман динозавр хүлээж авсан. Дөрөвдүгээр сард хүлээн авах ёслолын үйл ажиллагаагаа хийгээд, наймдугаар сарын 28-нд АНУ-аас ачигдсан байгаа. Аравдугаар сарын сүүл гэхэд Монголд орж ирнэ. 

Энэ найман динозавр дунд байгаа нэг динозаврыг Францын нэг байгууллага интернетээр 300,000 доллараар худалдаалах гэж байсныг бид маш амжилттай авсан юм.

Миний хувьд бол тухайн динозаврын олдворыг Монголынх мөн эсэхэд дүгнэлт хийх ажлыг хийдэг л дээ. Тэр дүгнэлтэнд үндэслэж шүүхийн шийдвэр гардаг юм. Тэгэхээр судалгаагаар Монголынх мөн гэсэн дүгнэлтэнд хүрсэн тохиолдолд бид тэр олдворыг эргэж буцалтгүйгээр авч байгаа юм. 

Мөн энэ найман динозавраас гадна буцаагдахаар хүлээгдэж байгаа 10 динозавр байна. Тэдгээрийн дунд 3-4 Трабозавр Батаарын толгой байгаа.

Тэр толгойн нэгийг Холливүүдийн жүжигчин Николас Кэйж болон Линардо Ди Каприо нар үнэ хаялцаад Николас Кэйж авч байсан юм. Тэр Трабозавр Батаарын толгойг Николас Кэйж хуулийн хүрээнд өөрийн эзэмших эрхээсээ татгалзсан. Одоо Монголд ирэхээр болсон байгаа. 

Гэхдээ 10-аар зогсохгүй маш олон динозаврын олдвор хууль бусаар гарчихсан байгаа. АНУ-ын Засгийн Газар энэ тал дээр нэлээн тууштай ажилладаг. Зөвхөн АНУ ч биш Европ руу манай олдворууд гарчихсан байгаа.

Ховор нандин олдворынхоо талаар мэддэггүйгээсээ болоод хууль бусаар гадагш гаргах явдал гараад байна.

Үүн дээр нэг зүйл хэлэхэд, хэрэв Монголчууд өөрсдөө мэргэжлийн түвшинд биш ч гэсэн ямар ямар төрлийн олдворууд манай улсад байдаг талаар мэдэж байвал энд тэнд дуудлага худалдаанд ороход манай Монголын олдвор байна гэж танина шүү дээ. 

Тиймээс энэ тал дээр хүн бүр өөрсдийн гэсэн үнэт ховор зүйлээ хамгаалах үүрэгтэй гэдгээ мэддэг байх хэрэгтэй. Энэ үүднээс л бид динозаврын олдвор, үнэт ховор зүйлсийг олон нийтэд таниулах зорилгоор сургалт явуулж байгаа юм. Олон нийтийн мэдлэг боловсрол хамгаалалт болж байдаг.

- Сургалтынхаа талаар ярихгүй юу?

- Бид 2009 онд олдворын өлгий болсон Баянзагийн хажууд байдаг Өмнөговь аймгийн Булган суманд “Говийн динозавр” сэдэвт сургалтаа хийж байсан. Учир нь ийм олдворт газартай ойр байгаа нутгийн хүүхдүүд, ард иргэд олдворынхоо талаар мэдлэгтэй байх хэрэгтэй шүү дээ.

Тэр сургалт маань гурав хоногийн турш үргэлжилж, сургалтын үеэр бид анги танхимд динозаврын талаар мэдлэг ойлголтыг өгч, палеонтологич хүн юу хийдэг талаар тайлбарлаж, олдворт газар дээр очиж хүүхдүүдэд үзүүлж байсан.

 

Дараа нь “Музейн динозавр” нэртэй сургалтаа Улаанбаатар хотдоо явуулж байсан. Тэр сургалтаар мөн ялгаагүй хүүхдүүдэд динозаврын талаарх ойлголт өгөх дасгал хийлгэж, танин мэдэхүйн мэдээлэл өгсөн.

Үүний дараагаар “Хайрцагт динозавр”-ын сургалтаа явуулж эхэлсэн. Энэ нь аялан явдаг динозаврын музей байгаа юм. Төслийн хүрээнд аялан явах хайрцгийг Монголын Урлагийн Зөвлөлтэй хамтран Байгалийн Түүхийн Музей, Өмнөговь аймгийн музейд хийж өгсөн байгаа. 

Хамгийн сүүлд явуулсан сургалт маань “Нүүдлийн музей”. Нүүдлийн музейд зориулсан, шугаманд явж байгаа автобусыг бодвол арай урт хэмжээтэй автобус байдаг. Автобус дотроо тэр чигээрээ музейн үзмэрээр тоноглогдсон, гурван жилийн өмнө бид Монголд авчраад түрүү жилээс сургалтаа эхэлсэн. 

Энэ сургалт нийт 90 минут үргэлжилдэг. Насны хувьд 5-7, 8-10, 11-13 гэсэн гурван насны ангилалтайгаар сургалт явуулж байгаа. Эхний 30 минутад үзмэртэй холбоотой ойлголтуудыг өгөөд, динозаврын модель загварууд дээрээ дасгал ажиллуулаад, дараа нь музей дотроо ороод мэдрэгчтэй дэлгэцэн дээр дасгал ажиллаад, ерөнхий кино үзүүлэх зэргээр хөтөлбөр маань бүтэж байна.

Бид энэ зуны хувьд Баянхонгор, Өвөрхангай, Өмнөговь, Дундговь аймгуудад энэ насны 600 гаруй хүүхдүүдийг хамарсан сургалт явуулсан.

Улаанбаатар хотод бид өнгөрсөн Баасан, Бямба гарагт ШУТИС-ийн Геологи Уул Уурхайн Сургууль болон Үлэг Гүрвэлийн Тѳв Музейтэй хамтран сургалт хийлээ. Энэ жилийн хувьд сургалт маань үүгээр дуусч байгаа. Хавар үргэлжлүүлээд сургалтаа эхэлнэ. 

Сургалт зохион байгуулах шалтгаан нь ер нь манай Монголоос олдсон динозаврын олдвор нээлтүүд олон улсад нэлээн таниж мэдэгдсэн байдаг. Динозавраар нь Монголыг хүмүүс их мэддэг болсон байна. Гэхдээ Монголдоо ирэхээр динозаврын талаарх ойлголт хязгаартай байдаг. 

 

Бид ийм ховор, ШУ-ны чухал, дэлхийд алдартай олдворуудтай мөртлөө өөрсдөө мэдэхгүй байна гэдэг байж боломжгүй зүйл шүү дээ. Тийм учраас энэ тал дээрх мэдлэг боловсролыг олгох хэрэгтэй.

Мөн би өөрөө энэ мэргэжлээ эзэмшиж, сурсан мэдсэн зүйлээ буцаагаад эх орондоо, олон нийт, хүүхдүүддээ зориулж хуваалцах ёстой гэж бодож байна. Хэрэв бид энэ талаар өөрсдөө мэдлэгтэй болвол хүүхдүүдийн хувьд ч ШУ-ыг таньж мэдэх үүд хаалга нээгдэх болно.

- Хууль бусаар олдворууд гадагш гараад байгаа явдлын гол шалтгаан нь юу вэ. Яаж зохицуулах ёстой гэж харж байгаа вэ?

- Олдвор алдагдах асуудал бол цэвэр эдийн засгийн сонирхол байгаа юм. Юу гэхээр олдворыг мөнгөөр зарж болдог юм байна гэсэн ойлголт явж байна. Олдвороо мөнгөөр үнэлээд ирэхээр буруу зүйл гарч эхэлж байгаа юм. Хуулийн хүрээнд үүнийг хамгаалах заалтууд байдаг. Хэрэгжүүлэх тал дээрээ сул байгаа.

Ер нь зөвхөн Монголынх гэлтгүй Хятад, Аргентина, Морокко зэрэг улсад ч олдворууд нь зарагдах тохиолдол гараад байдаг. Гэхдээ энэ дундаас манай Монголын буцаан авах үйл ажиллагаа нэлээн амжилттай явж байгаа.​ 

Манайх шиг ингэж олдворуудаа их хэмжээгээр буцааж авсан тохиолдол одоогоор байхгүй байна. Үүн дээр гол дутагдаад байгаа зүйл нь хүмүүс ач холбогдлыг нь ойлгодоггүй. Олдсон олдворыг сарын хоолны мөнгөний хэмжээгээр зарлаа гэхэд сар л хоол иднэ. Гэтэл үнэт ховор олдвороо алдаад байна шүү дээ. 

Тэгвэл хэрвээ олдвор олсон бол түүнийгээ музейд шилжүүлээд тавья. Ялангуяа орон нутгийн музейд тавья. Тэгээд зарж борлуулах гээд байгаа хүмүүсийг ажлын байраар хангая. Музейд ажлын байртай боллоо гэж бодоход тэр хүн сар байтугай хэдэн жилийн ажлын орон тоотой болж байна шүү дээ.

Бид музейг зөвхөн аймаг сумын хүрээнд хөгжүүлэхэд л үүнийг дагаад аялал жуулчлал хөгжнө. Энэ тал дээр манай хүрээлэн суманд музей барих төсөл эхэлж байгаа. Сум жижиг хэмжээтэй учраас музей барьснаар жуулчдыг татахаас гадна орон нутгийн иргэд ажилтай болоод ирнэ. 

Энэ ажлын хүрээнд бид төслөө юун түрүүнд Өмнөговь аймгийн Булган сумаас эхлүүлэхээр төлөвлөчихсөн байгаа. Булган сумын Баянзагаас олдож байгаа олдворуудыг бид сумын төвд аваачаад музей барьчихвал зөвхөн музейнээс гадна жуулчдыг татах янз бүрийн зүйл барьж байгуулах боломжтой болно.

 

Bayanzag.org хаягаар орвол англи хэлээр энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл оруулсан байгаа. Бид удахгүй Монгол хэлэнд орчуулна. Вэб сайтын хувьд хүүхдүүд, багш нар, эцэг эхчүүд бүгд Монголын динозаврын талаарх ШУ-ны хэвлэгдсэн бүтээлүүд дээр үндэслэсэн танин мэдэхүйн мэдээлэл авах боломжтой. 

Үүнээс гадна жуулчид динозаврын олдвор, шинэ шинэ нээлтүүд, сонирхолтой судалгаанууд зэрэг Баянзагийн талаарх цогц мэдээллийг уншиж болно. Мөн түүхэн мэдээллүүд болон олдвор олсон тохиолдолд хаашаа, хэнд хандах талаар дүрэм журмыг тусгасан байгаа.

- Палеонтологийн үнэт ховор олдворыг хамгаалж авч үлдэхийн тулд яах ёстой вэ?

- Манайхаас их хэмжээний олдворууд хууль бусаар гарч байна. Бид гарч байгааг нь мэдээд байна. Гаргаад байгаа нэг тодорхой эзэн байгаа байх. Гэвч нэг хүнийг бариад шийтгэснээр асуудал шийдэгдлээ гэсэн үг биш шүү дээ.

Тэр хүн шийтгэгдлээ гэхэд нэг хэсэг намжиж байгаад дахиад л энэ хэрэг гарна. Тэгэхээр миний хувьд хууль бус замаар гаргаад байгаа эзнийг олох хэрэгтэй ч үүнээс илүүтэйгээр олон нийтийг мэдлэгтэй болгож, ач холбогдлыг ойлгуулж, оюун ухаан, ухамсарт нь нөлөөлөх дээр анхаарах хэрэгтэй гэж бодож байна. Ховор нандин олдворынхоо талаар мэдэхгүй байгаагаасаа болоод хууль бусаар гадагш гаргах явдал гараад байна шүү дээ.

Хууль дүрмээр бид нэг хүнийг шийтгэлээ гээд тэр үнэт ховор олдворууд буцаад ирэхгүй. Энэ үйлдэл зогсохгүй. Тэгэхээр бид хүний ухамсарт л анхаарлаа хандуулах хэрэгтэй. 

Гарц бол тэр л гэж харж байгаа. Энэ үүднээс бид 2009 оноос хойш орон нутгийн иргэд рүү анхаарлаа хандуулж, динозаврын олдворыг яагаад хамгаалах ёстой тухай ач холбогдолыг нь ойлгуулах зорилгоор танин мэдэхүйн сургалтуудаа хийгээд эхэлчихсэн байгаа.

- Хамгийн сүүлийн үеийн судалгааны ололт амжилтынхаа тухай ярьвал?

- Миний хувьд гэхээс илүү палеонтологийн салбарт сүүлийн үед гарч байгаа шинэ нээлт, ололтууд байна. Тухайлбал Шувуун динозаврын гарал үүслийн холбоо гэсэн энэ онол бол нэлээн давамгайлж гарч ирж байгаа. Үүнийг нотолсон олдворууд Хятадын зүүн хойд хэсэгт байдаг Ляонин мужаас их гарч байна. Энэ нь өдтэй динозаврууд байгаа юм.

Ерөнхийдөө өд хадгалагдаж үлдэнэ гэдэг маш нарийн, голдуу шавар, галт уулын үнс зэрэг нарийн ширхэгтэй чулуулагт үлдсэн байдаг.

Тэгэхээр энэ нь өд өөрөө байна гэсэн үг биш шүү дээ, өднийх нь ором дардас байж байдаг гэж хэлэх гээд байгаа юм. Биеийнх нь аль хэсэгт өд байсан, ясных нь тэр хэсэгт өдний ором үлдсэн байдаг.

Иймэрхүү нарийн сайхан хадгалагдсан олдвор Хятадын нутгаас олдож байгаа юм. Гэхдээ Монголоос олдсон динозаврын олдворууд Хятадын нутгаас олдсон динозавруудтай гарал үүслийн хувьд нэг гэж үздэг учраас Монголоос олдсон динозавруудыг өдтэй байсан гэсэн үг шүү дээ.

 

Энэ бол сүүлийн 15 жилийн хугацаанд Палеонтологийн Шинжлэх Ухаанд гарч байгаа маш том дэвшил байна.

Үүнээс гадна технологийн хөгжлийг дагаад өмнө нь олж нээсэн олдворуудаа эргэж гүнзгий судлах боломж гарч байгаа. Гурван хэмжээст болгож хардаг CT Scan төхөөрөмжийн тусламжтайгаар олдвороо цэвэрлэж эвдэхгүйгээр шууд доторх зургийг нь гаргаж хараад, судлах боломжтой болоод байна.  

- Монгол Улсынхаа музейн хөгжлийг хэрхэн хардаг вэ. Бид олон олдвортой хэдий ч ард түмэндээ дэлгэн үзүүлж чадахгүй л байна?

- Манай Монгол Улсын хувьд музей харьцангуй хөгжиж байгаа. Музейд ажилладаг хүмүүс ч мөн гадагш дотогш яваад, музейгээ хөгжүүлэх гээд их хөдөлмөрлөж байна. Хамгийн гол манай засгийн хувьд хөгжилд нь хувь нэмэр оруулахдаа удаан.

Бодлогын хувьд музейнүүдийг эдийн засгийн тал дээр чөлөөтэй болгох хэрэгтэй. Музейн олсон орлогыг улс авчихдаг. Ингэснээр цаашид хөгжих боломж хязгаарлагдмал болж байгаа юм.

Барууны орнуудад музейнүүд тасалбараараа орлого олдог. Тэгэхээр олон хүн үзэж байж орлого нэмэгдэнэ гэсэн үг шүү дээ. Олон хүн үзүүлэхийн тулд музей олон хэлбэрээр хүмүүсээ татах хэрэгтэй болно. Ингэснээр үйл ажиллагаа сайжирна, үзмэрийн чанар ч сайжирна.

Манай улсын хувьд үүн дээр дэмжиж өгдөггүй. Эдийн засгийн хувьд эрх чөлөөгүй байгаа.

Хэрэв бид ийм эрх чөлөөг олгож өгвөл музейнүүд хоорондоо өрсөлдөнө. Аль болох олон үзэгч авч, орлогоо нэмэгдүүлэхийг зорьж ажиллана. Нэмэгдсэний хэрээр үйл ажиллагаа нь олон нийтрүүгээ хандсан чанартай болж, үзмэрүүдээ ч сайжруулах боломж гарна. Ингээд яваандаа олон улсын стандартын хэмжээнд хүрэх боломжтой болно шүү дээ.

Үүнийг л би гол шалтгаан гэж үзэж байгаа. Тэрнээс музейд ажиллаж байгаа хүмүүс чадлаараа л зүтгэдэг. 

- Музейг хөгжүүлэх нь улс орны хөгжилд ямар үр өгөөжтэй вэ?

- Соёлын өв биднийг Монгол гэдгийг илэрхийлж байна. Соёлын өвийн асуудал гэдэг бол бидний тусгаар тогтнолын асуудал. Хэлээс гадна соёл биднийг Монгол гэдгийг тодорхойлж байна.

Бид үзүүлэх зүйлээр хэнээс ч дутахгүй.

Тэгэхээр үүнтэй холбоотойгоор соёлын өв ялангуяа музейн сан хөмрөгт байгаа соёлын өвөө нээлттэй болгох хэрэгтэй. Хаалттай байна. Үзмэрт тавьж байгаа. Гэхдээ үзмэрт тавьж байгаа эд өлгийн зүйлс, олдворууд нь музейн сан хөмрөгийн ердөө 10% нь л байдаг.

Барууны орнуудад бол нэгэнт үзүүлэх талбай хязгаартай учраас сан хөмрөгт байгаа зүйлүүдээ интернетэд, цахим орчинд байршуулж олон нийт үзэх боломжийг нээлттэй болгож өгдөг.

Манайх сан хөмрөгт байгаа зүйлүүдээ бүгдийг нь цахим орчинд байршуулах хэрэгтэй. Тэгснээр бид тэр хэмжээгээр түүхээ мэддэг болно, тэр хэмжээгээрээ Монгол гэдгээ мэднэ, тэр хэмжээгээр бид соёлын өвөө хамгаалж байна гэсэн үг.

Давхар давхар хаалга цоожлохдоо биш өөрсдийн мэдлэг боловсролоор соёлын өвөө хамгаалах ёстой. Хааж дарахынхаа хэрээр бид оюуны хувьд, өөрсдийнхөө талаарх мэдлэг боловсролын хувьд хоосорч байна шүү дээ.

Тэгэхээр сан хөмрөгийг нээлттэй болгох асуудал музейн хөгжилд нөлөөлөх маш чухал асуудал болно. Түүгээр ч зогсохгүй манай Монгол Улсын тусгаар тогтнолд ч их үүрэг гүйцэтгэнэ.

Түүнийгээ дагаад жуулчдыг татах гэх зэрэг эдийн засгийн ач холбогдол байна. Ийм зүйлүүдийг маш их анхаарах хэрэгтэй гэж би бодож явдаг юм.

- Идэвх сул байгаа музейн хөгжлийг сайжруулахын тулд юу хийх ёстой вэ. Бидэнд ямар ямар боломж бололцоо байна?

- Музейн үзмэрийн хувьд бид боломж бололцоогоор огт дутахгүй. Олдвор, эд өлгийн зүйлсийн хувьд бид маш арвин үнэт зүйл, ховор нандин өвтэй. 

АНУ бол маш богино түүхтэй байтал хэдэн мянган музейтэй. Гэтэл бидний хувьд үзүүлэх зүйл арвинтай, урт удаан хугацааны баялаг түүх байна. Мөн түүхийн талаасаа бусад орнуудтай холбогдож явдаг. Тэгэхээр бид үзүүлэх зүйлээр хэнээс ч дутахгүй.

Гол нь музейн талаас хөгжих сонирхол, боломж бий боловч удаагаад, идэвхгүй байлгаад байгаа шалтгаан нь манай улсын бодлоготой холбоотой. Төр засаг үүн дээр тууштай арга хэмжээ авахгүй бол доорх хүмүүс нь хэчнээн зүтгээд музей хөгжихгүй шүү дээ. 

- Таны цаашдын зорилго?

- Цаашдын зорилгын хувьд юун түрүүнд динозаврын олдворт газруудаа хамгаалалтанд авмаар байна. Хамгаалалтанд авна гэхээр хашаа барина гэсэн үг биш.

Харин нээлттэй болгох хэрэгтэй. Харин ч сайн таниулах хэрэгтэй. Харин ч үүний талаар мэдээлэл түгээж ач холбогдлыг нь ойлгуулах хэрэгтэй. Гэхдээ мэдээж үүнийг тодорхой менежменттэйгээр явуулна шүү дээ.

Мөн аялал жуулчлал гээд эдийн засгийн үр өгөөжийг гаргах хэрэгтэй байна. Зөвхөн гадны хүмүүсийг татах биш дотоодын жуулчлалыг ч дэмжих хэрэгтэй шүү дээ. Зам тээвэр хөгжөөд Монголчууд гэр бүлээрээ аялах нь их болчихсон байна.

Тэр тал дээрх менежментээ зохицуулаад, сонирхолтой түүхийн дурсгалт газруудаа мэдээллээр баяжуулж, хүмүүсийн мэдлэгтэй болгох боловсролтой болгох хэрэгтэй. 

Манай бас нэг том зорилт бол Монголдоо олон улсын стандартад нийцсэн музей барих. Үүнийг бид нэлээн хэдэн жилийн туршид ярьж байгаа, ерөнхийдөө хэрэгжүүлэхэд ойрхон явж байна. Энэ тал дээр бас төрөөс биднийг дэмжих хэрэгтэй.