Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/09/22-НД НИЙТЛЭГДСЭН

2016-2017 оны дэлхийн ШИЛДЭГ их сургуулиудын жагсаалтыг зарлалаа

Б.УЧРАЛ, iKon.mn
2016 оны 9 сарын 22
iKon.MN
Зураг зураг

Дээд боловсролын чиглэлээр тэргүүлэгч Times Higher Education сэтгүүлээс 2016-2017 оны дэлхийн шилдэг их сургуулиудын жагсаалтыг гаргажээ. Жагсаалтад 980 гаруй сургууль орсон байна.

Уг жагсаалтыг гаргахдаа тус сургуулийн судалгаа шинжилгээ, гадаад ертөнцтэй холбоотой байдал буюу хэр олон гадны оюутан суралцуулдаг, багш нар нь хэр чадвартай, сургалтын арга барил нь ямар вэ зэрэг хүчин зүйлсийг харсан гэв. Мөн тус сургуулийн эрдэмтдийн бүтээлийг эш таталт, үйлдвэрлэлийн орлого зэргийг чухалчилсан аж.

Жагсаалтад Их Британийн Оксфордын их сургууль тэргүүлсэн бол АНУ-ын Калифорнийн Технологийн Институт удаалжээ.

 

Жагсаалтыг бүтнээр үзэх бол ЭНД дарна уу

Харин гуравдугаарт Стэнфордын их сургууль, дөрөвдүгээрт Кэмбрижийн их сургууль орсон байна. Жил бүр тэргүүлдэг Массачусетсийн Технологийн Институт болон Харвардын их сургууль тав, зургаадугаар байрт бичигджээ.

Эхний 10 байрны ес нь Их Британи, Америкийн сургуулиуд байгаа бол Швейцарь улсын Цюрихийн Технологийн Институт есдүгээр байрт бичигдсэнээрээ онцлог юм.

Азийн орнуудаас хамгийн дээр буюу 24 дүгээр байрт Сингапурын Үндэсний их сургууль, 29 дүгээр байрт Бээжингийн их сургууль орсон байна.  Мөн Хятадын томоохон сургуулиудын нэг Цинхуа их сургууль 35 дугаар байрт бичигджээ.

Үүнээс гадна Хонг Конгийн зургаан шилдэг сургуулиуд жагсаалтад багтаж чадсан хэмээн мэдээллээ.

Эх сурвалж: Timeshighereducation.com