Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/09/21-НД НИЙТЛЭГДСЭН

25-40 насны 90 манлайлагч залууг шалгаруулж LEAD Mongolia хөтөлбөрт хамруулна

Б.Ану
2016 оны 9 сарын 21
iKon.MN
Зураг зураг

“World Learning” ТББ нь АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагтай хамтран LEAD Mongolia (Leaders Advancing Democracy) хөтөлбөрийн албан ёсны нээлтийг өнөөдөр хийлээ. 

АНУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Женифер Зимдал Галтын санаачлагаар Монгол Улсад ардчиллыг бэхжүүлэх манлайлагчдын шинэ үеийг бэлтгэх зорилгоор LEAD Mongolia хөтөлбөрийг анх боловсруулсан юм. 

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри Монгол Улсад энэ оны зургаадугаар сарын 5-ны өдөр хийсэн айлчлалын үеэр энэхүү хөтөлбөрийн талаар мэдэгдсэн бөгөөд тэрбээр улс, эх орондоо ардчиллыг бэхжүүлэх үйл хэрэгт өөрсдийн дуу хоолойг нэгтгэхийг Монголын залуу манлайлагч нарт уриалсан билээ.

Тус хөтөлбөрийн гарааг тэмдэглэж улмаар залуу манлайлагч нарыг хөтөлбөрт хамрагдахыг дэмжих зорилго бүхий нээлтийн арга хэмжээг өнөөдөр зохион байгууллаа.

“Энэхүү чухал санаачлагад АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагтай хамтрах болсон нь бидний хувьд нэр төрийн хэрэг” гэж World Learning ТББ-ын Ерөнхийлөгч Кэрол Женкинс хэлсэн юм.

Түүнчлэн "Нийгэмдээ тэргүүлэгч Монголын залуу манлайлагчдад эерэг өөрчлөлтийг бий болгох, өөрсдийн зорилго, алсын харааг хэрэгжүүлэн бодитоор хэрэгжүүлж, баяжуулан, өргөжүүлэх боломж, түншлэлийг манай хөтөлбөрийн хүрээнд бий болгох юм. Үүнийг төрөл бүрийн манлайллын сургалтын хөтөлбөр, олон улсын солилцоо болон иргэний боловсролын хөтөлбөрүүдээр дамжуулан хэрэгжүүлэх болно” хэмээв.  

Кэрол Женкинс тус нээлтийн арга хэмжээнд оролцохоор Вашингтон Ди Си хотоос хүрэлцэн ирж арга хэмжээний үеэр АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Женифер Зимдал Галтын хамт үг хэлсэн юм.

Ирэх хоёр жилийн хугацаанд LEAD Mongolia хөтөлбөрийн хүрээнд төрөл бүрийн салбарын төлөөлөл болох 90-н шинэ үеийн манлайлагчтай ажиллах бөгөөд ингэхдээ Монголын залуу манлайлагчдыг бүс нутгийн бусад манлайлагч нартай холбох, түүнчлэн ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн багш нарт зориулсан иргэний боловсрол олгох сургалтын хөтөлбөр боловсруулах ажлыг мөн хэрэгжүүлнэ.

World Learning ТББ нь энэхүү хөтөлбөрийг Бүгд Найрамдахчуудын Олон Улсын Хүрээлэн (БНОУХ) болон Иргэний Боловсролын Төвтэй (ИБТ) хамтран ажиллаж, хөтөлбөрийн зорилтуудыг биелүүлэх юм байна. 

Эхний жилийн хувьд 30 манлайлагч залуусыг шалгаруулж хөтөлбөрт хамруулах бөгөөд АНУ-д очиж боловсролын хөтөлбөрт хамрагдах учир тодорхой англи хэлний мэдлэгтэй залуусыг шалгаруулах аж. 

“Манай хөтөлбөрт хамрагдах манлайлагчид Монгол Улсад эерэг өөрчлөлтийг авчрах чин эрмэлзэл, зорилго бүхий 25-40 насны залуус байх юм. Бид өөрчлөлтийг авчрах шинэ үеийн манлайлагчдыг дэмжихийг хүсч байгаа бөгөөд тэдний манлайллын ачаар нийгэм дэх тоомжиргүй, идэвхгүй байдлыг эвдэх улмаар улс орны ардчиллын замналыг амжилтанд хүргэх нэгдмэл зорилгыг төлөвшүүлэхийг зорьж байна. Түүнчлэн бид хөтөлбөртөө нийгмийн давхарга, салбар, төрлөөс үл хамааран чадварлаг бүх залуусыг хамрагдахыг уриалж байна.

 Тийм ч учраас бид хөтөлбөрөө танилцуулан хувь хүн, иргэний нийгмийн идэвхтэй оролцогчид, бодлого болон жендэрийн асуудлыг боловсронгуй болгоход анхаарч ажилладаг хүмүүс, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих байгууллагууд, LGBTI буюу ижил хүйстэн, бисексуаль, трансжендер, интерсексуаль хүмүүсийн эрхийг хамгаалах бүлгүүд зэрэг нийгмийн төрөл бүрийн давхарга, сонирхлын төлөөлөл бүхий байгууллагуудыг чухалчлан уулзсан юм” хэмээн LEAD Mongolia төслийн удирдагч Адам ЛеКлэйр тодотгон хэлсэн.

“World Learning” олон улсын ашгийн бус байгууллага нь манлайллыг дэмжих, хүмүүсийг чадавхжуулах, байгууллагуудыг бэхжүүлэх чилгэлээр дэлхийн 75 гаруй оронд боловсрол, хөгжил болон солилцооны хөтөлбөрүүдээр дамжуулан ажиллаж байна. Монгол Улсад 2000 оноос хойш SIT Гадаадад суралцах хөтөлбөр болон олон улсын солилцооны хөтөлбөр хэрэгжүүлж ирсэн туршлагатай юм.

Эхний хөтөлбөрт хамрагдах залуусын өргөдлийг аравдугаар сарын 14-н хүртэл хүлээн авах юм байна. 

Хэрвээ ТА энэхүү хөтөлбөрт хамрагдахыг хүсвэл дараах хаягуудтай холбогдож холбогдох өргөдлийг бөглөж хөтөлбөрт оролцоно уу. 

ХОЛБОО БАРИХ ХАЯГ: 

ФЭЙСБҮҮК:   https://www.facebook.com/LEADMongolia/

Цахим шуудан: LEADMongolia@worldlearning.org. “World Learning” ТББ-ын олон улсад хэрэгждэг бусад хөтөлбөрүүдийн талаарх мэдээллийг www.worldlearning.org цахим хуудаснаас авна уу.