Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/09/19-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол эмэгтэйтэй зүй бусаар харьцсан Хятадын гаалийн байцаагчийг ажлаас нь чөлөөлжээ

А.Төгөлдөр, iKon.mn
2016 оны 9 сарын 19
iKon.MN
Зураг зураг

Олон нийтийн сүлжээгээр 2016 оны 9 дүгээр сарын 17-ны өглөө БНХАУ-ын Эрээн хотын гаалийн байцаагч болон монгол эмэгтэй хоорондын зөрчилдөөний талаарх зураг, бичлэг цацагдаад байсан билээ.

Уг асуудлыг тодруулахаар Монгол Улсаас БНХАУ-ын Эрээн хотод суугаа Консулын газар Эрээн хотын Гаалийн цагдаагийн газрын удирдлагатай холбогдон ажиллаж байгаа бөгөөд Хятадын талын өгсөн мэдээллээр Хөх хотын Гаалийн дарга яаралтай шалгах үүрэг өгсний дагуу Эрээн хотын Гаалийн газрын дарга уг хэргийг шалгаж байгаа ажээ.

Монгол эмэгтэйтэй зүй бусаар харьцсан Хятадын гаалийн байцаагчийг одоогийн байдлаар ажлаас нь чөлөөлжээ. Мөн ахлах байцаагч, тасгийн даргад нь хариуцлага тооцсон байна. Эрээн дэх Консулын газрын зүгээс хятадын тал хэргийг шалгах ажиллагаа дууссаны дараагаар нэмэлт мэдээлэл авахаар ажиллаж байгаа аж.

Сэрэмжлүүлэг
Энэ дашрамд иргэдэд сэрэмжлүүлэхэд сүүлийн үед Эрээн хотын авто замын боомтын орох талд Монгол иргэд татвараас зугтах зорилгоор барааг бусдад дайж оруулдаг, наймаа хийдэг үйлдэл нэмэгдэж байгаатай холбоотойгоор Хятадын гаалийн байгууллагаас тухайн тохиолдол бүрийг Эрээн хотын Улаанхад дүүргийн цагдаагийн газарт мэдэгдэж, хариуцлага тооцуулж байхаа мэдэгдсэн. Иймд манай иргэд Хятадын гаалийн байгууллагын хууль ёсны шаардлагыг биелүүлж байхыг анхаарууллаа.


Эх сурвалж: ГХЯ