Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/09/15-НД НИЙТЛЭГДСЭН

Монголчууд: Дэлхийг эрхшээсэн морьтон дайчдын гүрэн номын хэсгээс XIII зууны гэр бүл хэмээх ойлголт

МОНСУДАР
2016 оны 9 сарын 15
iKon.MN

Монсудар хэвлэлийн газраас эрхлэн гаргадаг Монголчууд цувралын IV болох Монголчууд: Дэлхийг эрхшээсэн морьтон дайчдын гүрэн нэртэйгээр хэвлэгдэн гарсан. Энэхүү номыг XII-XVII зууны үеийн номнуудын чимэглэл зургаар баяжуулан бүтээжээ. 


Гэр бүл 

Нүүдэлчин монголчуудын нийгэм үндсэндээ язгууртан болон энгийн иргэдээс бүрдэж, суурьшмал нийгмийн адил хатуу тогтсон анги, давхарга бус байв. Энгийн иргэд гавьяа байгуулсан тохиолдолд ноёдын зэрэгт хүрэх боломжтой байснаараа тухайн цаг үедээ нийгмийн шинэчлэлийг бий болгожээ. Бэлчээрийн мал аж ахуй эрхлэгч нүүдэлчин иргэд бусад бүх төрлийн нүүдэлчдээс дайчин байсан бөгөөд ямар ч малчин цэрэг болох боломжтой байжээ.

 
Бэр буулган яваа нь, Нүүдэлчин лимбэний 18 аялгуу номын чимэглэл зураг, Сүн улсын үе.

Уг цэрэг иргэний зохион байгуулалт нь бусад нийгэм, иргэншлийг амжилттай байлдан дагуулах давуу талтай байв. Их Монгол улсын үед гэр бүл нь нийгэм, эдийн засгийн төв болж байв. Энэ үед нүүдэлчин монголчууд орон зайн хувьд тархай бутархай байсан ба угсаа гарвал, улс төр, эдийн засаг, соёлын хувьд өөр хоорондоо ялгаатай харьцангуй жижиг, цөөн хүн амтай нэгдлүүдээс тогтож, тэдгээр нь байнгын зөрчил тэмцэл дунд оршиж байв.

Эл нөхцөл байдлаас шалтгаалан нийт монгол-түрэг нүүдэлчдэд эцгийн эрхт ёс, полигами, бүр тодруулбал полигини (олон эхнэртэй) гэр бүлийн хэлбэр түгээмэл байсан байна. Плано Карпини зэрэг гадны жуулчид тэжээж чадах хэмжээгээр зуу, тавь, арав гэх мэтчилэн олон цөөн эхнэртэй байдгийг олонтоо дурдсан байдаг.

Сурвалж бичгүүдэд моногами (ганц эхнэртэй) ёс үйлчилж байсан тухай баримт байдаггүй бөгөөд ийм гэр бүлийн хэлбэр зөвхөн язгууртнуудын дунд онцгой тохиолдолд орших боломжтой  байжээ. Тухайн цаг үед гэр, ураг, овог гэх мэтээр нэрлэж байсан гэр бүл нь хүн бүрийн оршихуйн гол төв болж байв.

Бодончар Мунхаг урагт эс тоогдон ганцаар алс явахдаа Үхвээс үхсүгэй, оршвоос оршсугай хэмээн хэлж байдаг нь тухайн цаг үед ямар ч гэр бүлд хамаарагдахгүй, ганцаар бие дааж амьдрах боломжгүй байсныг илтгэнэ. Гэр бүлийн гишүүн бүр гэрийн амь зуулга, гэр бүлийн сайн сайхан, нийгмийн байр суурьд санаа зовдог байв. Гэр бүлийн гишүүдэд эхнэр, нөхөр, хүүхдүүдээс гадна нөхрийн эцэг эх, ах дүү, хамаатан садан бүгд багтдаг байжээ. Энэ үед гэр бүл нь өнөөгийн өрх гэсэн ойлголттой илүү төстэй байв.

 
Чаби хатан хоол хийж буй нь, Рашид ал-Дин, Судрын чуулган номын чимэглэл зураг, XIV зуун.

Гэр бүлийн зохион байгуулалт

Эцгийн эрхт ёс нь ясан төрлөө дагаж гэр бүлийн зохион байгуулалтад ордог учраас гэрийн эцэг хүн гэр бүлийн тэргүүнд тооцогдож, түүний үгийг дагаж гэр бүлийн амьдрал явагддаг байжээ. Монголын эзэнт гүрний үеэс эцэг хүнийг гэрийн эзэн хэмээн нэрлэж тэнгэртэй зүйрлэн “эцэг тэнгэр” хэмээсээр иржээ. Гэр бүлийн гишүүд гэрийн эзнийг ихэд хүндэлдэг, түүний эд зүйл, унтах ор зэргийг гэрийн хойморт тавьж, идээ ундааны дээжийг өгдөг байв.

Гэр бүлийн гишүүд гэрийн эзний өвөг дээдэст хүндэтгэл үзүүлэн тогтмол хугацаанд тайлга, зан үйл гүйцэтгэдэг байсан. Уг зан үйлийг ихсийн тайлга хэмээн нэрлэж тайлгад зориулан тусгай идээ бэлтгэн хүртдэг ёстой байв. Өвөг дээдсээ хүндэтгэх тайлга гэр бүлийн хамгийн чухал зан үйлүүдийн нэг юм. Хэдийгээр эцгийн эрхт ёс давамгайлж байсан ч гэр бүлийн дотор эхнэр хүний байр суурь багагүй байв. Энгийн тохиолдолд эхнэр хүнийг “эм” гэх буюу “гэргий” хэмээдэг; язгууртнуудын дунд “хатан”, хэрэв үр хүүхэд төрүүлсэн бол “эх” гэж нэрлэдэг байв.

Өнөөгийн монгол хэлэнд буй “эхнэр” гэдэг нь эх гэдэг үгийн олон тооны нар/нэр нөхцөл авсан хэлбэр бөгөөд цаг хугацааны явцад нийлж нэг үг болсон хэмээн эрдэмтэд тайлбарладаг. Олон тооны нөхцөл монгол хэлэнд үлдэж хоцорсон нь эрт үеийн полигини буюу олон эхнэр авдаг байсан ёстой холбоотой юм. Их Монгол улсын үед эцэг хүнийг тэнгэртэй зүйрлэдэг байсан шиг эх хүнийг газартай зүйрлэж, Этүгэн/Натигай эх зэргээр хүндэтгэн нэрлэж, тусгай зан үйл гүйцэтгэдэг байв.

Дагур, барга, буриад монголчуудын дунд XX зууны дунд үе хүртэл этүгэн эхэд мөргөх зан үйл хэвээр байсан. Эхнэрүүд дундаас хамгийн түрүүнд авсан авааль эхнэр, их хатан нь гэр бүлд хамгийн хүндтэй байр суурь эзэлдэг байжээ. Эхнэр болгон өөрийн өргөө гэртэй бөгөөд буудаллан буух үед их эхнэр хамгийн баруун урд талд гэрээ барьна. Түүний хойно бусад эхнэрүүд гэрээ барьсаар хамгийн сүүлчийн эхнэр зүүн урд талд гэрээ барьна.

Эхнэрүүдийн тоонд мөн татвар эмс байсан бөгөөд тэд, тэдний үр хүүхдүүд ба албан ёсны эхнэрүүдийн хооронд төдийлөн их ялгаа байдаггүй.