Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/09/14-НД НИЙТЛЭГДСЭН

Монголын Ил хаадын тухай судалгааны бүтээлийг танилцууллаа

А.Ням-Өлзий, iKon.mn
2016 оны 9 сарын 14
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэмжлэгтэйгээр үндэсний түүх, соёлын чиглэлээр хэрэгжүүлсэн гурван төслийг өнөөдөр олон нийтэд танилцууллаа. 

  • “Монгол-Ил хаадын судалгаа”
  • “Монгол Алтайн магтаал”
  • “Монгол цуурын аялгуу” хэмээх гурван төслийг эрдэмтэн, судлаачид Монгол Улсын Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлж нээлтээ хийж буй нь энэ юм. 

Монгол-Ил хаадын судалгаа төслийн талаар доктор, профессор Д.Баярсайхан (D.PHIL, Оксфордын их сургууль) танилцуулсан юм. Тэрбээр дээрх сэдвийн хүрээнд эрдэмтэн, судлаачидтай хамтран хоёр ном, нэг баримтат кино бүтээжээ. 

 

Профессор Д.Баярсайхан “Энэ хоёр номын бичихэд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар таатай хүлээн авч, дэмжих болсонд талархаж байна. Бид Ил хаадын түүхийг энэ номоор гаргах гэж оролдсон юм. 

Хэлний талаас нь аваад үзвэл Ил гэдэг нь газар орон нутаг, овог гэдэг утгатай. Тэгэхээр Ил хаад гэдэг нь газар нутаг, овогийн эзэмшиж байсан хаадууд байж болно. Эсвэл Их хаандаа харьяатай хаадууд байсан байж болох юм.  

Энэ ажил маань хоёр ном, нэг баримтат кинонд багтсан. Энэ төслийг хэрэгжүүлэх явцаа бид баримтжуулан баримтат кино хийсэн. Энэ киноны зохиогчийн эрх авах гэтэл “Их хаадын судлал” гээд цааш нь явуулчихсан байсан. “Ил хаадын судлал” гээд засуултал “Их лаадын судлал” гээд биччихсэн байсан. Үүнээс хараад түүхч, судлаачдаас бусад өнөө үеийнхэнд Ил хаад гэдэг ойлголт тогтоогүй юм байна гэж дүгнэсэн. 

Тиймээс “Хүлэгү хаанаас Абу Са'ид хүртэл Ил-хаадын тухай өгүүллүүд” гэсэн нэг сэдэвт бүтээл гаргах болсон” хэмээв. 

"Хүлэгү хаанаас Абу Са'ид хүртэл: Ил-хаадын тухай өгүүллүүд" хэмээх эхний дэвтэрт Ил-хаант улсын талаар өгүүлэх бөгөөд Ил-хаан бүрийг тухайн үеийн улстөр, гадаад дотоод байдал, шашин соёлын хүрээнд авч үзсэн байна. 

Харин хоёр дахь дэвтэр болох "Ил-хаадын судлал: Шинэ хандлага" бүтээлд Ил-хаадын судлалаар ажиллаж байгаа 18 орны эрдэмтдийн оролцсон олон улсын эрдэм шинжилгээний хуралд хэлэлцүүлсэн өгүүллийн эмхэтгэсэн байна. 

Ил хаадын судалгааны төслийн гуравдах хэсэг нь "Ил хаадын судлал: Шинэ хандлага" нэртэй баримтат кино юм. Уг кинонд Ил хаадын тухай эрдэм шинжилгээний материалуудыг баримтжуулан багтаажээ. 

Дээрх бүтээлийг туурвисан Д.Баярсайхан “Ил хаадыг судлахын тулд Исламын шашинтай улсад очиж ажиллах их хэцүү юм билээ. Тиймээс залуу судлаачдынхаа судалгаанд хувь нэмрээ оруулах үүднээс энэ номын бүтээсэн. 

Үндэсний соёл, түүхийн чиглэлээр хэрэгжүүлсэн гурван төслийг хоёр дахь “Монгол Алтайн магтаал” юм.  

 

Монголчуудын бүтээсэн оюуны соёлын үнэт өвийн нэг болох Монгол Алтайн магтаалыг хойч үедээ язгуур хэв шинжээр нь өвлүүлэн үлдээх зорилгоор энэхүү төслийг хэрэгжүүлсэн байна. 

Монгол тууль хайлах урлагийн сонгодог шинж чанарыг хадгалсан “Монгол алтайн магтаал”-ыг ая дангийн хамт цомогт буулгаснаар үндэсний өв соёлоо ирээдүй хойч үедээ сургах, сурталчлах, заан сургахад чухал алхам болжээ. “Монгол алтайн магтаал”-ыг  Монгол Улсын Төрийн соёрхолт туульч Б.Авирмэдийн хүү туульч А.Балдандорж хайлсан байна. 

Харин гурав дахь төсөл болох “Монгол цуурын аялгуу”-г нэрт цуурч Паарайн Наранцогтын ач хүү Б.Наранбат цуурдаж цомогт бичүүлжээ. 

 

Цуур хөгжим нь Монголчуудын өвөг Хүннү гүрний язгуур хөгжмийн зэмсгийн нэг юм. Цуур хөгжим өдгөө Монгол Улсын Урианхай угсаатны бүлэгт түлхүү уламжлагдан хадгалагдаж үлдсэн байна.

Энэ хөгжим нь 2009 онд ЮНЕСКО-гийн соёлын биет бус өвийн яаралтай хамгаалах шаардлагатай өвийн жагсаалтад орсон Монголын урлагийн нэгэн томоохон төрөл юм.