Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/09/14-НД НИЙТЛЭГДСЭН

Красноярскт усанд живсэн Монгол иргэний цогцсыг олсон талаар ОХУ-ын талаас мэдэгджээ

С.Бадрал, iKon.mn
2016 оны 9 сарын 14
iKon.MN
Зураг зураг

Гадаад Харилцааны Яамны Консулын газраас гадаад хилийн чанадад түр болон удаан хугацаагаар ажиллаж, амьдарч буй монгол иргэд гэмт хэрэг зөрчилд холбогдох, аваар осолд өртөх, эд хөрөнгө, эрүүл мэнд, амь насаараа хохирох асуудлын талаар өгсөн мэдээллийг хүргэж байна.

Красноярск хотод усанд живсэн хоёр дахь иргэний цогцсыг олжээ

ОХУ-ын Красноярск хотноо 2016 оны наймдугаар сарын 30-ны өдөр Монгол Улсын хоёр иргэн усанд живж амь насаа алдсан хэрэг гарсан.

Хэрэг гарсан даруйд буюу 2016 оны  есдүгээр сарын 1-нд Гадаад харилцааны яамны зүгээс Эрхүү дэх Ерөнхий Консулын Газраар дамжуулан ОХУ-ын ГХЯ-ны Красноярск дахь төлөөлөгчийн газарт эрлийн ажлыг шуурхай явуулах хүсэлт тавьсны дагуу нэг иргэний /талийгаач О/ цогцсыг олж, нөгөө иргэний /талийгаач Д/ цогцсыг хайх ажиллагаа явагдаж байсан. Харин өчигдөр хоёр дахь иргэний цогцсыг олсон тухай Оросын талаас урьдчилсан байдлаар мэдэгджээ.

Талийгаач О-гийн цогцсонд хийсэн задлан шинжилгээний дүгнэлт гарсан ба ямар нэгэн гадны нөлөөгүй болох нь тогтоогдсон байна.

Хилийн чанадад гэмт хэрэгт холбогдсон буюу ял эдэлж буй монгол иргэд

Хилийн чанадад түр болон удаан хугацаагаар ажиллаж, амьдарч буй иргэд, мөн хувийн болон албан хэргээр зорчсон монгол иргэд гэмт хэрэг зөрчилд холбогдох, аваар осолд өртөх, эд хөрөнгө, эрүүл мэнд, амь насаараа хохирох явдал гарсаар байна.

2016 оны эхний есөн сарын байдлаар хилийн чанадад манай улсын 246 иргэн гэмт хэрэгт холбогдож, 13 улсад нийт 99 монгол иргэн ял эдлэж байна. 

Швейцарь, Франц, Австри, Канад, ХБНГУ, Япон, БНЧУ, ИБУИНВУ-д ял эдлэж буй иргэдийн үйлдсэн хэргийн талаар тухайн улсын хуулиар хувь хүний мэдээллийг өөрсдийнх нь зөвшөөрөлгүйгээр өгөхгүй гэсэн үндэслэлээр ЭСЯ-дад тодорхой мэдээлэл өгдөггүй байна.

Энэ талаар Консулын Газрын захирал Я.Ариунболд “Хилийн чанадад болж байгаа байгаа манай иргэд гэмт хэрэгт холбогдож байгаа болон гэмт хэргийн хохирогч болж байгаа асуудал бол гадаадад зорчиж байгаа иргэдийн тооноос хамаарч хэлбэлзэлтэй байгаа. Эдгээр гэмт хэргийн ихэнх нь хулгай, танхайн хэрэг байдаг.

Бид энэ асуудал дээр тухайн улсад энгийнээр оршин суугаа иргэдийн нэр хүндийг хадгалах, Монгол Улсын нэр хүндийг сэвтүүлэхгүй байх, нэг ч гэсэн хүн энэ гэмт хэргээс өөрийн ёс зүй, хүмүүжил ухамсраар хол байхыг уриалж байх тал дээр анхаарч байгаа. 

Иргэдийг гэмт хэрэгт холбогдуулахгүй байх үүднээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг бүхий л чиглэлээр авч байна. Гэмт хэрэгт холбогдсон хүмүүсийн мэдээллийг цагдаа, прокурорын байгууллагуудын хамтын ажиллагааны хүрээнд солилцож ажиллаж байгаа” хэмээн тайлбарлалаа. 

Монголд гэмт хэрэгт холбогдсон буюу ял эдэлж буй гадаад иргэд
Цагдаагийн Ерөнхий Газар, Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий Газраас ирүүлсэн мэдээллээр 2016 оны есдүгээр сарын 12-ны байдлаар Монгол Улсын нутаг дэвсгэрт гадаадын 34 иргэн гэмт хэрэгт холбогдон шалгагдсаны дотор БНХАУ-ын 17 иргэн, БНСУ-ын 6, ОХУ-ын 4, АНУ-ын 3, Вьетнам, Унгар, ХБНГУ, Израль улсын тус бүр нэг иргэн байна. 

Түүнчлэн өнөөдрийн байдлаар гадаадын 20 иргэн баривчлах, цагдан хорих байранд хоригдож байгаа бол долоон улсын 22 иргэн ял эдлэж байна.

Харин гэмт хэрэгт өртөж хохирсон гадаадын иргэдийн тухайд 96 иргэн гэмт хэрэгт өртөж хохирсон байна. Үүнд БНХАУ-ын 34, БНСУ-ын 16, ОХУ-ын 12, Вьетнам улсын 8, АНУ-ын 5, Франц улсын 3, Энэтхэг,Малайз, ХБНГУ, Япон улсын тус бүр 2, Австрали, Армени, Украйн, Перу, Польш, Австри, Швейцарь, Бельги, Турк, Англи улсын тус бүр нэг иргэн бүртгэгдсэн ажээ. 

Хилийн чанадад нас барсан иргэдийн мэдээлэл 

2016 оны эхний есөн сарын байдлаар хилийн чанадад 45 иргэн нас барсан бөгөөд нас баралтын шалтгаанаар авч үзвэл өвчний улмаас 16, ослын улмаас 19, золгүй тохиолдлоор 8, гэмт хэргийн улмаас 1, амиа хорлолтын улмаас 3 хүн нас баржээ.

Харин улсаар нь авч үзвэл БНСУ-д 20, БНХАУ-д 15, АНУ-д 3,  ОХУ-д 3, Бельги, Энэтхэг, Вьетнам, Австри, Швейцарь, Польш зэрэг улсад тус тус нэг иргэн нас барсан байна.