Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/09/13-НД НИЙТЛЭГДСЭН

“Ард даатгал” ХХК хүүхэд аюулгүй орчинд суралцахад хувь нэмрээ оруулж байна

Б.Бадамгарав, IKon.mn
2016 оны 9 сарын 13
iKon.MN
 

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын аюулгүй орчинд суралцах, гэмт хэрэгт холбогдох, өртөхөөс сэргийлэх зорилгоор 2013 оноос эхлэн “School police” хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн билээ. 

Өнөөгийн байдлаар хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн 180 гаруй сургуульд өдөрт дунджаар 1,600 орчим эцэг, эх эргүүлд гарч байгаа юм. 
Эргүүл гарч буй эцэг, эхчүүдэд эн тэргүүнд хантааз, шүгэл, дохиур зэрэг хэрэглэгдэхүүнүүд шаардлагатай байдаг.

Эдгээрийн зардлыг Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас санхүүжүүлдэг. Хантааз нь хоёр жилийн эдэлгээт хугацаатай ч эргүүл хийх явцад  танхай, дээрмийн хэргийг таслан зогсооход хантааз урагдаж, гэмтэх асуудал гардаг. Иймээс жил бүр нөхөн олголт хийдэг гэдгийг Монголын сурагчдын холбооны нарийн бичгийн дарга Г.Төгсөө хэлж байлаа. 

Ийнхүү хантааз, эргүүл хийхэд шаардлагатай бусад хэрэгслийг олгоход зарим тохиолдолд бизнесийн байгууллага хамтарч ажилладаг байна. 1994 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж буй “Ард даатгал” ХХК нийгмийн хариуцлагынхаа хүрээнд өнөөдөр эргүүлийн хантааз, дохиур, шүгэл болон шинэчилсэн журмын самбар зэргийг нийслэлийн зарим сургуульд жишиг болгон өгч байна. 

Энэхүү арга хэмжээний талаар “Ард даатгал” ХХК-ийн салбарын захирал Б.Янжмаагаас тодрууллаа.

Б.Янжмаа: Хүүхэд аюулгүй орчинд суралцах боломжоор хангахад өөрсдийн хувь нэмрийг оруулахыг зорьж байна

 

- “School police” хөтөлбөрийг хэрхэн дэмжин ажиллаж буй талаараа дэлгэрүүлэхгүй юү?

-“Ард даатгал” ХХК үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн 20 гаруй жилийн хугацаанд нийгмийн хариуцлагынхаа хүрээнд олон ажлыг хийж хэрэгжүүлж байна.

Үүний нэг нь Монголын сурагчдын холбоотой хамтран “School police” хөтөлбөрийн хүрээнд хантааз болон бусад хэрэгсэл, журам бүхий самбар зэргийг ивээн тэтгэж, сургуулиудад хүлээлгэн өгч буй явдал.

Энэхүү үйл ажиллагааны зорилго нь бидний ирээдүй болсон үр хүүхдүүдийн эрүүл, аюулгүй орчинд сурч боловсрол боломжоор хангахад өөрсдийн хувь нэмрийг оруулах. Мөн гэнэтийн ослоос урьдчилан сэргийлэх даатгалын ач холбогдлыг эцэг, эхчүүд, сургуулийн удирдлагуудад сурталчлан таниулж байна. 

-Гэнэтийн ослын даатгал гэж чухам юу вэ. Даатгуулсны ач холбогдлыг та тайлбарлавал?

-Хэлж ирдэггүй, хийсч ирдэг гэнэтийн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, өртсөн тохиолдолд үүсч болзошгүй санхүүгийн хүндрэлийг даван туулахад даатгалын гол ач холбогдол оршдог. Манайд гэнэтийн ослын даатгалын олон төрөл бий. Үүнээс бид хүүхдийн гэнэтийн ослын даатгалыг илүүтэй танин мэдүүлэхийг зорьж байна.

Сүүлийн үед зам тээврийн осолд хүүхдүүд өртөх нь ихэссэн байна. Тодорхой нэг жишээ хэлэхэд, хичээлийн шинэ жил эхлээд удаагүй байхад 10 гаруй хүүхэд зам тээврийн осолд өртсөн байна. Хаана, хэзээ осол аюул гарахыг хэн ч хэлж мэдэхгүй. Тиймээс болзошгүй аюулаас сэргийлэхийн тулд даатгал бидэнд чухал хэрэгтэй. 

“Ард даатгал” ХХК-ийн хамт олон нийслэлийн долоон дүүргийн 20 гаруй сургуульд эргүүлийн хэрэгслүүдийг хүлээлгэн өгч буй. Үүнийг нэг нь нийслэлийн “Эрдмийн өргөө” цогцолбор сургууль юм. Энэ сургууль 3,700 гаруй сурагчтай бөгөөд өдөрт 12 эцэг, эхийг сургуулийн орчимд эргүүл хийлгэдэг байна.

“School police” хийх эцэг, эхэд цалинтай чөлөө өгдөг учраас эцэг, эх эргүүл хийхэд ямар нэгэн асуудал гардаггүй, харин ч хүүхдүүдийнхээ төлөө идэвхтэй ажилладаг гэдгийг тус сургуулийн нийгмийн ажилтан Э.Уртнасан хэлж байлаа. “Эрдмийн өргөө” цогцолбор олон сурагчтай учраас зам дээр 3, сургуулийн орчимд 9 эцэг, эхийг эргүүлээр ажиллуулдаг гэлээ.

Монголын сурагчдын холбооны нарийн бичгийн дарга Г.Төгсөөгөөс “School police” хөтөлбөрийн хэрэгжилтийн явцын талаар зарим зүйлийг тодрууллаа. 

Г.Төгсөө: Жилд  500-600 орчим хантааз тогтмол шаардлагатай болдог

 

-“School police” хөтөлбөр энэ жилээс эхлэн орон нутагт хэрэгжиж эхэлж байгаа?

-“School police” нь 2013 оны аравдугаар сарын 25-ны өдрөөс Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас баталсан журам тогтоолыг үндэслээд Монголын Сурагчдын холбооны дэргэд “School police” төв гэж байгуулагдсанаар үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн.

Энэ жилээс зөвхөн нийслэлийн хэмжээний сургуулиудад хэрэгжих биш улсын хэмжээнд явуулбал зүй зохистой юм байна гэдэг саналыг дэвшүүлэн Дархан-Уул, Орхон, Сэлэнгэ, Өвөрхангай гэх мэтчилэн олон аймагт хөтөлбөрөө хэрэгжүүлж эхэлсэн.

-Хөтөлбөрийн хэрэгжих журам орсон өөрчлөлтийн талаар?

-2015 оны аравдугаар сарын 16-ны өдөр журамд зарим өөрчлөлтийг оруулсан. Тухайлбал, сургуулийн ойр орчимд эргүүлийн тоог олшруулах бодит шаардлага байсан учраас замын хөдөлгөөн дээр хоёр эцэг, эх, сургуулийн ойр орчмын 500 метр талбайд үдээс хойших ээлжид 4, үдээс өмнөх ээлжид 4 эргүүл гаргахаар болсон. 

-Хантааз, бусад хэрэгслийн зардлыг ямар газар хариуцдаг вэ?

-Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас санхүүждэг. Хөтөлбөр хэрэгжүүлэх хүрээнд Улаанбаатар хотын цагдаагийн газар, Замын цагдаагийн газар, Цагдаагийн ерөнхий газартай хамтран ажиллаж байна. Шаардлагатай тохиолдолд бизнесийн байгууллагуудтай хамтран ажиллаж байна.

“Ард даатгал” ХХК-ийн хувьд нийгмийн хариуцлагынхаа хүрээнд  сурагчдыг зам тээврийн осол, гэнэтийн осол, хорт зуршилд уруу татагдахаас урьдчилан сэргийлэх зорилгоор хамтран ажиллая гэж санал тавьсан. Үүний үндсэн дээр журам бүхий самбар, хантаазын хамт үнэ төлбөргүй хэвлэн, сургуулиудад өгч байгаад баяртай байна.

-Жилд хэчнээн хантааз шаардлагатай болдог вэ?

-Нийслэлийн хэмжээнд 200 орчим сургууль бий. Нэг сургууль 4-8 эргүүл гаргадаг гэж тооцоход жилдээ 500-600 орчим хантааз шаардлагатай болдог.

Хантаазны эдэлгээт хугацаа хоёр жил гэж заадаг боловч эргүүл гүйцэтгэж явахад танхай дээрмийн гэмт хэрэгтэй тэмцэх явцад хантааз урагдаж, гэмтэх гэх мэтчилэн эрсдэл гарахад нэмэлтээр олгодог. 

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг