Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/09/09-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол Улсаас АНХ удаа дөрвөн тамирчин "Пушкаш Академи"-д суралцахаар боллоо

Г.Цэнд-Аюуш, iKon.mn
2016 оны 9 сарын 9
iKon.MN
Зураг зураг

Дэлхийн алдарт хөлбөмбөгчин, Аваргуудын Лигийн гурван удаагийн аварга, Унгарын "Алтан 11" шигшээ багийн гол тамирчин Ференц Пушкашийн нэрэмжит хөлбөмбөгийн академид Монгол Улсаас баг тамирчид хамруулах төлөвлөгөөт ажлыг Монголын Хөлбөмбөгийн Холбооноос зохион байгуулсан. 

Уг ажлын хүрээнд 15-18 насны ангилалын шалгаруулалтаар сонгогдон "Пушкаш Академи"-д суралцахаар болсон  Б.Амгаланбат, Г.Ганбаяр, О.Хантэнгэр болон Д. Тэмүүлэн нарыг МХБХ-ны ерөнхийлөгч А.Ганбаатар болон Унгар улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхэт Элчин сайд Акаши Модари нар хүлээн авч уулзлаа.

Ф.Пушкаш нь спортын замналынхаа оргил үед алдарт Реал Мадрид клубт тоглож байжээ. Түүний нэрээр нэрлэгдсэн энэхүү академи нь Реал Мадрид клубын академитай хамтын ажиллагаатай байдаг аж. Уг үйл ажиллагаагаар дэлхийн шилдэг багийн академид Монгол хүүхдүүд "Пушкаш академи"-ийн тусламжтайгаар суралцах боломж нээгдэж байгаа юм. Пушкаш Академид суралцах бүтэн жилийн төлбөр 15,000$ байдаг бөгөөд суралцахаар явж буй дөрвөн хүүхдийн бүх зардлыг даахаар Монгол болон Унгар улсын талаас хамтран ажилласан байна.

Элчин сайд Акаши Модари: Тэдний гол зорилго бол хамгийн сайн чадвартай тамирчин болох 

 
Энэхүү үйл явдлын талаар Унгар улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхэт Элчин сайд Акаши Модари "Манай Унгар болон Монгол Улсын харилцаа сүүлийн жилүүдэд маш идэвхтэй болж байна. Улс төрөөс эхлэн эдийн засаг, соёл боловсролын салбарын харилцаа их хөгжиж байгаа. Үүнд би их баяртай байна. 
 
Боловсрол соёлын салбар дахь спортын хамтын ажиллагаа үүгээр эхэлж байгаа юм. Монгол болон Унгар улсын хамтын ажиллагааг цаашид ч улам өргөжүүлэн, хөгжүүлэх хэрэгтэй. Энэ дөрвөн хүүхэд манай Пушкаш Академи руу явах болсонд маш их баяртай байна. Тэдний гол үүрэг, зорилго бол сайн тоглох, хамгийн сайн чадвартай тамирчин болох юм. Ингээд Монголын Хөл Бөмбөгийн Холбоо болон Унгар улсад суралцахаар явж буй дөрвөн залууд амжилт хүсье" гэлээ.

 Д.Тэмүүлэн: Энэ академид суралцах боломж олгосон бүх хүмүүсийн итгэлийг алдахгүй

 

Унгар улсын академид суралцахаар болсон Монголын Хөлбөмбөгийн холбооны “Бешикташ” клубын тоглогч Д.Тэмүүлэн "Унгарын Пушкаш академид суралцахаар явах гэж байгаадаа маш их баяртай байна.

Надад тусалж, намайг дэмжиж байсан Нийслэлийн 2-р сургуулийн хамт олон, гэр бүл клубынхаа дасгалжуулагч, МХБХ-ны ерөнхийлөгч болон бүх тусалж дэмжиж байсан хүмүүстээ баярлалаа. Энэ академид суралцах боломж олгосон бүх хүмүүсийн итгэлийг алдахгүй гэдэгтээ итгэлтэй байна" хэмээн ярьж байв.

А.Ганбаатар: Унгар улстай сургалтын чиглэлээр хамтын ажиллагааг эхлүүллээ

Мөн энэ үеэр МХБХ-ны цаашдын үйл ажиллагааны талаар МХБХ-ны ерөнхийлөгч А.Ганбаатар "МХБХ Азийн тэргүүлэх чиглэлийн орнуудтай идэвхтэй хамтарч ажиллаж байгаа. Унгар улстай сургалтын чиглэлээр хамтын ажиллагааг эхлүүллээ.

Цаашид бид Бразилын Хөл Бөмбөгийн Холбоо, тухайлбал Бразилын алдарт хөлбөмбөгчний "Зико Сан"-тай хамтран ажиллахаар төлөвлөж, ирэх аравдугаар сард Монгол Улсад хүрэлцэн ирүүлэхээр болсон байгаа. Бидний хамтын ажиллагаа цаашид үргэлжилнэ" хэмээн онцоллоо.

 

Монгол Улсаас өмнө нь гадаадын хөлбөмбөгийн академид урт хугацаагаар суралцаж байсан удаагүй бөгөөд цаашид МХБХ-ны зүгээс "Пушкаш академи"-д суралцах Монгол хүүхдийн тоог нэмэх тал дээр идэвх санаачлага гарган ажиллах төлөвлөгөөтэй байгаа аж. 

Уулзалтын фото

Гэрэл зургийг mpa.mn

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг