Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/09/06-НД НИЙТЛЭГДСЭН

Хоёр жил дараалан Miss Japan-д “цэвэр цустай" бүсгүй түрүүлээгүй нь Япончуудыг бухимдуулж байна

Р.Төмөр, ikon.mn
2016 оны 9 сарын 6
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр Япон улс үндэсний гоо бүсгүйгээ шалгаруулахад Энэтхэг-Японы эрлийз эмэгтэй түрүүлсэн нь багагүй хэл ам дэгдээжээ.

Энэтхэг эцэг, Япон эхтэй Приянка Ёшикава нь заан сургагчийн мэргэжилтэй нэгэн. Ноднин жил мөн Японы миссээр Ариана Миямото хэмээх өнгөт арьст бүсгүй тодорсон нь Япон даяар өргөн маргаан дэгдээж байв.

Сошиал сүлжээгээр Япончуудын ихэнх нь дургүйцлээ илэрхийлж, Японы мисс нь цэвэр цустай эмэгтэй байх ёстой, харин “хафу” (half буюу эрлийз гэсэн үг) байх ёсгүй гэж байсан юм.

Сая миссээр тодорсон Ёшикава “Арианагаас өмнө “хафу” охид Японыг төлөөлж чадахгүй байсан” гээд Арианагийн гаргасан зам мөр түүнийг энэ тэмцээнд түрүүлэхэд нэмэр болсныг онцолжээ.

Тэр бас Япон дахь арьс өнгө, угсаа гарлаар ялгаварлах үзлийн эсрэг үргэлжлүүлэн тэмцэхээ илэрхийлсэн байна.

Ёшикава нь Сакраменто болон Энэтхэгт 10 нас хүртлээ амьдарч байгаад Японд шилжиж ирсэн ба энэ үеэс эхлэн ялгаварлан гадуурхах үзлийг мэдэрч эхэлжээ.

22 настай, 176 см өндөр, Англи, Япон хэлээр чөлөөтэй ярьдаг Ёшикава ирэх 12 дугаар сард Вашингтонд болох Miss World тэмцээнд Япон орныг төлөөлөн оролцоно.

Харин зарим сошиал сүлжээний хэрэглэгчид “ямар ч Япон хүний шинж төрхгүй ийм хүн улс орноо төлөөлөх нь зөв үү?”, “цэвэр Япон төрхтэй хүн олон улсад өрсөлдөж чадахгүй гэж бид хүлээн зөвшөөрч байгаа хэрэг үү?” гэх мэтээр шүүмжилцгээж байна.

 
2015 оны Японы мисс Ариана Миямото

 

Эх сурвалж: Japan Today