Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/09/06-НД НИЙТЛЭГДСЭН

Тамирчид Олимпийн амжилтаа ДЭЛХИЙД ГЭРЧЛЭХ энгэрийн тэмдгээ гардан авлаа

Б.Бадамгарав, IKon.mn
2016 оны 9 сарын 6
iKon.MN
Зураг зураг

“Рио 2016” олимпийн наадмын мөнгөн медальт Монгол Улсын гавьяат тамирчин Д.Сумьяа болон хүрэл медальт Д.Отгондалай нарт олимпийн медальтны энгэрийн тэмдэг болон батламж гардуулах арга хэмжээ өнөөдөр Үндэсний олимпийн хороонд боллоо. Мөн энэ үеэр олимпод амжилттай оролцсон нийт тамирчдад батламж гардуулсан юм. 

Энэхүү энгэрийн тэмдэг нь тухайн тамирчныг олимпийн медальтан гэдгийг дэлхийн хэмжээнд гэрчилдэг бөгөөд тусгай серийн дугаартай байдаг байна. Д.Сумьяагийн энгэрийн тэмдэг нь 34979 дугаартай бол Д.Отгондалайгийнх 36017 дугаартай юм. 

Уг арга хэмжээний үеэр тамирчдын сэтгэгдлийг хуваалцлаа. 

 

Д.Отгондалай: 2017 оны Дэлхийн аваргаас бүх юм шалтгаална

-Танд баяр хүргэе. Ойрын зорилго юу байна вэ. Бэлтгэлдээ хэзээ орох гэж байна?

-Энгэрийн тэмдгээ гардаж авсандаа тун баяртай байна. Тусалж дэмждэг бүх хүндээ баярлалаа гэж хэлье.  Есдүгээр сарын сүүлээр үндсэн бэлтгэлдээ орно. Хамгийн ойрын тэмцээн бол ирэх онд болох Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Герман улсад болно. Түүнд амжилт үзүүлэхийг зорьж бэлтгэлээ хийнэ. Мөн он гараад Монгол Улсын аварга шалгаруулах тэмцээн болно. 

-Таныг мэргэжлийн бокст орох гэж байгаа талаар мэдээлэл гарч байна. Та үүнд тайлбар хэлэхгүй юу?

-2017 оны Дэлхийн аваргыг харж байгаад шийднэ. Үүнээс л бүх зүйл шалтгаална. Хэрэв Дэлхийн аваргын тэмцээнд амжилттай оролцож, олимпийн медалиа дэлхийн аваргын медальтай ижилсүүлвэл 2020 оны Токиогийн олимп хүртэл хүч үзэх төлөвлөгөөтэй байна. 

 

Д.Сумъяа: Дэлхийн аварга хүлээж байгаа учраас хэсэгхэн амраад бэлтгэлдээ шамдан орно 

-Олимпийн медальтны энгэрийн тэмдгээ авах маш сайхан байна. Энэ тэмдгээр маань олимпийн медальтан гэж танина. Одоогоор хэсэг хугацаанд амарна. Тэмцээн уралдаанууд ар араасаа цуварч байна. 2017 оны Дэлхийн аварга хүлээж байгаа учраас хэсэгхэн амраад бэлтгэлдээ шамдан орно. Монголын жудо бөхийн холбооныхон, Олимпийн хорооныхондоо баярлалаа гэж хэлмээр байна. 

 

Б.Есүй: Дараагийн олимпод эрхээ авч оролцохыг зорьж байна

-16 насандаа олимпод оролцоно гэдэг бол нэр төрийн хэрэг. 50 метрийн өврөөр даллах төрөлд  Монгол Улсын рекордыг шинэчлэн тогтоосон нь миний хувьд том амжилт байсан.

Надад итгэж, амжилт үзүүлнэ гэж найдаж байсан хүмүүстээ баярлалаа гэж хэлмээр байна. Намайг дэмжсэн Эрдэнэт үйлдвэрийн хамт олон, Хангарди спорт клубийн хамт олондоо талархлаа илэрхийлье. Анх олимпийн гараанд гарах гэж байхдаа бага зэрэг сандарсан.

Гэхдээ шүгэл дуугарахад “50 метр бол 25 метр шиг л байх болно. Би чадна” гэж өөрийгөө зоригжуулсан. Одоогоор усан спортын тамирчид цагаан хуудсаар ордог. Харин дараагийн олимпод би цагаан хуудсаар биш эрхээ авч оролцохыг зорьж байна. Үүний тулд хичээх болно. 

“Рио 2016”-д манай улс тамирчдадаа ихээхэн итгэл найдвар хүлээлгэж, өндөх амжилт үзүүлнэ хэмээн найдаж байсан. Гэвч тэдний амжилтанд сэтгэл дундуур байгаа хүн олон бий. Харин энэ асуудал дээр Үндэсний олимпийн хороо ямар байр суурьтай байгааг Үндэсний олимпийн хорооны дэд ерөнхийлөгч Ц.Дамдингаас тодрууллаа. 

 

Ц.Дамдин: Энэ сарын 16-нд болох хурлаар цаашид хэрхэхээ шийднэ

-Энэ удаагийн олимпийн наадмын амжилтыг Үндэсний олимпийн хорооныхон хэрхэн дүгнэж байна вэ?

-“Рио 2016”-д манай улс олон тамирчинтай оролцсон. Бидний хувьд олимпод өндөр амжилт үзүүлнэ гэж найдаж байсан. Тэр хэмжээнд арай хүрсэнгүй. Ер нь Риогийн олимп тун чанга босготой байлаа. Албан ёсны гишүүдийн хурлаар олимпийн дүнг хэлэлцэнэ.

-Албан ёсны хурал хэзээ болох вэ?

- Хурал энэ сарын 16-нд болно. Хурлаар бид энэ удаагийн олимпийн баг тамирчдын бэлтгэл ямар байсан, ямар хэмжээнд оролцов, цаашид хэрхэн ажиллах вэ зэрэг бүхнийг нарийвчлан судалсны үндсэн дээр ярилцаж, дүгнэлт гаргах болно. 

Фото

Гэрэл зургийг mpa.mn

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг