Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/09/01-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Сумъяа: Зорилгынхоо төлөө тууштай, шантралгүй зүтгэж оргилд нь хүрээрэй дүү нар минь

Г.Номин, iKon.mn
2016 оны 9 сарын 1
iKon.MN
 

Төрийн дуулал эгшиглэн, алтан соёмбот далбаагаа мандуулж хичээлийн шинэ жилийн нээлт улс орон даяар эхэллээ.

2016-2017 оны хичээлийн шинэ жилийн нээлтийг Чингэлтэй дүүргийн тэргүүний 50 дугаар сургуулиас сурвалжиллаа.

Нэг нэгнээ харан баярлаж, анги ангиараа бөөгнөрөн зогсох хүүхдүүд, "Тэр манай ангийн хүүхэд мөн үү?" гэж эргэлзэнгүй аав, ээжээсээ асуух хоёр, гуравдугаар ангийн гэмээр багачууд, аав, ээжийнхээ гараас хөтөлсөн, зургаан настнууд сургуулийн нээлтэд эртлэн иржээ.

Энд хамгийн баяртай байгаа хүмүүс багш нар харагдлаа. Хүүхдүүд "Багшаа" гэж чанга дуудан ирж үнсүүлээд, цэцэг бэлэглэнэ. Хүүхдийн инээд цалгисан сургуулийн нээлтэд ирсэн хэн бүхэн баяр хөөртэй байна.

50 дугаар сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтийн арга хэмжээнд УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, дүүргийн удирдлагууд тус сургуулийн 2001 оны төгсөгч "Домог" хамтлагийн ахлагч Б.Бат-Орших, 2009 оны төгсөгч жүдо бөхийн үндэсний шигшээ багийн тамирчин, олимпийн мөнгөн медальт Д.Сумъяа, 2011 оны төгсөгч Олимпийн наадамд манай улсаас таеквондогийн төрлөөр анх удаа амжилттай оролцсон П.Тэмүүжин нар ирсэн байлаа. 

Нээлтийн үеэр жүдо бөхийн үндэсний шигшээ багийн тамирчин, олимпийн мөнгөн медальт Д.Сумъяагийн сэтгэгдлийг сонслоо. Тэрбээр "Төрөлх сургууль дээрээ долоон жилийн дараа ирлээ. Сэтгэл их хөдөлж байна. Хичээлдээ орж байгаа бүх дүү нартаа хичээлийн шинэ жилийн мэнд хүргэж, сурлага, урлаг, спортын өндөр амжилт хүсье. Сурч боловсрохоос гадна өөрийнхөө хүсэл мөрөөдлийн дагуу урдаа зорилго тавьж, түүнийхээ төлөө тууштай, шантралгүй зүтгэж оргилд нь хүрээрэй гэж дүү нартаа захимаар байна.

Энэ жил манай бага дүү нэгдүгээр ангид орж байгаа. Би олон дүүтэй. Бид бүгдээрээ л 50 дугаар сургуульдаа амжилттай суралцаж, амьдралд хөл тавьсан. Сургуулийнхаа бүх хамт олон, багш нартаа баярлалаа" гэлээ. 

2015-2016 оны хичээлийн жилд гимнастикч сургууль болох зорилт тавин ажилласан тус сургуулийнхан зургаадугаар сарын 1-нд Төв талбайд 1,800 хүүхдийн уран гимнастикийн үзүүлбэр үзүүлж байсан. Тэгвэл энэ жил сурагчдаа ургийн бичиг хөтлөхөд сургах, монгол бичгийг улам илүү эзэмшихэд нь түлхүү анхаарал хандуулж ажиллана хэмээн тус сургуулийн захирал Р.Даваахүү хэлж байлаа.

Энэ хичээлийн жилд 50 дугаар сургуулийн таван бүлэгт 250 гаруй зургаан настан шинээр элсэн орж байна. Шинэхэн сурагчид аав, ээжтэйгээ хөтлөлцөөд ангийн багшаа даган хамгийн түрүүнд орсон юм. 

Хичээлийн шинэ жилийн нээлтээс бэлтгэсэн фото сурвалжлагыг хүргэж байна.

Гэрэл зургийг мpa.mn

 

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг