Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/08/31-НД НИЙТЛЭГДСЭН

Харь гарагийн ангуучид сансрын гүнээс “хүчтэй сигнал” хүлээж авснаа зарлажээ

Р.Түвшин, iKon.mn
2016 оны 8 сарын 31
iKon.MN
Зураг зураг

ОХУ-д байрлах радио телескоп сансрын гүнээс ирэх “хүчтэй сигнал” бүртгэсэн тухай мэдээлэл сүүлийн хэд хоног эрдэмтэд, судлаачдын дунд дуулиан тарьж байна.

Энэ тухай анх мэдээлсэн Centauri Dreams вэбсайтын эзэн, зөгнөлт зохиолч, судлаач Пол Гилстер “одоогоор хэн ч үүнийг харь гарагийнхны илгээсэн сигнал гэж хэлж чадахгүй байгаа ч гарцаагүй судлах ёстой зүйл” гэжээ.

Сигнал нь манай дэлхийгээс 95 гэрлийн жилийн зайтай HD164595 нэртэй одны зүгээс ирж байгаа гэнэ. Уг од дор хаяж нэг гарагтай гэж үзэж байна.

Анх Оросын Зеленчукская дахь Ратан-600 радио телескоп уг сигналыг өнгөрсөн оны тавдугаар сард илрүүлжээ.

Харин нийтэд ил болгосон нь хэдхэн хоногийн өмнөх хэрэг юм.

Судлаачид ямар учиртай сигнал хаанаас ирж байгааг хэлэхэд хэтэрхий эрт байна гэж үзэж байна.

Гэхдээ тасралтгүй сигнал ирж байгаа нь сонирхол татахуйц хэмжээнд байгааг Ратан-600 радио телескоп дээр ажиллаж байгаа судлаачид баталжээ.

Уг асуудлыг есдүгээр сарын 27-нд Мексикийн Гуадалахарад болох Олон улсын Астронавтикийн Конгрессийн үеэр хэлэлцэх төлөвтэй байна.

Сигналыг хэмжиж байгаа судлаачид, хэрвээ сигнал нь изотропын дохиоллоос гарч байгаа бол Кардашев II төрлийн соёл иргэншлийнх гэж үзэж байгаа аж. Соёл иргэншлүүдийг ангилдаг энэ үнэлгээгээр Кардашев II бол манайхаас хэт өндөр хөгжилтэй соёл иргэншил юм. Хүн төрөлхтөн нь Кардашев I төрөлд нь багтдаг аж.

Харин сигнал зөвхөн манай нарны аймаг руу чиглэсэн, нарийн зурвасынх бол бидэнтэй ойролцоо хөгжилтэй байх магадлалтай гэжээ.

Зарим судлаачид үүнийг ердийн сансрын шуугиан байх магадлалтай гэж үзэж байгаа бол нөгөө хэсэг нь шуугиан гэхэд дэндүү тод байгаа хэмээн мэтгэлцэж байгаа юм. Ямартай ч сансар судлаачид хийх ажил ихтэй болсон байна.

Наймдугаар сарын 27-нд сигналын тухай анх мэдээлсэн Пол Гилстерийн нийтлэлийг ЭНЭ ХОЛБООСООР дэлгэрүүлэн үзэх боломжтой.