Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/08/31-НД НИЙТЛЭГДСЭН

Европын Холбоо Apple-ийн “офшор дансыг” илрүүлж их хэмжээний торгууль нэхэв

Р.Түвшин, iKon.mn
2016 оны 8 сарын 31
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр буюу Мягмар гарагт Европын Коммис хоёр жил үргэлжилсэн шалгалтынхаа тайланг танилцуулж, Apple компанийн Ирланд дахь салбарыг (Европын төв) хууль бус татварын хөнгөлөлт эдэлж байсанд буруутган $14.5 тэрбумын торгууль төлүүлэх шийдвэр гаргалаа.

Apple компани болон Ирландын засгийн газар шийдвэрийг эсэргүүцэн давж заалдах болсноо хариу мэдэгдсэн байна.

Мөн АНУ-ын эрх баригчид, Цагаан ордноос Европчуудын шийдвэрийг “шударга бус”, “луйвар”, “Америкийн татвар төлөгчдөд дарамт болох шийдвэр” гэх зэргээр эсэргүүцлээ илэрхийлжээ.

Асуудлын гол нь Ирланд улс зөвхөн Apple компанид татварын таатай нөхцөл санал болгон гэрээ байгуулсан нь Европын Холбооны нийтлэг стандарт, зохицуулалтыг зөрчиж байна гэж Европын эрх баригчид үзжээ.

Аль нэг гишүүн улс бие даан ийм шийдвэр гаргах ёсгүй гэж тэд мэдэгдэж байгаа юм.

Ирландад бизнесийн байгууллагын ашгийн татвар 12.5 хувь байдаг. Тэгвэл Ирландын засгийн газар Apple-д 1 хувийн татвар ноогдуулах тохиролцоо хийсэн байв.

Тиймээс Европын Коммис төлөгдөөгүй алдагдсан татварын хэмжээг тооцож гарган, дээр нь хүүг нэмснээр $14.5 тэрбум орчим болсон байна.

Энэ дуулиант хэрэг цаашдаа АНУ-Европын харилцаанд нөлөөлж нэлээд сунжирсан маргаан, шүүхийн ажиллагаа өрнөх магадлалтай боллоо.

 

Эх сурвалж: BBC, Quartz