Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/08/30-НД НИЙТЛЭГДСЭН

Эрүүгийн хуулийг хойшлуулах асуудлыг хэлэлцэхийг дэмжлээ

А.Төгөлдөр, iKon.mn
2016 оны 8 сарын 30
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn, 2016.08.30

Энэ оны есдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжихээр батлагдсан Эрүүгийн хуулийн хуульд өөрчлөлт оруулж, хэрэгжих хугацааг хойшлуулах саналыг Засгийн газраас УИХ-л өргөн мэдүүлээд байгаа билээ. 

Уг хуулийг хэлэлцэх эсэхийг өнөөдрийн УИХ-ын чуулганаар хэлэлцлээ. 

Эрүүгийн хуулийг хойшлуулах шалтгааныг дараах гурван нөхцөл байдалтай холбон тайлбарлаж байгаа. Үүнд: 

  • Эрүүгийн хуулийг дагаж гарч буй таван хуулийг УИХ-аар ёсчлоогүй, 
  • Олон нийтэд хууль сурталчлах ажил хийгдээгүй, 
  • Хууль хэрэгжүүлэх байгууллагын ажилтан, алба хаагчдад хуулийн талаар сургалт зохион байгуулаагүй. 

Эдгээр шалтгааны улмаас Эрүүгийн хуулийг ирэх сарын 1-ний өдрөөс эхлэн хэрэгжүүлэх боломжгүй хэмээн Хууль зүйн сайд С.Бямбацогт тайлбар хийгээд буй. 

Харин чуулганы хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Л.Болд “Эрүүгийн хуулийн хэрэгжих хугацааг хойшлуулж байгаа нь хүний эрхийг зөрчиж буй явдал” гэсэн бол УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Хуулийн хэрэгжих хугацааг яагаад заавал долоодугаар сарын 1-н гэж муу ёрын өдрийг сонгож байгаа юм бэ. Өөр өчнөөн өдөр байсаар байтал намынх нь байрыг шатаасан өдрийг сонгож байгаад гайхаж байна” гэж байлаа. 

Ингээд Эрүүгийн хуулийн хэрэгжих хугацааг хойшлуулах нь зүйтэй гэсэн томъёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн 71.4 хувийн саналаар дэмжигдэв

Харин үүний дараа Зөрчлийн тухай хуулийг хойшлуулах асуудлыг хэлэлцэх нь зүйтэй гэдгээр санал хураалт явуулахад 71.9 хувийн саналаар дэмжлээ