Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/08/30-НД НИЙТЛЭГДСЭН

Ганга нуурандаа эрхлэн хөвөх гоёхон цагаан хунгийн чуулганаа харж чадахгүйд хүрчээ

Э.Мөнхзаяа
2016 оны 8 сарын 30
MorninigNews.mn
Зураг зураг

Дорнын их яруу найрагч Б.Явуухулан
...Ганга нуураас ниссэн хун
Намартаа заавал буцаж ирдэг
Ганга нуураас явсан хүн
Насандаа заавал эргэдэг гэнэ...
хэмээн шүлэглэсэн байдаг.

Намрын намарт мянга мянган цагаан хун чуулж, дуулан шуугин шаагьж, үзэсгэлэнт Дарьгангын тал нутгийг гоёж гоёчхоод нэг л өглөө дуугаа хураан дулаан орныг зорьцгоодог тийм яруу дүр зураг хэдэн мянган жил үргэлжилсэн юм хэлж мэдэхгүй. Эрт дээр үеэс л уран байгаль, үзэсгэлэн гоо усны шувуудын энэ өвөрмөц өнгө зохицол Mонголын тал нутгийг онцлон чимж ирсэн билээ. 

Гоёхон хун цагаан шувууд чуулалддаг нуур намар оройхон шувуудаа үдээд, нэг л өглөө эзгүйрч орхидог ч хаврын урь тэднийг даллан дуудаж, уулзуулдаг нь бүүр гоё. Үнэхээр ч очсон хүн өнжмөөр, өнжсөн хүн өвөлжмөөр, өвөлжсөн хүн өтөлмөөр тансаг Ганга нуур байгаль эхийн шидэт бүтээл гэлтэй.

Энэ намар Ганга нуурандаа эрхлэн хөвж, эрэг даган нисэлдэх гоёхон цагаан хунгийн чуулганаа Монголчууд харж чадахгүй нь ээ. Сүхбаатар аймгийн Дарьганга сумын төвөөс 12 километрт орших салхины нүүдлээс үүссэн хурмал элсэнд хаагдаж тогтсон энэ нуур нь дөрвөн ам километр талбайд тогтсон нуур.

Ганга гэдэг нь үүрд ширгэшгүй ундран оргилдог, мөнх гэсэн утгатай үг аж. Харамсалтай нь үүрд ширгэшгүй оргилж байхын бэлгэдэл, мөнөөх мянган цагаан хун чуулан бүжиж байдаг нуур маань нүдний өмнө ширгэж, армаг тармаг хэсэг бусаг хатсан сайр болчхож.

Ганга гэдэг нь үүрд ширгэшгүй ундран оргилдог, мөнх гэсэн утгатай үг аж. 

Ийм харамсмаар, халагламаар дүр зураг улс орны өнцөг булан бүрд хүрлээ. Үзээд сэтгэл хэлэхийн аргагүй хөндүүрлэж орхив. Уяхан зарим нь уйлж, ууртай нэг нь буруутныг зүхэж, иргэд хилэгнэж, нутгийнхан хөдөлгөөнд орж Ганга нуур, гоёхон хун сүргийн өмнөөс гашуудаж байна. Арга ч үгүй биз. 

Нуур тусгай хамгаалалттай газар нутагт багтдаг

Ганга нууранд Монголын Улаан номд ордог гангар хун, цэн тогоруу гэх мэт нэн ховор шувууд ирж зусдаг. Жил бүрийн намар хун шувууд олон зуугаараа нисэн ирж ганганан чуулдаг учраас Ганга нуурын 1000 хунгийн чуулган гэдгээрээ алдаршсан юм.

Ганга нуурыг усыг 21 булаг тэтгэн тэжээдэг бөгөөд тэдний гол амин судас нь Дагшин оргихын булаг билээ. Нуурын зүүн хойно 50 метр зайд газрын гүнээс тунгалаг устай хүйтэн булаг оргилон гардгийг Оргихын булаг гэж нэрлэдэг.

Нарийн ширхэгтэй элсний доороос даргилан буцалж байгаа юм шиг оргилон гарах бөгөөд чангаар дуугарах тусам улам ихээр элс бужигнан оргилдог онцлогтой билээ. 

Ганга нуурыг усыг 21 булаг тэтгэн тэжээдэг бөгөөд тэдний гол амин судас нь Дагшин оргихын булаг билээ.

Ганга нуураас холгүй Төрийн тахилгат Алтан-Овоо, Молцог элс зэрэг байгалийн аялал жуулчлал хөгжүүлэх боломжтой газруудыг хамгаалах зорилгоор 2004 онд УИХ-ын 22 дугаар тогтоолоор улсын тусгай хамгаалалтад авсан. Ганга нуур нь талбай бага хэдий ч цэнгэг устайн дээр өвөрмөц бичил уур амьсгалыг бүрдүүлдэг.

Энэхүү нутаг нь бүхэлдээ тэгш өндөрлөгт хамаарах бөгөөд дунджаар далайн түвшнээс дээш 1300 метр орчим өргөгдсөн элсэн тарамцаг бүхий тал газар юм. 

Ганга нуурын тухай ийм нэгэн домог бий. Халхын То вангийн харьяат ардуудаас хэсэг мөргөлчид Энэтхэгийн Ганга мөрний уснаас амсахаар явах болжээ. То ван тэрхүү мөрний уснаас хоёр дашмагийг авчруулан энэ нуурт хийлгэснээр Ганга нуур хэмээн нэрийдэх болсон ажээ.

Өөр бас нэгэн домогт, хэзээ ч юм нэгэн цагт Энэтхэг оронд номын мөр хөөж одоод нутагтаа эргэж ирсэн нэгэн мөргөлчин Ганга мөрний рашаанаас бумбанд хийж залаад түүнийгээ нуурын хажууд орших Молцог элсний хормойд булсан юм гэнэ. Хожим түүнээс булаг оргилж, Ганга нуур үүссэн гэсэн домог бас бий.

Мөн Ганга нуурын талаар нэлээд олон домог яриа байдаг. Тухайлбал, Их эзэн Богд сэлмээ ирлэхдээ Гангын цагаан овоон дээр суугаад хажуу тийш эргэн Дөш ууланд давтан ширгээж гангын усанд дүрж, хатааж байснаас гангын ус цагаан өнгөтэй болсон гэдэг.

Жил бүрийн намар энэ нуурын хөвөөнөө буцах хунгийн сүрэг чуулдаг. Нутгийн иргэдийн ярьж байгаагаар усны шувууд бөмбөрцгийн хойд талаас эхлэн сэрүүсэхээр хүйтэнд шахагдан хоол тэжээл, дулаан нутаг бараадан намрын турш аажмаар урагшилдаг аж. Ингэж урагшлахдаа Өмнөговь, Дорноговь, Баянхонгор чиглэлээр нисэх боломж бараг байдаггүй гэнэ.

Яагаад гэвэл тэнд цөл, говийн бүс үлэмж урт үргэлжилдгээс гадна нуур цөөрөм байхгүйтэй холбоотой гэнэ. Энд жил бүрийн аравдугаар сард Хунгийн чуулган болдог учраас сүүлийн жилүүдэд жуулчдын урсгал эрс нэмэгдэж, хамгийн үзүүштэй байгалийн үзэгдлийн нэг болоод байсан юм. 

Хунгийн чуулганыг үзэх хувь дутлаа

Харамсалтай нь Сүхбаатар аймгийн долоон гайхамшгийн нэгд ордог Ганга нуур өдгөө усгүйдэж, “ангаж цангажээ”. Ингэж ширгэсний гол шалтгаан нь юу юм бол. Дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлт гээд асуудлыг өөрсдөөсөө зайлуулж болно. Өнөөдрийн байдлаар Ганга нуурын талаас илүү хувь нь ширгэсэн тухай нутгийнхан нь ярьж байна.

Долоодугаар сараас хойш тус суманд бороо ороогүй, хэт халалтаас болж ууршилт их явагдсан, элсний нүүдэл болон их хэмжээний лагтай байгаа зэрэг байгалийн хүчин зүйл нөлөөлжээ. 

Мөн дулаарлаас гадна элсний нүүдэл ч ширгэх хүчин зүйл болсон аж. Элсэрхэг газрын нуур болохоор цөлжилтөөс болоод эргэн тойрных нь элсний хэмжээ ихэссэн байна.

Гэхдээ зарим хүн сүүлийн жилүүдэд нуурыг дагасан малын тоо толгой хэт нэмэгдсэн гэж байв. Хэдэн жилийн өмнө нуурыг хамгаалж хашаа барьсан ч муудаж, солих шаардлагатай болжээ. Нуурыг тэтгэдэг булаг, горхины нэлээд нь ширгэсэн нь ч үүнд нөлөөлжээ. 

Дээрээс нь гадаад дотоодын жуулчид Ганга нуур, Алтан Овоог зорих нь ихсэж цөлжилт, элсний нүүдэл хурдацтай нэмэгдэхэд хүргэсэн гэх. Хүн, мал нь нэмэгдэхийн хэрээр бэлчээр, хөрсний доройтол үүсэж, хамаг мал нь худаг усгүйн улмаас нуур руугаа давхиад орчихдогоос болсон гэлцэж байна.

Өнөөдрийн байдлаар Ганга нуурын талаас илүү хувь нь ширгэсэн тухай нутгийнхан нь ярьж байна. 

Түүнчлэн зарим хүн Ганга нуур ширгэж буй гол бурууг геологи хайгуул, судалгааны “Уран дриллинг” ХХК-ийн технологийн бус өрөмдлөг хийснээс болсон гэж үзэж байна. Францын “Арева” группийн охин компани “Кожеговь” компанийн захиалгаар Дарьганга суманд хайгуул хийж, Алтан-Овооны хойд талаас эхлэн баруун хойшоо өрөмдлөг явуулжээ.

Энэ үеэрээ газрын үе давхаргыг нэвт өрөмдсөнөөс болж шим мандалд нь нөлөөлж, нуурын эко систем эвдэрч, ширгэсэн гэж ч ярьцгааж байна. Ямартай ч Ганга нуур ширгэж буй шалтгааныг албаны хүмүүсээс тодруулж эргэн мэдээлэх болно.

 

Зураг