Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/08/30-НД НИЙТЛЭГДСЭН

Узбекистаны ерөнхийлөгчийн суудлыг залгамжлах тэмцэл эхэлжээ

Р.Төмөр, ikon.mn
2016 оны 8 сарын 30
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр Төв Азийн Узбекистан улсын ерөнхийлөгч 78 настай Ислам Каримов эмнэлэгт хүргэгдэж тархинд нь цус харвасан тухай мэдээллийг түүний бага охин өөрийн сошиал хуудсандаа гаргажээ.

1991 онд ЗХУ задарснаас хойш тасралтгүй хатуу гараар Узбекистаныг удирдсан Каримовын дараа төв Азидаа хүн амаар хамгийн томд тооцогддог тус улсын хувь заяа хааш эргэх нь бүс нутгийн том асуудал болж байна.

Үндсэн хууль ёсоор хэрвээ ерөнхийлөгч алба үүргээ гүйцэтгэж чадахгүй болвол парламентын дээд танхимын дарга гурван сарын хугацаанд үүрэг гүйцэтгэх ёстой. Энэ тохиолдолд төдийлөн олны танил бус Нигматулла Юлдашев ерөнхийлөгчийн үүргийг түр орлон гүйцэтгэх юм.

Харин цаашдаа хэн Узбекистаныг удирдах вэ гэдэг дээр хамгийн түрүүнд одоогийн ерөнхий сайдын нэр яригдаж байна.

58 настай, 2003 оноос хойш засгийг тэргүүлж байгаа ерөнхий сайд Шавкат Мирзияев нь Жиззах мужаас гаралтай. Жиззах нь ерөнхийлөгч Каримовын төрөлх Самарканд мужтай хөрш залгаа. Узбекийн улс төрийн амьдралд муж аймгуудыг тойрсон овог угсааны бүлэглэлүүд хүчтэй нөлөөтэй.

Тиймээс одооноос эхлэн Узбек овгуудын дотрох хаан ширээний тэмцэл эхэлж байна гэж зарим эх сурвалжууд баталж байгаа юм.

Ерөнхий сайдаас гадна Самаркандын бүлгийн босс гэгддэг Исмаил Журабеков, Ташкентын бүлгийн улс төрч, сангийн сайд Рустам Азимов нарын нэр ерөнхийлөгчийн суудалд яригдаж байна.

 

Эх сурвалж: Radio Free Europe /Radio Liberty