Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/08/29-НД НИЙТЛЭГДСЭН

МБ: Ипотекийн зээлийг санхүүжүүлэх ажил хэвийн үргэлжилж байна

С.Бадрал, iKon.mn
2016 оны 8 сарын 29
iKon.MN
Зураг зураг
Монголбанк

Арилжааны банкууд ипотекийн зээл олгох нь багаслаа, энэ зээл цаашид үргэлжлэх боломжгүй боллоо гэх мэдээллүүд сүүлийн үед гарах болсон.

Энэ талаар Монголбанкнаас тодруулахад, "Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай хуулийн хүрээнд ипотекийн зээлийг санхүүжүүлэх үүргийг Монголбанк хүлээдэг. Ипотекийн зээлийн болон санхүүжилтийн ерөнхий журмыг Засгийн газар батална гэж хуульд заасан. 

Одоогийн байдлаар Засгийн газраас ипотекийн зээлийг зогсоох талаар ямар нэгэн шийдвэр гаргаагүй, энэ талаар Монголбанканд хандсан үүрэг, даалгавар өгөөгүй байгаа учраас зээлийг санхүүжүүлэх ажил хэвийн үргэлжилж байна" гэлээ. 

Монголбанкнаас гаргасан долоодугаар сарын ипотекийн зээлийн тайлангаас харвал ипотекийн зээл өмнөх сараас 32.7 хувиар буурсан бол өмнөх оны мөн үеэс 50.7 хувиар өссөн байна.

Банкууд 2016 оны долоодугаар сард нийт 1,592 зээлдэгчид 92.8 тэрбум төгрөгийн ипотекийн зээл шинээр олгосноор ипотекийн зээлийн үлдэгдэл 3856.3 тэрбум төгрөг, нийт зээлдэгчдийн тоо 85,622-д хүрчээ. Тайлант сард 5%-ийн хүүтэй 26.4 тэрбум төгрөгийн зээлийг 569 зээлдэгчдэд олгосон бол 8 хувиас 5 хувь руу 117 зээлдэгчдийн 5.2 тэрбум төгрөгийн зээлийг шилжүүлжээ. 

Эдийн засагчдын хувьд ипотекийн зээлийн талаар хоёр байр суурь дээр хуваагдаад байна. Зарим нь ипотекийн зээлийг хязгаарлахгүй бол иргэд орлогынхоо дийлэнхийг зээлэндээ өгч эдийн засгийн эргэлт зогсоод байна гэж байгаа бол нөгөө хэсэг нь ипотекийн зээл бол хуримтлал, ирээдүйдээ хийж буй хөрөнгө оруулалт. Тиймээс шаардлагыг зөөлрүүлж, улам уян хатан болгох хэрэгтэй гэж байгаа юм.