Нийслэлийн Онцгой комисс өнөөдөр хуралдаж хүн, мал амьтны гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, цаашид хэрэгжүүлэх ажлын талаар хэлэлцлээ.
Улаанбаатар хоттой хил залгаа оршдог зарим сумын нутагт мал, амьтны гоц халдварт шүлхий, цэцэг өвчин гарсантай холбогдуулж Улаанбаатар хотод энэ өвчин зөөвөрлөгдөн орж ирэхээс урьдчилан сэргийлэх ажлыг нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу хэрэгжүүлж эхэлсэн.
Захирамжийн хүрээнд нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал харицсан орлогч Ж.Батбаясгалангаар ахлуулсан ажлын хэсэг Багахангай дүүрэгт ажилласан байна.
Мөн Төв аймгийн Засаг даргад болон Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад шүлхий өвчинтэй тэмцэх талаар нийслэлийн Засаг даргын албан тоот хүргүүлэн хамтран ажиллаж эхэлжээ.
Өнөөдрийн байдлаар Төв аймгийн Мал эмнэлэгийн газраас Төв аймгийн Баян сумтай хил залгаа, Багахангай, Налайх, Багануур дүүргийн шүлхий өвчинд мэдрэмтгий малын тооцоог гаргаж улсын нөөцөөс шүлхийн вакцин хувиарлуулан 2016 оны наймдугаар сарын 25-ны өдрөөс Багахангай дүүрэгт вакцинжуулалт хийж эхэлсэн, ажлын явц 70 гаруй хувьтай байгаа талаар нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан хэллээ.
Мөн Налайх, Багануур дүүргийн нуаг дэвсгэрт байгаа үхэрт шүлхийн эсрэг вакцин хийж, вакцинжуулалтын ажлыг 2016 оны есдүгээр сарын 8-н гэхэд дуусгах төлөвлөгтөөтэй ажиллаж байгаа юм байна.
Мал эмнэлэгийн газраас Улсын Мал эмнэлэгийн үржлийн газартай хамтран Багахангай дүүргийн нэг, хоёрдугаар хорооны 350 малаас цусны дээж цуглуулан шүлхийн дэгдэлтийн үеийн тандалт судалгааг хийж эхэлсэн байна. Энэ нь шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэхэд чухал нөлөө үзүүлнэ гэдгийг мэргэжлийн байгууллагууд тодотгов.
Нийслэлийн Онцгой комиссын хурлаас:
Мөн одоо үйл ажиллагаа явуулж байгаа Баянзүрхийн товчоо нь суурьшлийн бүсэд орсонтой холбогдуулан нэн даруй зүүн тийш шилжүүлэх, Баянзүрх дүүргийн 11-р хороонд амьд мал худалдаалж буй цэгийг түр зогсоох шийдвэр гаргав.
Түүнчлэн өвчний голомтын бүсэд байгаа малыг вакцинжуулах ажлыг эрчимжүүлэх зорилгоор нийслэлээс дэмжлэг үзүүлж, нийслэлийн цэргийн штаб, Хөдөө аж ахуйн их сургуулийн оюутнуудтай хамтран ажиллахыг үүрэг болгов.