Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/08/29-НД НИЙТЛЭГДСЭН

Рио 2016-ийн мөнгөн медалийг зарж 3 настай хүүгийн эмчилгээнд зориулав

Р.Түвшин, iKon.mn
2016 оны 8 сарын 29
iKon.MN
Зураг зураг

Польшийн хөнгөн атлетикийн од, зээрэнцэг түлхэлтийн тамирчин Пётр Малаховский өнгөрсөн Рио 2016 наадмаар мөнгөн медаль хүртсэн юм.

Медаль хүртсэнийхээ дараа Малаховский өөрийн фэйсбүүк хуудсандаа “би алтан медаль зүүхийн тулд бүх хүчээ гаргасан. Харамсалтай нь болсонгүй. Гэхдээ би мөнгөн медалийнхаа үнэ цэнийг өсгөх боломжийг оллоо” гэж бичсэн байна.

Малаховский олимпийн дараа гурван настай Олек Сизманский хүүгийн ээжтэй холбогдож медалиа дуудлага худалдаанд зарж олсон мөнгөө хүүгийн эмчилгээнд хандивлахаар тохирсон гэнэ. Олек хүү нүдний хорт хавдараар шаналж байгаа нэгэн юм байна.

Түүний нүдэнд мэс засал хийхэд $126,000 шаардлагатай.

Хүүгийн эмчилгээний зардлын гуравны нэгийг Польшийн нэгэн сан бүрдүүлээд байжээ. Харин үлдсэн мөнгөний нэг хэсгийг Малаховскийн медалийн дуудлага худалдаанаас олсон бол үлдсэн хэсэг мөнгийг Польшийн ах, дүү баячууд болох Доминик болон Себастьян Кулчик нар гаргаж хүүг Нью Йорк хот руу эмчилгээнд явуулахаар болсон байна.

Энэ тухай Малаховский саяхан “Бид чадлаа. Бид хамтдаа гайхамшгийг бүтээж чадна гэдгийг харууллаа. Миний мөнгөн медаль одоо хамаагүй өндөр үнэтэй болсон” гэж фэйсбүүк хуудсандаа мэдээлжээ.

Малаховский өмнөх Олимпийн наадмуудаас хоёр мөнгөн медаль зүүсэн, Европ, Дэлхийн аваргын хэд хэдэн медальтай тамирчин юм.

Эх сурвалж: CNN