Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/08/29-НД НИЙТЛЭГДСЭН

"Уурхайн хаалт-2016" хурал зохион байгуулагдана

Г.Цэнд-Аюуш, iKon.mn
2016 оны 8 сарын 29
iKon.MN
Зураг зураг

Энэ жилийн “Уурхайн хаалт 2016” онол практикийн хурал есдүгээр сарын 7-ны өдөр Блю Скай Тауэрт зохион байгуулагдах гэж байна. 11 дэх жилдээ зохион байгуулагдаж буй уг хурал “Нийгмийн лиценз” уриатайгаар явагдах юм байна.

Энэхүү хурлын гол зорилго нь олборлох салбарыг мэргэжлийн түвшинд хөгжүүлэх бөгөөд өнгөрсөн 10 жилийн хугацаанд хууль тогтоогчид, шинжлэх ухааны салбарынхан, уул уурхайн компаниуд, байгаль орчны нөхөн сэргээлтийн чиглэлээр ажиллаж буй компаниуд тогтмол оролцож, мэдлэг мэдээлэл, туршлагаа хуваалцаж ирсэн байна.

Хурал зохион байгуулах комиссын дарга, Монгол байгаль орчны мэргэжилтнүүдийн холбооны тэргүүн Б.Гантулга “Энэ удаагийн хурлаар мэргэжилтнүүд мэдлэг туршлага солилцохоос гадна хурлын үр өгөөжийг нэмэгдүүлэх үүднээс олборлох салбарын дунд мэргэжилтнүүдийн харилцааг өргөтгөхөөр зорьж байгаа. Ингэснээр уул уурхайг тойрон ажиллаж байгаа шинжлэх ухааны салбарынхан олон улсын хэмжээнд алдаа оноогоо хэлэлцэх боломжтой болох юм.”

Мөн уул уурхайн компаниуд болон тухайн нутгийн иргэдийн хувьд эмзэг сэдэв болоод байгаа нь “Нийгмийн лиценз”. Энэ талаар мэргэжилтнүүд өөрсдийн ойлголтоо нэгтгэн төр засагт уламжилж, төрөөс баримтлах чиг баримжаатай уялдуулах үүднээс уг сэдвийн дор хурлыг зохион байгуулах болсон тухай хэллээ.

“Уурхайн хаалт” хэмээх энэхүү томоохон хуралд гадаад дотоодын их дээд сургууль төгсөн уурхайнуудад ажиллаж байгаа инженерүүд болон Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа уул уурхайн компаниудын инженер ажилчид оролцох юм байна.

Энэ удаагийн хурлаар: 

  • Монгол улсад бий болох “Уурхайн хаалт”-ын талаар хууль, эрх зүйн зохицуулалтын тухай, 
  • "Уурхайн хаалт"-ын дараах байгаль орчин, нийгмийн асуудлын тухай,
  • "Уурхайн хаалт"-ыг хийхэд байгууллагуудын зохион байгуулан ажиллаж байгаа төлөвлөгөөний тухай асуудлаар илтгэл, хэлэлцүүлэг зохион байгуулагдах юм байна.