Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/08/29-НД НИЙТЛЭГДСЭН

Т.Мэндсайхан: Шүүгчийн цалинг бууруулах шийдвэр нь Үндсэн хууль зөрчинө

Г.Номин, iKon.mn
2016 оны 8 сарын 29
iKon.MN
Зураг зураг

Засгийн газраас 2016 оны төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барьж хэлэлцэж байна.

Хуулийн төсөлд төсвийн зардлыг хэмнэх зорилготой хэд хэдэн заалт орсны нэг нь шүүгчдийн цалингийн зардлыг танах юм. Үүнтэй холбогдуулан өнөөдөр Шүүхийн Ерөнхий Зөвлөл, Хуульчдын холбооны дэргэдэх Шүүгчдийн хороо хамтран "Шүүхийн төсөв, шүүгчийн цалингийн асуудлаар" мэдээлэл хийлээ.

 

Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан "Засгийн газраас шүүхийн төсвийг 3.9 тэрбум төгрөгөөр бууруулах, тэр дундаа шүүгчдийн цалинг 3.2 тэрбум буюу 61-66 орчим хувиар бууруулах саналыг УИХ-д оруулаад байна. 

Одоогийн байдлаар шүүхийн төсөв улсын нэгдсэн төсвийн зарлагын 0.66 хувьтай тэнцэж байгаа. Тодотголоор 0.66 гэдэг тоо маань буураад 0.46 хувь болно. Ингээд шүүхийн салбарт ялгавартай хандаж төсөвт эзлэх хувийн жинг бууруулж байна. 

Товчхон дүгнээд хэлэхэд шүүхийн төсөв улсын төсөвт нэг их нөлөө үзүүлээд байдаггүй. Эдийн засаг хүнд байгаа хэдий ч шударга ёсны манаанд зогсож байгаа шүүхийн төсвийг ингэж бууруулах бодит эдийн засгийн нөхцөл, шаардлага байхгүй.

Шүүгчийн цалин бол шүүгчийн хараат бусаар ажиллаж амьдрах гол баталгаа.

Шүүгчийн цалин бол шүүгчийн хараат бусаар ажиллаж амьдрах гол баталгаа. Шүүгчийн цалинг тогтоохдоо ШЕЗ-ийн  саналыг харгалзан УИХ тогтоодог. Гэтэл Засгийн газар ямар ч санал солилцсон зүйлгүйгээр, хууль зөрчөөд шүүгчийн цалинг хасах асуудал ярьж байгаад харамсаж байна. Шүүхийн төсөв, шүүгчийн цалинг бууруулах шийдвэр нь Үндсэн хууль зөрчинө" гэлээ.

2016 оны батлагдсан төсөв, цалингийн сан: УИХ-аас шүүхийн 2016 оны төсвийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын багц 48.9 тэрбум, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн багц 3.4 тэрбум төгрөгөөр баталсан. Шүүхийн 2016 оны төсөвт шүүгчийн цалингийн сан 21.5 тэрбум төгрөг буюу 41 хувийг эзэлж байна.

2016 оны төсвийн тодотгол хийх Засгийн газрын санал: ШЕЗ-ийн даргын багц 45, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн багц 3.2 тэрбум төгрөг болгоно.

 

МУИС-ийн Хууль зүйн сургуулийн дэд профессор О.Мөнхсайхан "Шүүхийн хараат бус байдал тодорхой өртөгтэй байдаг. Тухайн улс нийт төсвийнхөө 2-5 хувийг шүүхийн салбарт зарцуулж байж хараат бус байдал нь бэхждэг. Энэ дотроо бид цалингийн талаар ярьж байна. Шүүгчийг хараат бус, ар гэр үндсэн хэрэгцээндээ санаа зовохгүйгээр ажиллуулахын тулд тухайн улсын дундаж цалинг 5-7 дахин нэмэгдүүлсэн цалинг өгөх хэрэгтэй гэсэн тогтсон стандарт байдаг. Манайд бол өнөөдөр дундаж цалингаа гурав дахин нугаласан цалинг л өгч байгаа. Одоо ингээд цалинг 60 гаруй багасгахаар дундаж цалингаас хоёр дахин ихийг өгөх нь.

Шүүхийн хараат бус байдал тодорхой өртөгтэй байдаг. 

Дээрээс нь эдийн засгийг сэргээх гадаад хөрөнгө оруулалт татахад шүүгчийн хараат бус байдал нэг чухал үзүүлэлт болдог. Шүүх нь, шүүгч нь хараат бус байж гадаадын хөрөнгө оруулалт татна. Мөн шүүгчид багшлах, эрдэм шинжилгээний ажил хийхээс өөр ажил хийхийг хориглодог. Гэтэл  манай шүүгчид маш их ачаалалтай ажилладаг учраас давхар ажил хийх боломжгүй байгаа" хэмээн ярилаа.

ШЕЗ, Хуульчдын холбооны дэргэдэх Шүүгчдийн хорооноос Шүүхийн төсөв, шүүгчийн цалинг бууруулахгүй байх дараах үндэслэлүүдийг танилцуулж байгаа юм.

  1. Шүүгчийн цалинг нэмэгдүүлснээр хуульчдын дунд өрсөлдөөн бий болж, шүүхийн хүний нөөц шинэ хуульчдаар сэлбэгдэж, шүүгчдийн ажил мэргэжилдээ хандах хандлага өөрчлөгдөж, хараат бусаар хариуцлагатай, шударга ажиллах сэтгэл зүтгэл бий болсон нь юугаар ч сольшгүй үр дүн мөн. Шүүгчийн цалинг Монгол Улс нэмэгдүүлснийг олон улсын шинжээчид шүүхийн шинэтгэлийн хамгийн гол ололт гэж дүгнэсэн байна. Энэ ололт амжилтыг улам баталгаажуулж төрийн бодлогын залгамж халааг хадгалах шаардлагатай.
     
  2. Төсвийн тодотголоор төсвийн урсгал зардлыг 7 хувиар нэмэгдүүлэхээр төлөвлөсөн атлаа шүүгчийн цалинг 61-66 хувиар, шүүхийн төсвийн урсгал зардлыг 8 хувиар бууруулах, нэгдсэн төсвийн зарлагад эзлэх шүүхийн төсвийн хувийн жинг 0.66-аас 0.46 болгон багасгахаар тусгасан нь Үндсэн хуулиар баталгаажсан төрийн эрх мэдлүүд хоорондоо тэнцвэртэй байх зарчмыг зөрчиж, шүүх эрх мэдлийн хараат бус, бие даасан байдлыг бусад эрх мэдлийн байгууллагаас дордуулахад хүргэнэ.
     
  3. Шүүхийн төсөв, шүүгчийн цалинг буруулах нь шударга ёсыг үнэгүйдүүлэх, шүүх эрх мэдлийн хараат бус байдлыг алдагдуулах, цалингийн зээлтэй шүүгчдийг банк, мөнгөний барьцаанд оруулах аюултай. 2016 оны эхний байдпаар нийт шүүгчийн 98.5 хувь нь арилжааны банкинд 24.5 тэрбум төгрөгийн зээлтэй байгаагийн 72.9 хувь нь орон сууцны зээл, 22.8 хувь нь цалингийн зээл, 4.2 хувь нь хэрэглээний зээл. Шүүгч дундажаар 583,000- 3,250,000 төгрөгийн зээл нэг сарын төлбөрт төлж байна.
     
  4. Шударга шүүхийн тогтолцоо төлөвшөөгүй улс оронд бизнес эрхлэх, хөрөнгө оруулалт хийх, эд зүйл өмчлөх, эзэмших явдал өндөр эрсдэлтэй болдог. Иймээс төсөв санхүүгийн хүндрэл бэрхшээл байсан ч шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг илүү баталгаажуулах замаар хөрөнгө оруулагч, баялаг бүтээгчдээ дэмжиж, эдийн засгаа эрүүлжүүлдэг олон улсын жишиг, сайн туршлага элбэг байдаг.
     
  5. Үндсэн хуулийн Дөчин наймдугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу “шүүх үйл ажиллагаа явуулах эдийн засгийн баталгаа’’-г хангах үүргийг төр хүлээнэ. Шүүхийн төсөв, шүүгчийн цалинг бууруулах шийдвэр Үндсэн хууль зөрчинө.
     
  6. Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.7 дахь хэсэгт “Бүх шатны шүүхийн шүүгчийн орон тоо, цалингийн хэмжээг Шуухийн ерөнхий зевлөлийн саналыг харгалзан Улсын Их Хурал тогтооно” гэж хуульчилсан. УИХ-ын 2015 оны 101 дүгээр тоггоолоор бүх шатны шүүгчийн албан тушаалын цалингийн хэмжээг 2,700,000- 3,300,000 төгрөг байхаар тогтоосон. УИХ шүүгчийн цалинг шинэчлэн тогтоох бол ШЕЗ-ийн саналыг заавал авч харгалзан үзэх ёстой.

 Дээрх байгууллагуудын зүгээс Засгийн газрын санал УИХ-аар батлагдсан тохиолдолд Үндсэн хуулийн цэц болон холбогдох олон улсын байгууллагуудад хандана гэдгээ илэрхийлж байгаа юм.