Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/08/29-НД НИЙТЛЭГДСЭН

Хятадын зочид буудлуудад Исламын орнуудаас зочин хүлээж авахгүй байхыг даалгажээ

Р.Төмөр, ikon.mn
2016 оны 8 сарын 29
iKon.MN
Зураг зураг

Хятадын өмнөд эргийн Гуанжоу хотын жижиг зочид буудлуудад Исламын шашинтай таван орноос ирэх зочдыг хүлээж авахгүй байх даалгаврыг цагдаагийн газраас өгсөн талаар эх сурвалжууд мэдээлж байна.

Эдгээр таван улс нь Пакистан, Сири, Ирак, Турк, Афганистан байгаа аж.

Хэдийгээр Хятадын гадаад хэргийн яамныхан ийм хоригийн талаар дуулаагүй гэж байгаа ч Гуанжоу хотын хэд хэдэн буудлын ажилтнууд үүнийг баталж байна.

Ингэхдээ есдүгээр сарын 10-ныг хүртэл эдгээр орнуудын зочдыг хүлээж авахгүй байхыг сануулсан гэж байгаа юм. Харин зочид буудлуудад шалтгааныг огт тайлбарлаагүй байна.

Ажиглагчдын үзэж байгаагаар ирэх сарын эхний долоо хоногт (4-5-нд) Ханжоу хотод болох Их 20-ын (G20) уулзалтаас үүдэлтэй ийм шаардлага тавигдсан байж болзошгүй гэнэ.

Уг арга хэмжээнд дэлхийд эдийн засгаар тэргүүлэгч 20 орны удирдагч нар цуглах юм. G20-ын аюулгүй байдлыг хангах, террорист халдлагаас урьдчилан сэргийлэх нь Хятад улсын хувьд томоохон асуудал болоод байгаа.

Хэдийгээр Гуанжоу хот нь Ханжоугаас 1,000-аад километр зайтай оршдог ч гаднаас ирэгсдийн хувьд Ханжоуд нэвтрэх гол боомт болдог. Мөн G20-ын зочид уулзалтын өмнө ба хойно Хятадын аж үйлдвэр, эдийн засгийн томоохон төв болсон Гуанжоу хотод зочлох магадлал өндөр байгаагаас ингэж хамгаалсан бололтой.

Уулзалтыг зохион байгуулах Ханжоу хот энэ үеэр аюулгүй байдлын өндөр горимд шилжиж, бизнесийн байгууллагуудын үйл ажиллагааг түр зогсоон, иргэдийг хотоос гарахыг уриалж байгаа юм байна.

 

Эх сурвалж: Independent, South China Morning Post