Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/08/29-НД НИЙТЛЭГДСЭН

Япон улс Африк тивд $30 тэрбумын хөрөнгө оруулалт амлалаа

Р.Төмөр, ikon.mn
2016 оны 8 сарын 29
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн Бямба гарагт Япон улсын ерөнхий сайд Шинзо Абэ Кенийн нийслэл Найроби хотод цугларсан Африкийн 30 орчим орны удирдагч нарт томоохон хөрөнгө оруулалт амлалаа.

Энэ жилээс эхлээд ирэх гурван жилд Япон улс Африк тивийн дэд бүтэц, боловсрол, эрүүл мэндийн салбарт нийт $30 тэрбумын хөрөнгө оруулах гэнэ.

Байгалийн баялаг хомс Япон улс 2011 онд болсон Фукушимагийн цөмийн гамшгийн дараа эрдэсийн нөөц ихтэй Африк тивийг ихээхэн сонирхох болсон юм.

Кенийн нийслэл Найроби хотод болсон зургаа дахь удаагийн Африкийн Хөгжлийн Токиогийн Чуулган TICAD (Tokyo International Conference on African Development) чуулганы үеэр Абэ энэ мэдэгдлийг хийжээ.

2013 онд болсон өмнөх TICAD чуулганы үеэр таван жилийн хугацаанд $32 тэрбумын хөрөнгө оруулахаа Токио амлаж байсан юм.

Харин энэ амлалтын 67 хувь нь янз бүрийн салбарт хэрэгжиж байгааг Абэ мэдээлсэн байна.

Японоос Африкт хийсэн шууд хөрөнгө оруулалт 2015 онд $1.24 тэрбум хүрсэн нь өмнөх оны $1.5 тэрбумаас буурсан үзүүлэлт байв. Үүнтэй харьцуулбал Япончууд Африк тивд хэр их анхаарал тавих болсон нь харагдаж байна.

Харьцуулбал Японы гол өрсөлдөгч Хятад улс 2015 оны дөрөвдүгээр сард зөвхөн Экваторын Гвинейн газрын тосны салбарт $2 тэрбумын хөрөнгө оруулсан юм.

Японы гадаад хэргийн яамны мэдээлснээр энэ удаагийн хөрөнгө оруулалт эрчим хүчний салбарт томоохон дэвшил авчирч Африк тив даяар эрчим хүчний үйлдвэрлэлийг 2,200 Мегаваттаар нэмэгдүүлэхэд зориулагдах гэнэ.

Үүнээс гадна Африк даяар 20,000 математикч, шинжлэх ухааны багш нарыг бэлдэх, халдварт өвчинтэй тэмцэх 20,000 мэргэжилтэн бэлдэхээр болсон байна.

Энэ үеэр Африкийн Чуулганыг даргалж байгаа Чадын ерөнхийлөгч Идрисс Дэби аюулгүй байдал, терроризмийн эсрэг тэмцэлд хамтарч ажиллах санал Токиод тавьсан гэнэ.

Ингэснээр Япон улс нь АНУ ба Хятадын дараа Африк тивийн гол тоглогч болох өрсөлдөөнд нэмэгдэн орж ирлээ.

 

Эх сурвалж: Japan Today