Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/08/26-НД НИЙТЛЭГДСЭН

Н.Пунцаг: Хохирсон иргэдийн нөхөн төлбөрийг барагдуулахад АТҮТ онцгой анхаарч ажиллана

ikon.mn
2016 оны 8 сарын 26
iKon.MN
Зураг зураг

БНХАУ-ын нутаг дэвсгэрт Жанчхүүгийн даваанаас 20 км-т Бээжин – Замын-Үүд чиглэлийн улс хоорондын тогтмол зорчигч тээвэрлэлт гүйцэтгэх гэрээтэй Хятадын талын Жиу Лун Сян Хө ХХК-ийн автобус шатсан осол гарсан билээ. Тус ослын талаар Автотээврийн үндэсний төвийн захирал Н.Пунцагаас тодрууллаа.

-Осол гарсан Хятадын талын компани Автотээврийн үндэсний төвтэй ямар гэрээ байгуулан ажилладаг вэ?

-Автотээврийн үндэсний төв улс хоорондын зорчигч тээврийн чиглэлд нийт 10 компанитай Хот хоорондын тогтмол зорчигч тээвэрлэлт гүйцэтгэх гэрээ байгуулан ажилладаг. Жил бүр гэрээний биелэлтийг шалгаж сунгах эсэхээ шийдвэрлэдэг. Тус Жиу Лун Сян Хө /Есөн луу/ компанийн тухайд өмнө нь ямар нэг осол зөрчил гаргаж байгаагүй.

-Ослын шалтгаан тодорхой болсон уу? Мөн ослын үеэр тус автобусанд сууж явсан Монголын талын 37 иргэний хохирлыг хэрхэн барагдуулах вэ?

-Осол Хятадын талын нутаг дэвсгэр дээр болсон тул Хятадын цагдаа шалгаж байгаа. Моторт цахилгааны гэмтэл үүссэнээс осол болсон гэж ослын дүгнэлт гарсан.

Монголын 37 иргэний хохирлыг барагдуулах тал дээр бид “Есөн луу” компанийн удирдлагуудтай харилцаж бүрэн тохиролцсон. Гэрээний дагуу хүлээсэн үүргээ биелүүлэх хатуу шаардлагыг бид бүхэн “Есөн луу” компанид тавьсан. Гэрээнд зорчигчийн ачаа тээшинд гэмтэл учрах, зорчигчдод ямар нэр хохирол учруулсан тохиолдолд хохирлыг бүрэн барагдуулах тухай заасан байгаа. Тус компанийн зүгээс манай 37 иргэний хохирлыг бүрэн барагдуулахаа албан ёсоор мэдэгдсэн байгаа. Хэрэгжилтэд нь Автотээврийн үндэсний төв Монгол Улсаас БНХАУ-д суугаа элчин сайдын яамтай хамтран онцгой анхаарч ажиллана.

Өнөөдөр манай Тээврийн хэлтсийн холбогдох албан тушаалтнууд Бээжин хотод очиж даатгалын компанитай биечлэн уулзахаар томилолтоор явлаа. Одоогийн байдлаар Монгол руу буцаж ирэх замын зардал болон хоол хүнсний зардалд зориулж хүн тус бүрт 2000 юанийн тусламжийг тус компаниас гаргуулсан. Бусад хохирлын хэмжээг тогтоож 20 хоногийн дотор бүрэн барагдуулна. Хэрвээ барагдуулаагүй тохиолдолд гэрээг цуцлах хүртэл арга хэмжээ авна.

-Хохирлын хэмжээг хэрхэн тодорхойлж байгаа вэ. Ер нь нийт хохирлын хэмжээ тодорхой болсон уу?

-Нийт хохирлын хэмжээ тодорхой болоогүй, манай наймаачид захаас бараагаа авдаг тул баримт бүрдүүлэхэд хүндрэлтэй байгаа. Тийм хэдий ч манай иргэд зөвхөн гадаад паспорт, иргэний үнэмлэхний хуулбараа гаргаж өгөхөд хангалттай. Нийт хохирлын хэмжээ эцсийн байдлаар тодорхой болоогүй байна. Манай иргэд бичиг баримтаа бүрдүүлж өгсний дараа тодорхой болно. Тухай бүрт нь шуурхай мэдээлэх болно.

-Цаашид осол зөрчил гаргахгүй тал дээр хэрхэн анхаарч ажиллах вэ?

-Өнгөрсөн хугацаанд бид бүхэн тогтмол зорчигч тээвэрлэлт гүйцэтгэж буй том оврын автобууснуудыг техникийн хяналтын үзлэгт тогтмол хамруулж бүрэн хэвшсэн. Тээврийн хэрэгслийн техникийн бүрэн байдал, жолоочийн ажил, амралтын дэглэмийг тээвэрлэлтэд гарахын өмнө тухай бүрт шалгаж, замын хуудас олгон баталгаажуулж ажиллаж байгаа. Цаашид ч энэ тал дээр илүү анхаарч ажиллана. Мөн зорчигч тээврийн үйлчилгээг иргэдэд илүү хүртээмжтэй хүргэхийн тулд онлайн тасалбар захиалга, “SOS” үйлчилгээ зэрэг арга хэмжээг хэрэгжүүлэн ажиллаж байна.

 

Эх сурвалж: АТҮТ