Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/08/25-НД НИЙТЛЭГДСЭН

Ирландын боксчин Майкл Конлан Монголоос сэтгэл санааны дэмжлэг үзүүлснийг ярьжээ

Р.Төмөр, ikon.mn
2016 оны 8 сарын 25
iKon.MN
Зураг зураг

24 настай Ирландын боксчин Майкл Конлан Рио 2016 наадмын боксын тэмцээнд Оросын Владимир Никитинд маргаантайгаар ялагдаж дуулиан тарьсан билээ.

Тэрээр шүүгчдийн шийдвэрийг эсэргүүцэж дэвжээнээс буухын өмнө дунд хуруугаа гозойлгон харуулж, дараа нь хэвлэлд хатуу мэдэгдэл хийж байсан юм.

Харин үүний дараа AIBA-гийн ерөнхийлөгч доктор Ву Чин-Куо “сахилгын арга хэмжээг” Конланд авна гэж мэдэгдэж байв.

Тэгвэл өчигдөр Ирландын нийслэл Дублинд газардсан Конланыг нутгийнхан нь баатрын ёсоор угтаж авсан байна. Энэ үеэр Конлан AIBA-гийн шийтгэлээс айхгүй байгаагаа илэрхийлж “тэд хүссэнээ хийг. Би үүнээс огт айхгүй байна. Миний ярьсан зүйл бүгд үнэн” гэжээ.

 Тэр цааш нь ярихдаа “Би тэр үед үгээ хэлээгүй бол одоо харамсах байсан” гэсэн байна. Конлан бас түүнийг дэмжсэн мессэж олныг хүлээж авснаа яриад бүр алс холын Монголоос хүртэл ийм үг сонссондоо баярлаж байгаагаа ярьжээ.

Тэр “Намайг дэмжсэн хүмүүсийн үг гайхмаар байсан. Энэ л миний сэтгэлийг амраасан юм” гэсэн байна.

Одоо Конлан сонирхогчийн боксыг орхиж мэргэжлийн дэвжээнд гарахаар төлөвлөж байгаа гэнэ.

 

Эх сурвалж: BBC Sport