Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/08/24-НД НИЙТЛЭГДСЭН

О.Баасанхүү: МАН хэмнэлт хийх бол дэд сайдуудыг байхгүй болгох хэрэгтэй

А.Төгөлдөр, iKon.mn
2016 оны 8 сарын 24
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын гишүүн О.Баасанхүү Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт хийх гэж байгаатай холбогдуулан мэдээлэл хийлээ. 

Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжлийн сангийн 2016 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн бариад байгаа.

Гэвч энэ хуульд Эрүүл мэндийн тухай, Хүүхэд харах үйлчилгээний тухай, Хүүхэд хамгааллын тухай, Эрүүл мэндийн тухай хууль зэрэг хэд хэдэн хуулийн хэрэгжих хугацааг таван жилээр хойшлуулж, 2021 оноос хэрэгжүүлэхээр тусгасан нь ноцтой асуудал гэдгийг О.Баасанхүү гишүүн хэлэв. Тэрбээр “МАН байгаа хугацаандаа энэ хуулиудыг хэрэгжүүлэхгүй гэдгээ албан ёсоор зарлаж байна. Хүүхэд хамгаалах шаардлагагүй гэж тэд үзэж байгаа бололтой. Аливаа хуулийг хойшлуулахад үндэслэл байх ёстой. Таван жил Монголчуудад эрүүл мэнд хэрэггүй гэж ойлгохоор байна” гэв. 

Мөн “Хуульд өөрчлөлт оруулах замаар Засгийн газрын Монголбанкинд өгөх өрийг байхгүй болгох гэж байна. “Сайн” хөтөлбөрүүдийн санхүүжилтэд зориулж Засгийн газар бонд гаргасныг Монголбанк худалдаж авсан. Ингэхдээ Өрийн удирдлагын тухай хуулд заасанчлан тухайн жилдээ төлж болох хэмжээгээр зээл авч болно гэснийг зөрчиж, хэтрүүлэн зээл авсан байгаа юм. Харин одоо энэ заалтыг нь хүчингүй болгохоор оруулаад ирж.

Төсвийн зардлыг багасгана гэсэн хэр нь нэг аймагт 6 соёлын төв, үерийн даланг 28 тэрбум төгрөгөөр барих төсөв оруулж ирж байна. 

Ингэснээр Монголбанкнаас зээлсэн мөнгийг Засгийн газар өгөхгүй гэж ойлгогдож байна.  Хэрэв ингэвэл Монголбанк хүнд байдалд орно. Монголбанк хямарвал арилжааны банкууд хямарснаас хэд дахин хүнд. 

Үүнээс гадна сайн суралцсан оюутнуудад тэтгэлэг олгодог Сургалтын төрийн санг Сургалтын зээлийн сан болгох гэж байна. Хөгжлийн бэрхшээлтэй байсан ч тэтгэлэг хүртэх эрхгүй болох нь. Эдийн засгийн ийм хүнд үед оруулж ирж байгаа энэ мэт бодлого нь дундаж давхаргынхныг ядууралд хөтөлж байна. Сургуулийн бүтцийг гэхэд сайд нь баталдаг болохоор орж ирж байна. Тэр бүтцээр нь хэдэн ч хүн халагдахыг үгүйсгэхгүй.

Дээрээс нь багш нарын тэтгэвэрт гарахдаа нэг удаа авдаг 36 сарын тэтгэмжийг 1-12 сар болгож, хүн амын орлогын албан татварыг нэмэгдүүлж, оюутны тэтгэмжийг үгүй болгох гэж байна.

Цалин гэдэг бол хүний амьжиргаа, амьдралын эх үүсвэр. МАН амьжиргаанаас нь танаж хасаж байхаар нэг аймагт 6 соёлын төв барих, 28 тэрбум төгрөгөөр үерийн далан барих гэж  төсөвт оруулж ирж байгаагаа болих хэрэгтэй. МАН төсвийн хэмнэлт хийх гэж байгаа бол дэд сайдуудыг байхгүй болгох хэрэгтэй. Сарын цалин нь 1 сая гэх ч түүнийг дагаад маш их зардал гарна. Баримжаагаар 60 тэрбум орчим төгрөгийн зардал гарахаар байна билээ" гэсэн юм.

Тэрбээр мэдээллийнхээ төгсгөлд Төсвийн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дэмжихгүй гэдгээ мэдэгдэв.