Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/08/24-НД НИЙТЛЭГДСЭН

П. Баттогтох: Тариалангийн бүс нутгаар ЦОЧИР ХҮЙТЭРЧ, ХЯРУУ УНАХ төлөвтэй байна

Г.Цэнд-Аюуш, iKon.mn
2016 оны 8 сарын 24
iKon.MN
Зураг зураг

ОБЕГ-аас хадлан бэлчээр, өвөлжилтийн бэлтгэл ажил, цаг уурын нөхцөл байдал болон бусад асуудлаар мэдээлэл хийлээ. 

ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, хурандаа П.Баттогтох " Энэ жил бороо хур элбэгтэй байгаа боловч газар тариалангийн бүс нутагт ургац, хадлан авах хугацаа оройтож, тариа болон хүнсний ногооны болц оройтож болзошгүй байна. Үүнтэй холбоотой ХАА-н бүсүүд дараах арга хэмжээг авах шаардлагатай байгааг анхааруулж байна.

  • Газар тариалангийн бүс нутгийн хувьд наймдугаар сарын сүүлийн арван хоног болон есдүгээр сарын дунд үеэс цочир хүйтэрч хяруу унах төлөвтэй байгаа учраас хяруунаас хамгаалах зохион байгуулалттай үйл ажиллагаа явуулах,
     
  • Тариа будааг цасанд даруулахгүйн тулд зохистой арга хэмжээг авч, ангилан хадах үйл ажиллагааг цаг тухайд нь хийх шаардлагатай байна. Ийм учраас орон нутаг, аймаг сумдын онцгой байдлын комисс техник хангамж, хүч хэрэглэлийнхээ тооцоо судалгааг гаргах арга хэмжээ авах хэрэгтэйг анхааруулж байна" гэв.
ОХУ-ын Алтайн хязгаар, Тувагийн Бүгд Найрамдах Улс, Эрхүү зэрэг газруудад цочир хүйтрэх, үер усны аюул гарах, зарим газруудаар гантай байх төлөвтэй байна. Үүнтэй холбогдуулан есөөс арван сард үргэлжлэн ой хээрийн түймэр гарч болзошгүй учраас тус бүс нутгаас эрчим хүчний хувьд хараат байдаг баруун аймгууд саатал доголдол гарах үед бэлтгэлтэй байж, урьдчилсан ажиллагааны төлөвлөгөөг тодотгоход анхаарч ажиллахыг ОБЕГ-аас зөвлөж байна.
Улсын нөөцийн өвс тэжээлийн бэлтгэл ажил 50 хувьтай явж байна

Монгол орны зуншлагын төлөв байдлыг 2016 оны наймдугаар сарын 20-ны өдрийн байдлаар гаргахад нийт нутаг дэвсгэрийн 60 орчим хувь нь сайн, 35 орчим хувь нь гандуу, 5 хүрэхгүй хувь нь гантай байна. Аймгийн дүнгээр авч үзвэл Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Булган, Говь-Алтай зэрэг 15 аймгийн 47 сумын нутагт бэлчээрийн даац онцгой хэтэрсэн бөгөөд мал өвөлжилт, хаваржилт хүндэрч болзошгүй тул:

  • Иргэд дулаан хувцас, эм, эмнэлгийн хэрэгсэл, хоол хүнсний нөөцийг эртнээс бэлтгэх
  • Бэлчээрийн даацад тохирсон малыг өвөлжүүлэх, гэр орон, малын хашаа хороо, байр сууцны дулаалга, нөмөр хаалтыг хийх, засч сэлбэх хэрэгтэйг ОБЕГ-аас тусгайлан анхаарууллаа.

2016-2017 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд улсын өвс тэжээлийн нөөц буюу гамшиг ослын үед ЗГ-ын тогтоолоор ашиглах өвс тэжээлийн нөөцийг бүрдүүлэх ажил явагдаж байгаа ажээ.

Уг ажлыг 2016 оны аравдугаар сарын нэгний дотор 100 хувь дуусгах аймаг орон нутгийн Онцгой Комиссоос өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах төрөл бүрийн мэргэжлийн албан хаагчдын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулан ажиллаж байна.