Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/08/24-НД НИЙТЛЭГДСЭН

С.Шижирбат: Бидний медалийг хулгайлаад Монгол Улсыг нийтээр нь доромжилчихлоо

Б.БЯМБАСҮРЭН, iKon.mn
2016 оны 8 сарын 24
iKon.MN
Зураг зураг

Бөх тайлбарлагч С.Шижирбат өнөөдөр болсон хэвлэлийн бага хурлын үеэр Чөлөөт бөхийн 65 кг-ийн жинд барилдсан Г.Мандахнарангийн барилдааны талаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

Тэрбээр “Дэлхийн BBC, CNN, АНУ, Японы чөлөөт бөхийн холбоо манай бөхийг ялсан гэж мэдэгдэж байхад бид хоорондоо талцаад байна. Би жүдо, чөлөөт хоёуланг нь тайлбарладаг. Жүдогийн хамгаалалт, чөлөөтийн хамгаалалт тэс өөр. Жүдо бол барьцтай бөхийн төрөл учраас тэгж хамгаалахад асуудалгүй торгоно.

Би Монголын бүх шүүгчидтэй холбоотой байдаг. Олон улсын сургалт семинар дээр чөлөөтийн үндсэн зургаан минутын 5 минут 50 секундээс хойшоо 10 секундэд торгож болохгүй гэдгийг үргэлж анхааруулдаг. Үүнийг бөхийн хэллэгээр “буудах” гэдэг.

Дэлхийн Бөхийн Нэгдсэн Холбоо/United World Wrestling/ энэ тухай үргэлж сануулсаар ирсэн. Энэ талаар би маш дэлгэрэнгүй нэвтрүүлэг хийхээр төлөвлөж байна.

Дахиад хэлэхэд дэлхийн бусад мэдээллийн агентлагууд манай Монголыг ялсан гэж байхад бид дотроо талцаад ялсан, ялаагүй гээд байж болохгүй.

Дүрмийн тал дээр хэлэхэд 7:6 харьцаатай байхад 5 минут 42 секунд буюу цаг дуусахад 18 секундын зай байлаа. Энэ 18 секундын хугацаанд манай Г.Мандахнаран хөл рүү нь тахимдах мэх хийж, гарыг нь хөших, буцаагаад гараа сугалах зэрэг барилдаан хийж байгаа юм. Би энэ бичлэгийг олон удаа үзсэн. Тэгээд 5 минут 56 секунд буюу ердөө дөрвөн секундын өмнө илт зугтсан. 5 минут 58 секунд дээр Азербайжаны шүүгч торгохыг санал болгоход дэвжээн хажуу болон дэвжээний ахлах шүүгчид зогсоож амжаагүй хугацаа дууссан. Чөлөөтийн дүрмэнд хугацаа дууссан бол ямар нэгэн оноо, торгууль байхгүй.

Цаг дуусчихаад байхад нэлээд хэдэн секундын дараа 7:7 болгосон. А.Рузиев гээд Узбекистан улсын иргэн Дэлхийн Бөхийн Нэгдсэн Холбоонд том алба хашдаг хүн байдаг. Тэр хүний даалгавартайгаар шүүгч нар ийм шийд гаргалаа.

Өмнөх барилдаан дээр ч И.Наврузов Пуэрто Рикогийн бөхийг улаан цайм шүүлтээр ялсан. Одоо тэр барилдааныг шүүсэн гурван шүүгчийг хөөчихсөн байгаа. Дараа нь Г.Мандахнаран, И.Наврузов хоёрын барилдааны асуудал яригдах гэж байгаа юм билээ.

Узбекистан улсад эмэгтэй чөлөөт бөх гэж байдаггүй. Эрэгтэй чөлөөт бөхийн хамгийн сүүлийн өдөр Монгол, Узбекистан гээд хоёулаа медаль аваагүй орны бөхчүүд хүрэл медалийн төлөө гараад ирж байгаа юм.

Олон спорт шүүлтийн асуудалтай ч бидний медалийг хулгайлаад Монгол Улсыг нийтээр нь доромжилчихлоо.

Иран, ОХУ, Америк гээд том улсын бөхчүүд сүүлийн 10 секундэд хуруугаа гозолзуулаад баяраа тэмдэглэвэл шүүгч нар яаж ч чадахгүй гарыг нь өргөөд барилдааныг өндөрлүүлнэ.

Г.Мандахнаран дүрмээ дэндүү сайн мэднэ. Энэ жил 30 настай хамгийн сүүлийн олимпдоо орж байгаа. Хүний 18 жилийн хөдөлмөр энд яригдаж байна.

Хоёр багшийн цээжээ шалдалдаг ч зөв үйлдэл гэж бодож байгаа. Риогийн олимпийн нүцгэн үнэнийг харуулсан. Бид олон удаагийн жижиг тэмцээн дээр луйвардуулчихаад чимээгүй л өнгөрдөг байсан.

Г.Мандахнарангийн сэтгэл зүй маш сайн байсан гэж бодож байгаа. Манай бүх тамирчдын хамгийн сүүлийнх нь байж бүх хүн итгэл хүлээлгэсэн. Тэгэхэд маш сайн барилдаан үзүүлсэн” хэмээлээ.