Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/08/24-НД НИЙТЛЭГДСЭН

Рио 2016 Паралимпийн Наадмаас ОХУ-ын багийг бүхлээр нь хасах шийдвэр дэмжигдлээ

Р.Төмөр, ikon.mn
2016 оны 8 сарын 24
iKon.MN
Зураг зураг

Ирэх сард зохион байгуулагдах Рио 2016 Паралимпийн Наадмаас ОХУ-ын багийг бүхлээр нь хасах шийдвэрийг Спортын Арбитрийн Шүүх өчигдөр буюу Мягмар гарагт дэмжиж байгаагаа мэдэгдлээ.

Өмнө нь Олон Улсын Паралимпийн Хороо ийм шийдвэр гаргаж, Оросууд түүнийг нь давж заалдаад байсан юм.

Ийм шийдвэр гаргах болсон үндэслэл нь Макларений тайлан нэртэй шалгалтын дүгнэлтэд Оросын засгийн газар тамирчиддаа системтэйгээр сэргээш хэрэглүүлдэг тухай мэдээллийг баталсанд оршиж байна.

ОХУ-ын ерөнхий сайд Дмитрий Медведев мэдэгдэл хийж уг шийдвэрийг Рио 2016 Паралимпийн наадмаас хүчтэй өрсөлдөгчөө зайлуулах гэсэн “увайгүй үйлдэл” гэж нэрлэжээ.

Оросын Паралимпийн Хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Андрей Строкин ийм шийдвэр гарснаар хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн өөртөө итгэх итгэл, урам зориг авдаг ганц боломжийг хааж байна гэж харамссан байна.

Өнгөрсөн сард Олон Улсын Олимпийн Хороо ОХУ-ын багийг бүхлээр нь хасахаас татгалзаж спортын холбоодод нь бие даан шийдвэр гаргах эрх олгосон нь Барууныхны шүүмжлэлтэй тулгарч байв. Тэгвэл Олон Улсын Паралимпийн Хорооны шийдвэр үүний эсрэг гарлаа.

Өнгөрсөн Рио 2016 Зуны Олимпийн наадамд Орос улс 100 орчим тамирчнаа хасуулж 270 орчим тамирчинтай оролцсон ч 56 медаль аван медалийн тоогоор дөрөвдүгээрт жагссан юм.

Харин Паралимпийн наадамд Оросоос 18 спортын төрөлд 267 тамирчин орохоор бэлдэж байжээ.

Одоо Оросуудад ОУПХ-ы шийдвэрийг цуцлуулах ямар нэг арга зам үлдсэнгүй. Дараагийн боломж нь Швейцарийн Холбооны Дээд Шүүхэд давж заалдах боловч шийдвэр нь 1-2 жилд гардаг тул Рио 2016 Паралимпийн тоглолтод ОХУ-ын баг оролцох боломжгүй болж байна.

 

Эх сурвалж: BBC