Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/08/24-НД НИЙТЛЭГДСЭН

Төгрөгийн уналт өрийн дефолтод хүргэх үү?

Өглөөний сонин
2016 оны 8 сарын 24
MorninigNews.mn
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Монгол Улс эдийн засгийн хувьд хүндхэн хямралтай тулгарлаа. Гол шалтгаан нь Хятадын эдийн засгийн өсөлт саарсан, Монголын экспортын үндсэн бүтээгдэхүүн болох түүхий эдийн үнэ унасан явдал юм.

Улсын өр энэ онд 78 хувь хүртэл нэмэгдэнэ гэж Монголын эрх баригчид хэлж буй. Тус улсын нөөц нь эрс багасаж байгаа учраас дефолттай тулгарах эрсдэлтэй байна. (Дефолт (англиар default — хүлээсэн үүргээ биелүүлж чадахгүйд хүрэх. 
Энд үндсэн өрийн үйлчилгээ, өрийн хувийг гэрээний дагуу төлөх чадваргүй болохыг хэлнэ).

Монгол төгрөгийн ханшийн уналт сүүлийн 23 жилийн хугацаанд хамгийн доод хэмжээнд хүрлээ. Сар хүрэхгүй хугацаанд ам.доллартай харьцуулсан Монгол төгрөгийн ханш 1:2243.50 болов.

Энэ сард төгрөгийн ханш 7.8 хувиар унан Bloomberg агентлагийн ажиглалтаар хамгийн хурдан хямдарч буй 154 валют дотор тэргүүлэв. Ер нь 2016 онд Монгол төгрөг 11 гаруй хувиар уналаа. Улс орон нь хямралын намагт улам гүнзгий шигдсээр байна.

Энэ арван жилийн эхэнд Монголын ирээдүй огт өөрөөр харагдаж байсан юм. Түүхий эдийн өндөр үнэ, тэдгээрийн Хятад дахь өндөр эрэлт нь Монголын эдийн засгийн эрчимтэй өсөлтийн шалтгаан болсон билээ.

Монголын дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ) 2011 онд 17.3 хувиар, 2012 онд 12.3 хувиар, 2014 онд 7.89 хувиар тус тус өссөн юм. Энэ бол Дэлхийн банкнаас гаргасан тоо. Гэтэл улсын зардал нэмэгдэж, эдийн засагт нь гадаадын хөрөнгө оруулалт саарснаас Монголын эдийн засаг цохилтод оржээ.

“Төрийн байгууллагуудын ашиглалтын зардал, тэр дундаа манай хил хязгаарыг хамгаалж байгаа Монголын цэргийнхэн, нийгмийн болон эмнэлгийн ажилтнууд, соёл, спортын салбарын хүмүүст бид цалин хөлсийг нь төлж чадахгүйд хүрлээ” гэж Монголын Сангийн сайд Б.Чойжилсүрэн үндэсний телевизээр ярихдаа хэлсэн юм.

“Бид эдийн засгийн гүнзгий хямралд байна” гэж тэр хүлээн зөвшөөрөхөд хүрэв. Монголын экспортын үндэс нь зэс юм. Тэр нь л монгол төгрөгийг доош татлаа.

Өнгөрсөн онд зэсийн дэлхийн үнэ 26 хувиар унан тонн зэс $4,465 ам.доллар болсон байв. Харин 2016 онд зэсийн үнэ бага зэрэг тогтворжин тонн нь 4,750 ам.доллар болжээ. Гэтэл түүний гол хэрэглэгч, дэлхийн үйлдвэрлэлийн 45 хувийг эзэмшдэг Хятадын эрэлт багассан нь ирээдүйг бүрхэгдүүлсэн байна.

Хятад улс Монголын бүх экспортын зэсийн 85 хувийг шингээдэг зах зээл юм. “Монголын эдийн засаг нь бусад эдийн засгуудын адил түүхий эдийн хамааралтай. Зэс, алт зэрэг металлын үнийн мэдэгдэхүйц уналт нь Монголын эдийн засаг, үндэсний валютад нөлөөлж байна.

Ерөнхийд нь хэлбэл, эдийн засгийн өсөлт нь унаснаас гадаадын хөрөнгө оруулалтын урсгал ширгэж, худалдааны тэнцэл алдагдлаа гэсэн үг юм” хэмээн Оросын Евроазийн хөгжлийн банкны ерөнхий эдийн засагч Ярослав Лисоволик тайлбарлав.

Түүний өгүүлж буйгаар иймэрхүү байдлыг бусад түүхий эдийн эдийн засагт харж болох ажээ. Жишээлбэл, нефть, нефтийн бүтээгдэхүүнээс хамааралтай Венесулийн эдийн засгийг хэлж болно. Монгол Ардын нам засаг авснаас хойш зургаан долоо хоногийн дараа тус оронд эдийн засаг унаж, үндэсний валютын ханш огцом доошилсон хямрал эхэллээ.

Хятад улс Монголын бүх экспортын зэсийн 85 хувийг шингээдэг зах зээл юм.

Хөрөнгө оруулалтын тухай хууль, тууштай биш бодлогоос нь айсан гадаадын хөрөнгө оруулагчдын сонирхол буусан нь байдлыг улам ээдрээтэй болгож байна гэж Bloomberg агентлаг мэдээлэв. Үүний зэрэгцээ тус улс олон тэрбумын гадаад өртэй. Монголын улсын өр нь тав орчим тэрбум доллар болжээ.

Засгийн газар нь өмнө мэдээлэхдээ 2018 онд 500 сая ам.долларын өрөө төлөх төлөвлөгөөтэй гэж хэлж байсан юм. Бусдыг нь 2022 онд барагдуулахаар төлөвлөсөн байв. Ойролцоогоор 580 сая ам.долларыг Монголын хөгжлийн банк 2017 онд төлөхөөр шийдсэн байна. 

Монголын валютын нөөц буурч байна. Монголын Төв банкны нийтлүүлсэн мэдээнд нөөцийг 1.3 тэрбум ам.доллар гэжээ. Өнгөрсөн онтой харьцуулахад нөөц нь 23.1 хувиар буурчээ. Эрх барьж байсан өмнөх нам нь сонгуулийн өмнө зардлыг нэмэгдүүлсэн байв. МАН өмнө нь сонгогч нарт амлахдаа 2016 онд ДНБ-ний 78 хувьд хүрсэн улсын өрийг бууруулна гэсэн юм.

Одоо Засгийн газрын төлөвлөгөөнд дефолт гаргахгүй байх асуудал тавигдлаа. Цалинг хасах, өр бууруулах, гадаадын хөрөнгө оруулалтыг татах зөвлөлийн хөгжлийн талаар өөрийн төлөвлөгөөгөө Монголын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өргөн бариад байна. 

“Засгийн газар нь өрийн бүтцийг өөрчлөхийг эрмэлзэж, дефолт гаргана гэж бодохгүй байна” гэж Сингапур дахь Barclays PLC банкны салбарын зээлийн стратегич Аванти Сэйв Bloomberg агентлагт ярьжээ.

Болж магадгүй зүйлээс хамгийн муу нь дефолт юм. Монголын Засгийн газар үүнийг шууд сануулж байна. Гэхдээ бүх зүйл тийм муугаар эргэх нь юу л бол” гэж Сэйв найдлагаа хэлжээ. Энэ тухай Оросын “Газета.ру” сайтад Анна Комарова бичжээ.

 

Зураг