Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/08/23-НД НИЙТЛЭГДСЭН

Хүүхдийн мөнгийг 60 хувьд нь олгож, Оюутны 70 мянгыг нийтээр нь зогсооно

А.Ням-Өлзий, iKon.mn
2016 оны 8 сарын 23
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Төсөв санхүү хүндрэлтэй байгаа учир 2016 оны төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах болоод байгаа билээ. Уг хуулийг дагалдан Нийгмийн даатгалын сангийн тухай, Хүний хөгжил сангийн тухай хуулиуд ч өөрчлөгдөх болоод байна. 

Тэгвэл Засгийн газраас өргөн мэдүүлсэн уг хуулийн төсөлд Монгол Улсын иргэн бүртэй холбоотой өөрчлөлтүүд орохоор болоод байна.

Энэ оныг дуустал бүсээ чангалах болсон онцлох өөрчлөлтийг нэрлэж байна. 

1. Хүүхдийн мөнгийг 1-10 дугаар бүлэгт хамрагдсан өрхийн хүүхдүүдэд олгоно 

Энэ оны зургаадугаар сараас хойш олгогдоогүй байгаа хүүхдийн 20 мянган төгрөгийг зөвхөн зорилтот бүлгийн хүүхдүүдэд олгохыг Ерөнхий сайд өмнө нь мэдэгдсэн. 

Тэгвэл Төсвийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөөр өрхийн амжиргаа тогтоох судалгааны 1-10 дугаар бүлэгт хамрагдсан өрхийн 0-18 насны хүүхдүүд буюу нийт хүүхдийн 60 хувьд нь 20 мянган төгрөгийг үргэлжлүүлэх олгохоор тусгажээ. 

Харин  үлдсэн 40 хувьд хамрагдах бусад хүүхдэд олгох мөнгийг төсвийн боломжтой уялдуулан хойшлуулах, 2019 оноос нөхөн олгохоор тооцож байгаа аж. 

2. Хүүхэд харах үйлчилгээний зардлыг бууруулна 

УИХ-аас 2015 онд батлагдсан Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль тогтоомжийг 2016 онд хэрэгжүүлэхэд зориулж нийт 10.6 тэрбум төгрөгийн зардал батлагдсан билээ. 2016 оны эхний хагас жилийн байдлаар нийт 1,263 хүүхэд харагч бүртгэгдэж, 6,175 хүүхэд уг үйлчилгээнд хамрагдсан ба төсвийн гүйцэтгэлийн мэдээгээр 746.1 сая 25 төгрөг зарцуулагдсан байна. 

Үүнийг харгалзан үзээд уг үйлчилгээнд батлагдсан зардлыг 4,906.2 сая төгрөгөөр бууруулах боломжтой гэж үзэн зохих өөрчлөлтийг төсвийн тодотголд тусгахаар болсон байна. Цаашид хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийг төсвийн боломжтой уялдуулан хойшлуулахаар болжээ.  

3. Оюутны 70 мянгыг зогсооно 

Их дээд сургуульд суралцагч оюутны сурлагын амжилтад үндэслэн олгодог үндэсний тэтгэлэг 70,200 төгрөг олгохыг зогсоох асуудлыг төсвийн тодотголд оруулжээ. 

Түүнчлэн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд суралцагч оюутны тэтгэлгийг төсвийн боломжтой уялдуулан түр зогсоох асуудлыг ч тусгасан байна. 

4. Оюутнууд автобусны мөнгөнийхөө талыг өөрсдөө төлнө 

Нийтийн тээврийн хэрэгслээр хичээлдээ ирж, буцахдаа зайлшгүй зорчих оюутны зорчих төлбөрийн хэмжээг 50 хувийг нь төр хариуцаж, бусад хэсгийг тухайн оюутан өөрөө хариуцдаг болох.  

5. 2016-2019 онд гадаадын их, дээд сургуульд суралцагчдын тэтгэлэгт хөтөлбөрт шинээр оюутан хамруулахгүй 

Төсвийн боломжтой уялдуулан энэхүү хөтөлбөрийг одоогийн батлагдсан зардлын хэмжээнд үргэлжлүүлэх буюу зардал нэмэгдүүлэхгүй байхаар төсөвлөжээ. 

6. Малчны тэтгэврийн насыг таван жилээр урагшлуулна 

Малчдыг тэтгэврийн орлогын баталгаагаар хангах үүднээс тэтгэвэрт гарах насыг таван жилээр урагшлуулах асуудлыг хуулийн нэмэлт өөрчлөлтөд тусгасан байна. Хэрэв энэ заалт батлагдвал 2018 оноос хэрэгжиж эхлэх юм. 

7. Төрийн албан хаагчид тэтгэвэрт гарахдаа 36 сарын цалинтай тэнцэх тэтгэмж авахгүй 

Төрийн жинхэнэ, төрийн тусгай болон багш, эмч зэрэг төрийн үйлчилгээний зарим албан хаагчдыг өндөр насны тэтгэвэрт гарахад нь ажилласан жилээс хамааран 36 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг нэг удаа олгодог. Энэхүү журамд өөрчлөлт оруулан 1-12 сарын цалингын дундаж хэмжээтэй тэнцэх тэтгэмжийг олгох тухай хуулийн төсөлд тусгасан байна. 

8. Шүүгчдийн цалинг төрийн өндөр албан тушаалтны цалинтай дүйцүүлж, бууруулна 

Шүүгчдийн цалин өндөр байна гэсэн шүүмжлэл их гардаг. Тиймээс өдгөө ажиллаж байгаа 519 шүүгчийн цалинг төрийн өндөр албан тушаалтны цалинтай дүйцүүлж, бууруулахаар төсөлд тусгажээ.