Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/08/23-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол дасгалжуулагчдын тэмцлийг Рио 2016-ийн хамгийн их хэл ам дагуулсан үйл явдлаар нэрлэв

Р.Төмөр, ikon.mn
2016 оны 8 сарын 23
iKon.MN
Зураг зураг

Өнөөдөр Yahoo News сайтад өнгөрсөн Рио 2016 Зуны Олимпийн наадмын хамгийн их хэл ам дагуулсан 10 үйл явдлыг нэрлэсэн жагсаалт нийтлэгджээ.

Уг 10 үйл явдлын хамгийн эхэнд Монголын чөлөөт бөхийн дасгалжуулагч нарын үзүүлсэн эсэргүүцэл тэмцлийг нэрлэсэн байна. Энэ тухай бид хангалттай хэлэлцсэн тул өөр ямар үйл явдлууд энэ жагсаалтад орсныг харьцуулан харцгаая.

Бусад үйл явдлууд нь:

2. АНУ-ын усан сэлэлтийн од Райан Лохтегийн зохиосон хуурамч дээрмийн түүх. Тэрээр Риод зугаалж яваад зэвсэгтэй хүмүүст дээрэмдүүлсэн гэж мэдүүлсэн ч эсрэгээрээ өөрөө шатахуун түгээх станцад бяцхан танхайрсан нь батлагдсан юм. Түүний энэ хэл амнаас болоод дөрвөн том ивээн тэтгэгч нь гэрээгээ цуцлаад байна.

 

 

3. Францын тулгууртай харайлтын тамирчин Рено Лавелленд Бразилийн фэнүүдийн үзүүлсэн сэтгэл санааны дарамт. Бразилийн тамирчинтай аваргын төлөө өрсөлдөх үед нь Бразилийн фэнүүд түүний үйлдэл болгонд дуу нэгтэй орилолдон дарамталж байсан. Үүнээс ч болсон уу түүний оролдлого амжилтгүй болж мөнгөн медаль зүүсэн юм. Лавелленийг медалийн тавцанд гарахад ч энэ байдал үргэлжилсэн нь түүнийг нулимсаа барьж дийлэхгүйд хүргэсэн байна.

 

 

4. Египетийн тамирчин Израйлийн бөхтэй гар бариагүй. Жүдогийн тойргийн барилдаанд Израйлийн бөхөд ялагдсан Египет эр Ислам Эль Шехаби дэвжээнээс буухдаа өрсөлдөгчтэйгээ гар барихаас татгалзсан нь Израйль-Арабын ертөнцийн хоорондох ээлжит зөрчлийг харуулсан юм. Үүний төлөө ОУОХ Шехабийг нутаг буцаах арга хэмжээ авсан. Энэ нь зөвхөн Шехабийн хүсэл сонирхол биш, хэт үзэлтэй Египет фэнүүдийнх нь шахалт дарамт бас байсан юм.

 

 

5. Спортын талбайгаас бууны сум олдсон хэрэг. Морин спортын уралдаан болсон байгууламж болон түүний эргэн тойрноос өөр өөр өдрүүдэд хоёр ч бууны сум олдож зочдыг сандаргасан хэрэг гарсан юм. Уг талбай нь цэргийн бааз болон хүчирхийллээрээ алдартай хоёр ядуусын хорооллын ойр байрладаг. Мэргэжилтнүүд эдгээр сумыг Олимпийн арга хэмжээг чиглээгүй, өөр зорилгоор буудсан сумнууд хурд нь саарч энд газардсан болохыг баталжээ.

 

 

6. Ногоон өнгөтэй болсон усан сангууд. Усан спортын уралдаан тэмцээнүүд болж байсан усан сангуудын хоёр нь гэнэт гүн ногоон өнгөтэй устай болж тамирчдыг сандаргасан юм. Олимпийн өдрүүдэд энэ явдлын учрыг гүйцэд тайлж чадаагүй. Хамгийн бодитой сэжиг нь ариутгал муу байснаас усанд замаг үржих боломж нээгдсэн гэж үзэж байв. Гэсэн хэдий ч зохион байгуулагчид тамирчдад эрсдэлгүй гэж ятгасаар тэмцээн өндөрлөсөн юм.

 

 

7. Британий эрэгтэй 4x400 метрийн буухиа гүйлтийн багийг шигшээ уралдаанаас хассан хэрэг. Британий тамирчид хагас шигшээд сайн үр дүн үзүүлж шигшээ уралдаанд эхлээд шалгарсан юм. Гэвч шүүгч нар тэднийг ямар ч шалтгаангүйгээр шалгаруулалтаас хассан байна. Гомдол мэдүүлсний дараа тэд нэлээд удсаны эцэст тайлбарлахдаа хоёр тамирчин нь хоорондоо саваа мод дамжуулахдаа хязгаарыг давж дүрэм зөрчсөн гэв. Удаашруулсан бичлэгээс тийм ямар ч шинж тэмдэг илрээгүй ч шүүгчид “гүрийсээр” өнгөрсөн юм.

 

 

8. Оросын хөнгөн атлетикийн тамирчдыг сэргээш хэрэглэсэн шалтгаанаар хассан. ОУОХ Оросын хөнгөн атлетикийн багийг бүхлээр нь Рио 2016 наадмаас хассан нь ойрын жилүүдэд болоогүй том дуулиан байлаа. Тэдний дотор сэргээш хэрэглэсэн тамирчид байж болох ч зарим гэмгүй тамирчдыг хэлмэгдүүлсэн явдал болсон нь гарцаагүй. Тухайлбал Олимпийн гурван медальт Елена Исинбаева тэдний тоонд орж байгаа ба давж заалдсан ч тусыг олоогүй юм.

 

 

9. Энэтхэгийн бөх Нарсингх Ядав дэвжээнд гарахаас хэдхэн цагийн өмнө хасагдав. Энэтхэгийн медалийн гол найдлага байсан чөлөөт бөхийн тамирчин Нарсингх Ядавыг сэргээш хэрэглэсэн шалтгаанаар гэнэт тэмцээнээс хассан нь шоконд оруулсан явдал байлаа. Түүгээр ч барахгүй Ядавын дөрвөн жил барилдах эрхийг хассан юм. Өмнө нь түүнээс сэргээшийн төрлийн бодис илэрч байсан ч үүнийг хорлох зорилгоор зохион байгуулсан нь батлагдаж цагаадсан байв. Гэвч WADA гэнэтийн ийм шийдвэр гаргаснаар Энэтхэг улс давж заалдах, орны тамирчныг илгээх ямар ч боломжгүйгээр 74 кг-д өрсөлдөх эрхээ алдсан байна.

 

 

10. ӨАБНУ-ын гүйгч Кастер Семеняг алтан медаль авсных нь дараа дахин шинжилгээнд оруулахыг шаардсан. Эмэгтэйчүүдийн 800 метрийн зайн гүйлтэд Өмнөд Африкийн тамирчин Кастер Семеня түрүүлж алтан медаль зүүсэн. Гэвч түүний биеийн хэт их эр бэлгийн даавартай байдал нь хэл ам дагуулж түүнтэй өрсөлдсөн тамирчид гомдол гаргасан юм.

Андроген буюу эр бэлгийн даавар ихтэй хүнийг хэвийн эмэгтэйчүүдтэй уралдуулах нь шударга биш гэж тэд үзэж байв.

Тэд зохих байгууллагуудыг ийм хүмүүсийг тэмцээнд оролцуулахгүй байхаар дүрмийг өөрчлөхийг шаардсаар байгаа юм.