Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/08/23-НД НИЙТЛЭГДСЭН

Зарим ТАТВАРыг нэмж, тэтгэврийн НАСЫГ ХОЙШЛУУЛАХ төсөл өргөн барилаа

А.Төгөлдөр, iKon.mn
2016 оны 8 сарын 23
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсын нэгдсэн төсвийн 2016 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2017-2018 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Сангийн сайд Б.Чойжилсүрэн УИХ-ын дарга М.Энхболдод өнөөдөр өргөн мэдүүлсэн билээ. 

Уг хуулийн төсөлд тусгаснаар төсөв, санхүү, татвартай холбоотой ямар ямар өөрчлөлт орохыг товчлон хүргэе. 

Орлого нэмэгдүүлэх чиглэлээр  

  • Хувь хүний орлогын албан татварын хувь хэмжээг жилийн орлого нь 30 сая төгрөгөөр босго тогтоон 10, 25 хувь болгон өөрчлөх,
  • Хадгаламжийн хүүгийн орлогоос татвар авах систем нэвтрүүлэх,
  • Алтыг Монгол банканд тушаасан тохиолдолд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр 2.5 хувь, ашигт малтмалын нэмэлт төлбөр “0” хувь байхаар хуульчилсан бөгөөд энэхүү зохицуулалт нь 2019 оныг хүртэлх хугацаанд үйлчлэхээр байгаа юм. Энэ хувь хугацааг 2017 он болгож урагшлуулах,
  • Онцгой албан татварын хувь хэмжээг архи, дарс, тамхинд 20 хувь, суудлын автомашинд үйлдвэрлэсэн оноос хамааруулж 3-15 хувиар нэмэгдүүлэх,
  • Тансаг хэрэглээний, хөдөлгүүрийн багтаамж өндөртэй /4500см³-аас дээш/ суудлын автомашинд ногдуулдаг онцгой албан татварыг нэмэгдүүлж, үйлдвэрлэсэн оноос хойш 7-оос дээш жил болсон хос тэжээлт автомашины хөнгөлөлтийг 50 хувь бууруулах,
  • 150 метр квадрат хүртэлх талбайтай орон сууцыг татвараас чөлөөлж, 150 метр квадрат буюу түүнээс дээш талбай бүхий орон сууцанд үл хөдлөх эд хөрөнгийн албан татварыг 50 хувь хөнгөлж ногдуулах,

Зарлага бууруулах чиглэлээр 

  • Тэтгэвэр тогтоох насыг хүн амын дундаж насжилт өсөж байгаатай уялдуулан нэмэгдүүлэх
  • Дунд, урт хугацаанд тэтгэврийн сангийн тогтвортой байдлыг хангах зорилгоор тэтгэврийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг 5 пунктээр нэмэгдүүлэх, . 
  • Тэтгэврийн даатгалын шимтгэл тооцох хувь хэмжээг ажил олгогч болон даатгуулагчийн хувьд тус тус  9.5 хувь болгох,
  • Хамтын тэтгэврийн тухай хуулийг хэрэгжүүлэхэд жилд 53.3-75.6 тэрбум төгрөг шаардлагатай байгаа тул уг хуулийг хүчингүй болгох,
  • Эмнэлгийн ажилчдад олгох урамшууллыг хойшлуулалд жилд 1.5 тэрбум төгрөг шаардагдахаар байгаа учир энэхүү урамшууллын хуулийн хэрэгжилтийн хугацааг хойшлуулах,  
  • Орон нутгийн суурь зарлагад хуулийн дагуу хамаарахгүй боловч зайлшгүй санхүүжигдэх зардлуудыг аймаг, нийслэл, сум, дүүргийн орон нутгийн хөгжлийн сангийн эх үүсвэрээр санхүүжүүлдэг байх

Эдгээр асуудлыг Монгол улсын нэгдсэн төсвийн 2016 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2017-2018 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн танилцуулгад тусгасан байна. 

Хуулийн төсөл /бүрэн эх/