Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/08/24-НД НИЙТЛЭГДСЭН

44 мянган "АЗГҮЙ" хүүхэд төрийн өмчийн цэцэрлэгт хамрагдаж чадахгүй

Г.Номин, iKon.mn
2016 оны 8 сарын 24
iKon.MN

2016-2017 оны хичээлийн шинэ жилийн цэцэрлэгийн бүртгэл үргэлжилж байна. Дараалалгүйгээр хүүхдээ бүртгүүлж байгаа нь ганц хоёр хоногтоо л эцэг, эхчүүдийг тайвшруулаад байна. Гэхдээ энэ тайван байдал удаан үргэлжлэхгүй нөгөөдөр буюу 26-ны өдөр цэцэрлэгт орох эрхийн сугалаа явуулах тов зарлагдаад буй. 

Энэ жил нийслэлийн хэмжээнд цэцэрлэгийн хүрэлцээ хангамж хэр байх вэ, хэчнээн "азгүй" хүүхэд цэцэрлэггүй үлдэх вэ?

100 орчим цэцэрлэг сугалаа зохион байгуулахгүй
 

Нийслэлд үйл ажиллагаа явуулдаг төрийн өмчийн 230 гаруй цэцэрлэгийн 100 орчим нь хамран сургах тойргийнхоо цэцэрлэгийн насны бүх хүүхдүүд элсүүлэх боломжтой юм байна.Тухайлбал, Багануур дүүргийн багачууд 100 хувь төрийн өмчийн цэцэрлэгт хамрагдах бол Налайх дүүрэгт цэцэрлэгт хамрагдалт өндөр хувьтай, хотын төвийн зарим цэцэрлэг хамран сурган тойргийнхоо бүх хүүхдэд 2016-2017 оны хичээлийн жилд сургуулийн өмнөх боловсрол олгох боломжтой ажээ.

Тиймээс Нийслэлийн Боловсролын Газраас тэдгээр 100 орчим цэцэрлэгт сугалаа явуулахгүй байх чиглэл өгчээ. Гэсэн хэдий ч орон тоо хангалттай хэрнээ заавал сугалаа явуулна гэх цэцэрлэгүүд байгаа талаар эцэг, эхчүүдийн гомдол гарсаар байна. 

Үлдсэн 130 гаруй цэцэрлэг Баасан гарагт буюу наймдугаар сарын 26-нд сугалаа зохион байгуулж "Азтай хүүхдүүдээ" цэцэрлэгт элсүүлнэ.

44 мянган "АЗГҮЙ" хүүхэд улсын цэцэрлэгт орж чадахгүй
 

Нийслэлийн хэмжээнд 145 мянган цэцэрлэгийн насны хүүхэд байгаа бөгөөд үүнээс 101 мянгыг нь төрийн өмчийн цэцэрлэгт хамруулахаар төлөвлөжээ. 

Цаана нь үлдэх 44 мянган хүүхэд хувийн цэцэрлэг "бараадна". Эсвэл аав ээжийнх нь аль нэг гэртээ хүүхдээ харна. Зарим хүүхэд өвөө, эмээ, хамаатан садныдаа очно. Гэртээ цоожлуулаад үлдэх багачууд ч бий.

Энэ хичээлийн жилд төрийн өмчийн цэцэрлэгийн барилга ашиглалтын коэффициент 1.8 байх бөгөөд 100 хүүхдийн хүчин чадалтай цэцэрлэг 180 хүүхэд авна гэсэн үг. 

Зорилтот бүлгийн хүүхдүүдийн цэцэрлэгт хамрагдах боломжийг нэмэгдүүлжээ 
 
Гэрэл зургийг mpa.mn

Нийслэлийн Боловсролын Газраас цэцэрлэгийн эрхлэгч нарт шинээр элсэгчдийн 20-иос доошгүй хувьд зорилтот бүлгийн хүүхэд элсүүлэх зөвлөмж өгчээ.

Зорилтот бүлэг гэдэгт: 

  1. Хүн амын амьжиргааны доод түвшнээс доогуур орлоготой бол /ҮСХ: Улаанбаатар хотод амьдардаг 183,700 төгрөгөөс доогуур орлоготой иргэнийг хүн амын амьжиргааны доод түвшнээс доогуур орлоготой гэж үзнэ/
     
  2. Эцэг эхийн хэн нэг нь хөгжлийн бэрхшээлтэй бол
     
  3. 3-аас 6 хүртэл насны 2 ба түүнээс дээш тооны хүүхэдтэй бөгөөд тэдгээр нь сургуулийн өмнөх боловсролд хамрагдаагүй бол
     
  4. Тухайн хүүхэд хагас буюу бүтэн өнчин бол

Цэцэрлэгийн хүрэлцээ хангамж муу байгаа энэ үед зорилтот бүлгийн хүүхдүүд төрийн өмчийн цэцэрлэгт хамрагдаж чадахгүй бол гэртээ цоожлуулж үлдэх магадлал улам л нэмэгдэнэ. Мэдээж хэрэг хүүхдээ гэрт нь цоожлоод үлдээхийг хүсдэг эцэг, эх байхгүй. Гэхдээ тийм тохиолдол гардаг. Бага насны хүүхдүүдээ гэртээ цоожлоод явснаас болоод хүүхдүүд гэмтэж, бэртэх цаашлаад амь насаа алдах эрсдлүүд байгааг мартаж болохгүй. 

Төрөлт өсч, хотын төвлөрөл нэмэгдсээр байгаа учраас цэцэрлэг хүрэлцэхгүй байна
 

2012 оноос хойш жил бүр төрийн болон төрийн бус өмчийн цэцэрлэгүүдийн тоо нэмэгдэж, цэцэрлэгүүд хүчин чадлаа давуулан хүүхэд элсүүлсээр байгаа хэдий ч хүн амын төрөлт тасралтгүй өсч, хотын төвлөрөл нэмэгдсээр байгаа учраас цэцэрлэг хүрэлцэхгүй байгааг Нийслэлийн Боловсролын Газрын дарга Ц.Отгонбагана хэлж байсан юм.

Төрийн өмчийн цэцэрлэгүүдийн анги дүүргэлт өссөн байдал:

  • 2012-2013 оны хичээлийн жилд: 40
  • 2013-2014 оны хичээлийн жилд: 42.2
  • 2014-2015 оны хичээлийн жилд: 44.4

Энэ жилийн хувьд анги дүүргэлтийг 40-өөс хэтрүүлэхгүйгээр элсэлтийг зохион байгуулж байна.

2012 оноос хойш цэцэрлэгийн тоо болон хамрагдах хүүхдийн тоо тогтмол өсч иржээ.

Жишээ нь, 2015-2016 оны жилд төрийн өмчийн 204 цэцэрлэг 70,388 хүүхэд элсүүлсэн бол Төрийн өмчийн бус 360 цэцэрлэг 22,512 хүүхэд элсүүлжээ. /Энэ жил төрийн өмчийн 230 гаруй цэцэрлэг 101,000 хүүхэд элсүүлэхээр төлөвлөж байна/


Нийгмийн зайлшгүй эрэлт хэрэгцээнээс үүдэн төрийн өмчийн цэцэрлэгүүд хүчин чадлаа хэтрүүлэн ажиллаж байгаа ч цэцэрлэггүй үлдэж байгаа багачууд байсаар л байна. 

Энэ үед хүн бүрт тэгш хандах үүднээс сугалаа явуулах нь хамгийн зөв шийдэл гэдгийг Нийслэлийн Боловсролын Газраас хэлж байгаа ч азаа үзэх эрхгүй, хүүхдээ төрийн өмчийн цэцэрлэгт өгөхөөс өөр аргагүй эцэг, эхчүүд аргаа барахдаа цэцэрлэгийн гадаа дугаарласаар л байгаа.

Ямартай ч 26-нд хүүхдүүд сугалаанд оролцож, "Азтай" нь сургуулийн өмнөх боловсролыг үнэ төлбөргүй эзэмших таван жилийн эрхээ атгана.