Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/08/24-НД НИЙТЛЭГДСЭН

Ургацын төлөв эерэг байна

Г.Байгаль, Засгийн газрын мэдээ
2016 оны 8 сарын 24
Засгийн газрын мэдээ
Зураг зураг

Ургацын түрүү өнгөлөг, төлөв өөдрөг байна. Монгол Улс энэ онд улаанбуудайн хэрэгцээгээ бүрэн хангах төлөвтэй байгааг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас (ХХААХҮЯ) мэдээллээ.

Мөн өмнөх оныхоос илүү хэмжээний төмс, хүнсний ногоо хураахаар байна. Салбарын яамнаас нийт нутгийн тариалалтын явцад тулгуурлан, урьдчилсан баланс гаргадаг.

Тэгвэл энэ намрын өнгө тун өөдрөг байна. ХХААХҮЯ-наас танилцуулсан ургацын урьдчилсан балансад анхаарлаа хандуулъя.

Мөн эх нутгийн хөрсөнд ургасан 117.5 мянган тонн хүнсний ногоогоор иргэдээ дайлахаар байна

Энэ намар гурилын үйлдвэрлэлд нийлүүлэх боломжтой 375 мянган тонн улаанбуудай хураан авах төлөвтэй байгаа аж.

Манай улсын нийт хүн амыг гурил, гурилан бүтээгдэхүүнээр хангахад жилд 320 мянган тонн улаанбуудай шаардлагатай. Тэгвэл энэ намрын буудайн ургац хэдийнэ хэрэглээгээ давах нь. Мөн 2017 оны тариалалтад 45.6 мянган тонн үр, улсын үрийн нөөцөд 7.5 мянган тонн буудай нөөцлөхөөр төлөвлөжээ.

Үүнээс гадна төмс, хүнсний ногооны ургац ч өмнөх оныхоос өсжээ. Өнгөрсөн онд манай улс 117.3 мянган тонн төмс хураан авсан. Тэгвэл энэ онд үүнээс даруй 60 мянган тонноор илүү төмс хураан авах тооцоотой.

Ингэснээр дотоодын хэрэглээгээ түвэггүй хангачихна. Мөн эх нутгийн хөрсөнд ургасан 117.5 мянган тонн хүнсний ногоогоор иргэдээ дайлахаар байна. Тэрчлэн 32.5 мянган тонн тосны ургамал, 43.4 мянган тонн малын тэжээлийн ургамал тус тус хураан авах аж.

Сэлэнгэ, Төв аймаг зэрэг тариалангийн бүс нутгуудад зуншлага сайн байсан. Энэ нь ургацад эергээр нөлөөлснийг ХХААХҮЯ-наас мэдээллээ. Мөн нэгж талбайгаас авах ургацын хэмжээг ч өсгөжээ. Тодруулбал, тариалангийн бүс дэх нэгж талбайгаас энэ намар 13-17 цн ургац хураан авах боломжтой байгаа аж.

Гэхдээ байгаль, цаг уурын хүчин зүйл, гангийн улмаас 20 мянган га талбайд ургац алджээ. Бас болц дутуугаас 1.2 мянган га талбайн ургацыг малын тэжээл болгосон байна.

Ингэснээр нийт 21 мянган га талбайн ургац урьдчилсан баланст багтаагүй. Тэгвэл ургац хураалтын бэлтгэл хэвийн үргэлжилж байгааг салбарын яамнаас мэдээллээ.

Тодруулбал, ургац хураалтын техникийн бэлтгэл 85 хувьтай байгаа аж. Нийт нутгаар найм болон есдүгээр сард хур тунадас ахиу орж, эрт сэрүүсэх төлөвтэй. Иймд ургац хураалт харьцангуй эрт эхлэхээр байгааг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас онцолсон юм.

Энэ намрын ургац хураалтад үр тариа хураах 1,153 комбайн, 533 ангилан хадагч, төмс, хүнсний ногоо хураагч 507, үтрэмийн 744 техник, тоног төхөөрөмж ашиглахаар зэхэж байна.

Мөн ургац хураалтад 6,000 тонн шатахуун шаардагдах тооцоо гарсан. Энэ шатахууныг Тариалан эрхлэлтийг дэмжих сангаар дамжуулан аж ахуйн нэгжүүдэд 50 хувийн урьдчилгаатай зээлээр олгож эхлээд байгаа аж.

Зураг