Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/08/23-НД НИЙТЛЭГДСЭН

РИО 2016: Бидний амжилт яагаад ухрав?

Б.Дөлгөөн
2016 оны 8 сарын 23
iKon.MN
Зураг зураг

Хүн төрөлхтний эв нэгдлийн илэрхийлэл зуны олимпийн 31-р наадам Рио де Жанейро хотноо явагдаж өндөрлөлөө.

Дэлхийн өнцөг булан бүрээс шалгаран ирсэн 11 мянга гаруй тамирчид 28 спортын төрөлд 306 багц медалийн төлөө өрсөлдсөн юм.

Түүхэндээ байгаагүй хамгийн өргөн бүрэлдэхүүнтэй буюу 43 тамирчинтай энэ наадамд өрсөлдсөн монголын шигшээ баг 1 мөнгө, 1 хүрэл медальтайгаар олимпийг өндөрлүүллээ.

Манай баг 2008, 2012 онуудад түүхэн дэх хамгийн өндөр амжилтаа үзүүлж тус бүр 4 болон 5 медаль хүртэж байсан билээ. Таэквондо, хүндийг өргөлтөд төрсөн шинэ одод, урамтай бахдалтай ирсэн ялалтууд, сэтгэл хөдөлгөм мөчүүдээс илүүтэйгээр будлиантай шүүлтүүд, харамсмаар ялагдлууд, хариуцлагагүй үйлдлүүдээр илүү тодорхойлогдох энэ наадамд бидний амжилтад нөлөөлсөн 4 сөрөг хүчин зүйлийг бид нэрлэж байна. 

Уур амьсгал & газарзүйн байрлал

Газарзүйн байрлал болон уур амьсгалын өөрчлөлт нь ямар ч спортын тамирчны үзүүлэлтэд нөлөөлдөг. Ялангуяа Бразил шиг чийгшил ихтэй, температур өндөртэй газарт энэ хүчин зүйлийг маш сайн бодолцож, бэлтгэл сургуулилалтаа төлөвлөх шаардлагатай юм.

2014 онд Бразилд болсон хөлбөмбөгийн ДАШТ-ий үеэр маш олон дасгалжуулагчид, тоглогчид энэ талаар гомдол гаргаж, сүүлдээ ФИФА тоглолтын үеэр усны завсарлага авч, тамирчдыг шингэний дутагдлаа нөхөх боломжийг олгох болсон.

Газарзүйн байрлал болон уур амьсгалын өөрчлөлт нь ямар ч спортын тамирчны үзүүлэлтэд нөлөөлдөг.

Түүнчлэн 2022 онд явагдах Катарын ДАШТ-д энэ асуудал хамгийн хурцаар хөндөгдсөөр буй.

Хэт халуунд дасаагүй биеийн температур үргэлж өндөр байж, улмаар булчингийн ачааллыг нэмэн, тэсвэртэй байдлыг алдагдуулдаг. Тамирчид амархан гэмтэж, ядарч сульдах дүр зураг ажиглагддаг.  

Рио Улаанбаатараас 12 цагийн зөрүүтэй. Унтаж амарч байх цагтаа өндөр ачаалал авч байна гэсэн үг. Хэдий гэнэтхэн оролцох эрх нь баталгаажиж, ганцхан өдрийн өмнө Риод ирсэн Чагнаадоржоос бусад нь 2 долоо хоног орчмын өмнө бразилд байршсан ч дадсан орчноо сольсон тамирчдын бие физиологид нөлөөлөх нь ойлгомжтой.

Цагийн зөрүүд дасан зохицох, чийглэг уур амьсгалд бэлтгэлээ тохируулж чадаагүйгээс манай тамирчид ядралттай, бэлтгэл “цөмөрсөн” байдалтай байсныг олон мэргэжилтнүүд онцолж байгаа. 

Хүлээлт & дарамт

МҮОХ-оос олимпийн наадмын нээлтийн өмнөхөн хөгжөөн дэмжигчдээс манай баг хэдэн медаль хэрхэн авах вэ гэдгийг таамаглах боломж олгосон нээлттэй тэмцээн зарласан юм.

Энэ тэмцээнд оролцогсдын дийлэнх нь бидний өмнө үзүүлж байсан рекорд 5 медалиас илүүг авна хэмээн таамаглаж байсан, нийт энэ тэмцээнд оролцсон 500 гаруй хүмүүсээс ердөө 10 хүрэхгүй нь 5-аас доош медаль хүртэнэ гэж бичсэн байх юм.

Хэдий “амны билгээс ашдын билиг” гэж ярьдаг ч шигшээгийн албаныхан нь ч, багийн дасгалжуулагчид, удирдлагууд нь ч бүгд олон медаль хүртэх боломжтой тухай дор бүрнээ ярьж, нийгмийн сэтгэл зүйг хэт өндөрт өргөсөн нь нууц биш. Гадны судалгааны байгууллагууд хүртэл ингэж үзэж байв.

Риогийн олимпийн циклд манай топ 4 спортынхон болох чөлөөт, жүдо, бокс, буудлагынхан үнэхээр бахдам амжилтуудыг үзүүлж, органик хүлээлт бий болгосон байж мэднэ. Гэхдээ энэ нь эсрэгээрээ олимпийн үеэр тамирчдад дарамт болж нөлөөлсөн байж болзошгүй.

Албан ёсны сэтгэл зүйчгүй, олимпийн багт тийм орон тоо байдаггүй, угаас тиймэрхүү бэлтгэлд бараг анхаардаггүй гэж хэлж болох тамирчид маань олон нийтийн хүлээлтийг төрөл бүрийн байдлаар мэдрэн, улмаар өөрсдөдөө хэт их дарамт өгөн бүтэлгүйтэж орхив.

Дурын фанат цахим сүлжээ ашиглан хүссэнээ нийтэлж, тамирчиндаа хүрч чаддаг болсон өнөө үед энэ бол цэвэр сэтгэл зүй, сахилга баттай холбоотой асуудал. 

Үе солигдох мөч

Бээжингийн олимпийн наадмаас алтан медаль хүртсэн Э.Бадар-Ууган, Н.Түвшинбаяр нар бол манай спортын түүхэнд урьд өмнө ховорхон төрөн гарсан агуу тамирчдын төлөөлөл байлаа. Ид үе дээрээ, бүх нөхцөл байдал нь бүрэлдчихсэн, уур амьсгал, цагийн зөрүү нь таарчихсан, хөгжөөн дэмжигчид нь ч олноороо ирчихсэн, сэтгэлзүйн давуу байдалтай нөхцөл тэнд бүрэлдсэн байв. 

Бадар-Ууганыг л гэхэд алтгүй ирнэ гэхэд хүн итгэхээргүй нөхцөлд байсан гэж хэлэхэд буруудахгүй. Лондонд өмнөх циклээс нь тодрон гарсан хамгийн шилдэг 2 тамирчин нь медаль авчирсан.

Үүнтэй зэрэгцээд өнөөх ясны тамирчид нь ч ард түмнээ медалиар баярлуулав. Нэг ёсондоо ахмад болон шинэ үеийн төлөөлөл хослон оролцож, өндөр амжилт үзүүлсэн юм.

Лондонд өмнөх циклээс нь тодрон гарсан хамгийн шилдэг 2 тамирчин нь медаль авчирсан. 

Тэгвэл Риод энэ харьцаа алдагдсан дүр зураг харагдав. Бүтэн багаар оролцсон жүдо болон чөлөөтийн эрэгтэй багт тус бүр 2, 2 л тамирчин өмнө нь олимпод оролцож байсан туршлагатай. 

Медаль хүртсэн 2 тамирчин маань ч тус тусын багийнхаа хамгийн туршлагатай, гол найдварууд нь байсан гэдэг нь маргаангүй. Олон тамирчин эрхээ авсан тул ийм статистик гарсан нь үнэн.

Гэхдээ хангалттай сайн амжилт үзүүлж чадаагүй залуу тамирчдын маань хувьд оргил амжилтаа үзүүлэх мөч нь дараагийн цикл байж мэдэх юм. Өөрөөр хэлбэл 4 жилийн дараа, Токиод өндөр амжилт үзүүлэх сууриа Риод бэлдсэн гэсэн үг.

 Холбоодын дотоод асуудал

Өдгөө нууц биш нууц болсон манай топ холбоодын дотоод асуудал баг тамирчдад сөргөөр нөлөөлсөн. Жүдогийн шигшээгийн тамирчид ид формоо тааруулж, тактикаа хэлэлцүүлж суух цагаараа хөдөө орон нутгаар хэсэн, хэн нэгнийг дэмжин сурталчилгаа хийж явав.

Нэг сар байтугай нэг өдрийн бэлтгэл алдахад зөрүү гардаг болсон, маш нарийн дэглэмтэй, хуваарьтайгаар шинжлэх ухаанд суурилсан бэлтгэл сургуулилалт хийдэг болсон өнөө үед энэ бол үнэхээр хариуцлагагүй үйлдэл.

Холбооны ерөнхийлөгч нь баривчлагдах сургаар бэлтгэлээ хаяад хамгаалахаар ирдэг нь ч “гайхмаар” асуудал. 

Чөлөөт бөхийн холбоо ч асуудал дүүрэн байв. Удирдлагууд нь эрэгтэй, эмэгтэй багаар нь ялгаж харьцдаг гэх. Зарим эрхмүүдийн хариуцлагагүй үйлдлээс болж тамирчид нь визээ ч авч чаддаггүй.  

Заавал барилдаж байж дэлхийд өрсөлдөх учир аргаа барсан багш нар нь дэвжээн дээр гардаг, зарим нь бүр ялчихдаг.

Виз өгсөн ч тэр нь хуурамч байж, хил дээр саатуулагдаж “онигоо” болдог. Шүүгч нар нь гадаад улсад очиж будлианд хутгалдаж, улс орныхоо нэр хүндийг шороонд хутгадаг гээд олон асуудал тэнд бий.

Зарим тамирчид нь ч үүний золиос болсон тухай яриа ихэд гарах болов. Тамирчдаа амжилт үзүүлэх нөхцөлийг нь ханган, бусад асуудлыг нь хариуцаж шийдэх ёстой холбоод нь ийм байхад яаж бид тогтвортой амжилтыг хүлээж суух вэ? Ийм амжилтыг нэхэх эрх ч бидэнд үгүй.

Тамирчны ялалт хэзээ ч амархан олддоггүй.

Олимпийн наадамд оролцоно гэдэг ямар ч тамирчны хувьд карьерынх нь хамгийн том зорилгуудын нэг байдаг. Оролцоно гэдэг нь ч тийм амархан биш. Дийлэнх хүмүүсийн боддог шиг хүссэн нь очоод, газар үзээд ирж байгаа хэрэг ч биш. Асар их өрсөлдөөн, дэндүү их золиос, нарийн шүүлтүүрийн эцэст тамирчин бүр бусад мянга мянган тамирчидтай өрсөлдөн эрхээ авдаг.

Ийм үед бид 43 тамирчин олимпод илгээж, өдөр бүр тамирчдаа дэмжих боломжтой байна гэдэг өөрөө том амжилт. Тамирчны ялалт хэзээ ч амархан олддоггүй.

Сайны хажуугаар саар гэгчээр олон бэрхшээл, шалтгаанууд байсан нь гарцаагүй. Эдгээрийн ихэнх нь шийдэж болох байсан, болохуйц асуудлууд байсныг эцэст нь дурдъя. Дараагийн олимп хүртэл даанч хол байна даа.