Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/08/22-НД НИЙТЛЭГДСЭН

Ким Жон Уны мөнгийг хулгайлагсад нэмэгдэж байна

Р.Төмөр, ikon.mn
2016 оны 8 сарын 22
iKon.MN
Зураг зураг

Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар Хойд Солонгосын удирдагч Ким Жон Уны гадаад орнуудаас олдог их хэмжээний мөнгийг хулгайлан одогсод нэмэгдэх болжээ.

Саяхан Хойд Солонгосоос Их Британид суух элчин сайдын орлогч Тае Ён-Хо нь Өмнөд Солонгос руу гэр бүлийн хамт зугтахдаа $58 саяыг авч явсан гэсэн дуулиан тасрахгүй байна. Өмнөд Солонгосын эрх баригчид энэ мэдээллийг үгүйсгэж байгаа ч түүнийг Кимийн гадаад мөнгөн санг хариуцдаг байсан дипломатчдын нэг гэдгийг хүлээн зөвшөөрсөн юм.

Хойд Солонгосын цөмийн хөтөлбөрийг санхүүжүүлэхийн тулд Европт ажиллаж байгаа дипломатчид нь хууль бус аргаар мөнгө босгох даалгавартай байдаг.

Тухайлбал өнгөрсөн зургаадугаар сард Европт 20 жил ажилласан нэгэн ажилтан нь хүүхдүүдийн хамт сураггүй болсон байна.

Түүнийг Өмнөд Солонгосын мэдээллийн хэрэгслүүд Ким Мён-Чол гэгч, Европын санхүүжилтийг хариуцдаг байсан хүн гэж тодорхойлжээ.

Түүнийг банкны нууц данснаас $400 саяыг аван зугтсан гэж байгаа юм.

Өнгөрсөн жил Хойд Солонгосын Даесунг банкны Хятад дахь салбарын ажилтан мөн их хэмжээний мөнгө аван оргосон байна.

Өөр нэг тохиолдол, Ким Жон Уны 10 тэрбум воныг эргэлдүүлж байсан Сингапур дахь ажилтан нь бас зугтсан гэнэ.

2014 оны наймдугаар сард Даесунг банкны Орос дахь салбарын захирал $5 саяыг хулгайлан гуравдагч орон руу цагаачилсан байна.

Хойд Солонгосын эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээ нэмэгдсэнтэй холбоотойгоор дээрх хэргүүд нэмэгдэх болсныг ажиглагчид нотолж байгаа юм. Тухайлбал энэ оны зургаадугаар сард Швейцарийн банкнууд Хойд Солонгостой холбоотой данснуудыг царцаасан нь хоригийн хүрээнд хэрэгжүүлсэн арга хэмжээ байлээ.

Үүнээс болоод Ким Жон Ун гадаад орнуудаас олсон мөнгөө дансаар шилжүүлж чадахгүй болж, мөнгө цуглуулах үүрэгтэй ажилтнуудад их хэмжээний бэлэн мөнгө байх болсон гэнэ. Үүнээс гадна Хойд Солонгосын дэглэм өөрийн гадаад дахь дипломатчидаа илүү ихээр шахаж, биелүүлэхэд хэцүү даалгавар өгөх болсон нь тэднийг бэлэн мөнгө өвөртлөн зугтахад хүргэж байгаа гэж Хойд Солонгос судлалын Их сургуулийн профессор Ян Мүү-Жин ярьж байна.

Цаашдаа ч энэ мэтчилэн Ким Жон Уны мөнгийг хулгайлан зугтах явдал нэмэгдэнэ гэж тэр үзэж байгаа гэнэ.

Харин үүний хариуд Хойд Солонгосын дэглэм гадаад дахь ажилтнууддаа тавих хяналтыг чангатгаж, гэр бүлтэйгээ хамт байхыг нь хориглож эхэлсэн талаар мэдээлж байна. Өөрөөр хэлбэл гэр бүлийг нь эх оронд нь барьцаанд үлдээх болжээ.

 

Эх сурвалж: Korea Times