Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/08/22-НД НИЙТЛЭГДСЭН

Цэцэрлэгүүд УРТ ДАРААЛАЛГҮЙГЭЭР хүүхдүүдээ бүртгэж байна

Г.Номин, iKon.mn
2016 оны 8 сарын 22
iKon.MN
Зураг зураг

Цэцэрлэгийн 2016-2017 оны хичээлийн жилийн бүртгэл элсэлт өнөөдрөөс эхэлж байна. 

Төрийн өмчийн Цэцэрлэгүүд наймдугаар сарын 22-26-нд хамран сургах тойргийн дагуу харьяаллынхаа бүх хүүхдийг бүртгэж, "Элсэлтийн тасалбар" тараах бөгөөд тасалбараараа наймдугаар сарын 26-ны өдөр сугалаа явуулахаар тогтсон талаар Нийслэлийн Боловсролын Газраас мэдээлээд буй.

Ингээд цэцэрлэгийн бүртгэл хэрхэн явагдаж байгааг сурвалжиллаа.

“Эцэг, эхчүүд уурлаж бухамдсан, дарааллаа булаацалдсан асуудал огт гараагүй”
 

Баянгол дүүргийн 66 дугаар цэцэрлэг дээр 09:40 цагийн орчимд очиход гадаа нь 20 орчим эцэг, эх дугаарлаж, хоёр багш бүртгэл явуулж байлаа.

 

Тус цэцэрлэгт БГД-ийн хоёрдугаар хорооны хүүхдүүд хамрагддаг юм байна. Бүртгэлийн ажил хэрхэн өрнөж байгааг тус цэцэрлэгийн эрхлэгч Д.Одгэрэлээс тодрууллаа.

“Манай цэцэрлэг харахад том барилгатай ч зургаахан бүлэгтэй. Жилд 20 хүүхэд элсүүлдэг. Нийслэлийн Боловсролын Газраас өгсөн зөвлөмжийн дагуу энэ жил бүртгэлийг сугалаагаар явуулахаар болсон. Энэ талаар мэдээллийг хамран сургах тойргийнхоо эцэг эхчүүдэд тараасан учраас цэцэрлэгийн гадаа хонож, өнжсөн асуудал гараагүй. Намайг өглөө 08:30 цагт ажилдаа ирэхэд 20 гаруй эцэг, эх цэцэрлэгийн гадаа дугаарлаж байсан. 

25-ны өдрийг дуустал хамран сургах тойргийнхоо бүх хүүхдийг бүртгэх учраас эцэг, эхчүүд уурлаж бухамдсан, дарааллаа булаацалдсан асуудал огт гараагүй” гэлээ.

66 дугаар цэцэрлэгийн хувьд хуучин байсан хүүхдүүддээ хавар урилга тараасан бөгөөд урилгатай хүүхдүүд 25-ныг хүртэл ирж бүртгүүлэн энэ жил тус цэцэрлэгт суралцах эсэхээ баталгаажуулах юм байна. Шинээр бүртгүүлсэн хүүхдүүдэд НБГ-аас гаргасан зөвлөмжийн дагуу “Элсэлтийн тасалбар” тараажээ. Тасалбартай хүүхдүүд наймдугаар сарын 26-ны өдөр цэцэрлэг дээр ирж сугалаанд оролцох юм байна.

 

 

“Цэцэрлэгийн “Шилэн бүртгэл” зохион байгуулж байна”

Чингэлтэй дүүргийн 33 дугаар цэцэрлэг дээр10:20 цагийн үед очиход найман хүүхэд бүртгэсэн, ямар ч дараалалгүй байлаа.
Тус цэцэрлэгт Чингэлтэй дүүргийн Нэгдүгээр хорооны хүүхдүүд хамрагддаг бөгөөд цэцэрлэггүй хороо болох Хоёрдугаар хорооны хүүхдүүдийг бас бүртгэж байгаа ажээ.

 

33 дугаар цэцэрлэг энэ жил 40 хүүхэд шинээр элсүүлэх юм байна. 

“Хамран сургах тойрог буюу ЧД-ийн Нэгдүгээр хороонд 2014 онд төрсөн хоёр настай 31 хүүхэд байгаа гэсэн судалгааг хорооноосоо авсан. Тиймээс Хоёрдугаар хорооны нийгмийн ажилтай холбогдож, хоёр настай хүүхдүүдийн мэдээллийг нь аваад байна. Хоёрдугаар хороонд шинээр элсэх 23 хүүхэд байгааг нийгмийн ажилтан нь ирж танилцуулаад явлаа.  

Манайх харьяаллынхаа дагуу бүртгэлээ хийж хэвшсэн. Тиймээс сүүлийн 4-5 жилд ямар ч дараалал үүсгэхгүйгээр бүртгэлээ зохион байгуулсан. Орон тоо хангалттай учраас бид өнөөдөр шинээр элсэх хүүхдүүдээ бүртгээд шууд  эцэг, эхчүүдтэй 2016-2017 оны хичээлийн жилийн гэрээгээ байгуулж байгаа.

 

Мөн бүртгэлийн ажиллагааг ил тод байлгах үүднээс гурван ажиглагч оролцуулж байна. Бүртгүүлэхээр орж ирсэн эцэг эхчүүдэд өмнө нь бүртгүүлсэн хүүхдүүдийн хаяг, бүртгэл тодорхой харагдахаартом дэлгэцээр харуулж байгаа. Ерөнхийлөгчийн санаачилсан “Шилэн дансны хууль”тай адилаар “Шилэн бүртгэл” зохион байгуулж байна” хэмээн тус цэцэрлэгийн эрхлэгч Д.Мөнх-Амгалан хэллээ.

Өөр нэг асуудал гардаг нь оны сүүлээр төрсөн хүүхдүүд цэцэрлэггүй үлдчихээд байдаг. Үүнийг зохицуулахын тулд 33 дугаар цэцэрлэг нас нь болоогүй хүүхдүүддээ батламж өгч байгаа ажээ. 

2014 оны арванхоёрдугаар сарын 22-нд төрсөн хүүхэд байлаа гэж бодоход энэ жил шууд бүртгэх гэхээр нас нь хүрэхгүй, ирэх жил болохоор ангийнхнаасаа ах болдчихоод байдаг. Тиймээс тухайн хүүхдийг одоо бүртгээд хоёр нас хүрмэгцээ арванхоёрдугаар сарын 23-нд хичээлдээ ирэх эрх олгосон батламжийг өгч байлаа.

Тус цэцэрлэг өнөөдөр шинээр элсэгчдээ бүртгээд, маргаашнаас 25-ныг дуустал хуучин хүүхдүүдээ бүртгэх бөгөөд хамран сургах тойргийн хүүхдүүдэд орон тоо хангалттай байгаа учраас сугалаа зохион байгуулахгүй гэсэн юм.

“Цэцэрлэгийн гадаа хонож, өнжсөн асуудал гараагүй”
 

Чингэлтэй дүүргийн 83 дугаар цэцэрлэг энэ хичээлийн жилд 120 хүүхэд / хоёр настай 80, дөрвөн настай 40 / шинээр бүртгэнэ. 
Тус цэцэрлэгийн эрхлэгч Т.Сэлэнгэ  “Манайх 25-ныг дуустал өдөр бүр ажлын цагаар бүртгэлээ хийнэ. Хуучин болон шинэ хүүхдүүдээ хоёр тусад нь бүртгэж байгаа. Шинээр элсэх хүсэлтэй хамран сургах тойргийнхоо бүх хүүхдийг бүртгэж байгаа учраас цэцэрлэгийн гадаа хонож, өнжсөн асуудал гараагүй.

"Элсэлтийн тасалбар"-ыг хоёр хувь хэвлэсэн байгаа. Цэцэрлэгт үлдэх хувийг хуйлаад лацтай саванд хийж байна. 26-ны өдөр эцэг эхчүүд , багш ажилчдын нүдэн дээр савны лацыг нээж сугална. Савнаас гарч ирсан сугалааг эцэг, эхчүүд өөрт байгаа тасалбартай тулгаж сугалаанд оролцоно” хэмээн ярилаа.

 

Чингэлтэй дүүргийн 83 дугаар цэцэрлэг хамран сургах тойргийнхоо хүүхдүүдийн 40 гаруй хувийг хамруулдаг ажээ.  Концессын гэрээгээр баригдаж  буй цэцэрлэгийн өргөтгөл 2017 онд ашиглалтад орох юм байна. Өргөтгөл ашиглалтад орохоор шинээр найман бүлэг хичээллүүлж, хамран сургах тойргийнхоо нийт хүүхдүүдийн 60 гаруй хувийг цэцэрлэгт хамруулах боломжтой болох аж.


2016-2017 оны хичээлийн жилд нийслэлд 31 цэцэрлэгийн шинэ болон өргөтгөлийн барилга ашиглалтад орж орны тоо 3,990-ээр, төрийн бус өмчийн 44 цэцэрлэгт 2,225 -аар буюу нийт 6,115 хүүхдээр нэмэгдэх төлөвтэй байгааг албаныхан мэдээлсэн.

Орон тоо  нь хамран сургах тойрогтоо хангалттай цэцэрлэгүүдийн хувьд сугалаа явуулахгүй гэж байгаа бол хамран сургах тойргийн хүүхдүүдийнхээ 50 хувьд ч хүрэхгүй цөөн хүүхэд хамруулах хүчин чадалтай цэцэрлэгүүдийн хувьд сугалаа явуулах нь хамгийн чирэгдэл багатай арга гэж үзэж байгаагаа хэлж байгаа юм.

НБГ-аас өгсөн зөвлөмжийн дагуу цэцэрлэгүүд бүртгэлээ зохион байгуулж, шинээр элсэх хүсэлтэй бүх хүүхдийг бүртгэж байгаа нь төвөг чирэгдэл багатай мэт харагдаж байгаа боловч АЗТАЙ ХҮҮХДҮҮД Л ЦЭЦЭРЛЭГТ ОРНО.