Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/08/22-НД НИЙТЛЭГДСЭН

САЙН МЭДЭЭ: Монгол сурагчид ОЮУНЫ “ОЛИМП”-оос 11 медальтай ирлээ

Б.БЯМБАСҮРЭН, iKon.mn
2016 оны 8 сарын 22
iKon.MN
Зураг зураг

Тайланд улсын Чиан Май хотод зохион байгуулагдсан бага, дунд ангийн олон улсын математикийн олимпиадад Монгол Улсын баг амжилттай оролцоод иржээ. Манай сурагчид гурван алт, хоёр мөнгө, зургаан хүрэл медаль, таван тусгай байрын шагнал эх орондоо авчирсан байна.

Мөн багийн дүнгээр дунд ангийнхан гурван цом, бага ангийнхан нэг цом авсан аж. Монголоос явсан хоёр баг бага, дунд гэсэн төрөлд найм найман сурагчийн бүрэлдэхүүнтэй.

Тус олимпиадад дэлхийн 35 орны 600 орчим сурагч өрсөлджээ. 

ШАГНАЛ АВСАН СУРАГЧДЫН НЭРС:

Дунд анги:

  •  Ц.Ганхөлөг алтан медаль /Сант сургууль 9-р анги/ ,
  • М.Өнөболд алтан медаль /1-р сургууль 7-р анги/ ,
  • А.Нямдаваа мөнгөн медаль /Сант сургууль 7-р анги/ ,
  • Алтансүх  хүрэл медаль /11-р сургууль/ ,
  • А. Пүрэвзаяа хүрэл медаль /Олонлог сургууль 8-р анги/ ,
  • О. Мишээл хүрэл медаль /Шинэ монгол сургууль,
  • Б.Цог шагналт байр /Сант сургууль 9-р анги/ ,
  • Д.Итгэл шагналт байр /Сант сургууль 9-р анги/.

Бага анги:

  •  Я.Түвшинсанаа алтан медаль /Сант сургууль 6-р анги/ ,
  • Ш.Билгүүдэй мөнгөн медаль /Сант сургууль 6-р анги/ ,
  • Б.Билгүүн хүрэл медаль /Сант сургууль 6-р анги/ ,
  • Д.Энэрэлт хүрэл медаль /Сант сургууль 4-р анги/ ,
  • Э.Уянга хүрэл медаль /Соёмбо сургууль 5-р анги/,
  • А.Хас-Очир шагналт байр /Сант сургууль 6-р анги/ ,
  • Ц.Сайханбилэг шагналт байр /Сант сургууль 5-р анги/,
  • Ж.Баярсайхан шагналт байр /Өвөрхангай 1-р сургууль/.

Тэд өчигдөр “Чингис хаан” нисэх онгоцны буудалд буусан бөгөөд гэр бүл, багш, сургуулийнх нь захиргаа, хэвлэл мэдээллийнхэн угтан авсан юм. Ингээд бид амжилттай оролцсон багш, сурагчидтай уулзаж сэтгэгдлийг нь сонслоо.

Б.Ганчимэг: Хүүхдүүдийн маань амжилт жил жилээр АХИЖ байна
 

 

“Сант” сургуулийн математикийн багш Б.Ганчимэг “Монгол Улсын багт бага ангиас найм, дунд ангиас найман хүүхэд багтаж байсан. Оролцсон 16 хүүхдийн 11 нь медаль авч, таван хүүхэд тусгай байрт орсон байгаа. Анх удаа бүтэн бүрэлдэхүүнээрээ зуун хувийн амжилттай оролцож ирлээ.

Дунд ангийн сурагчдаас анх удаагаа алтан медаль авч улсынхаа нэрийг гаргалаа. Монгол Улс хоёр жилийн өмнө тус олимпиадын бага ангийн ангилалд алтан медаль авч байсан юм.

Хүүхдүүдийн маань амжилт жил жилээр ахиж байгаа. Энэ жил ганцаарчилсан төрөлд нэлээн өндөр амжилт үзүүллээ.

Багш бидний хамгийн том зорилго маань биелж хүүхдүүд маань өндөр амжилт гаргалаа. Дараа жил үүнээс илүү амжилт гаргах зорилготой байна” гэв.

 
Тус олимпиадад орон орноос ирсэн сурагчид урлагийн номер бэлдэж бусаддаа үзүүлдэг ажээ. Монгол сурагчдын хувьд лимбээр эх орныхоо сайхан аялгууг тоглож сонордуулжээ. Сант сургуулийн байранд

Олимпиадад оролцохоор Монгол Улсаасаа шалгарсан сурагчид хоёр сарын турш “Сант” сургуулийн хичээлийн байранд бэлтгэлээ базаажээ.

 
Я.Түвшинсанаа: Нийт 150 оноос авах байснаас 140 оноо авсан
 

 

“Сант” сургуулийн зургаадугаар ангийн сурагч Я.Түвшинсанаа “Олон улсын маш том математикийн олимпиадад амжилттай оролцоод ирлээ. Нийт 150 оноо авах байснаас 140 оноо авсан. Анх алтан медаль авснаа сонсоод үнэхээр их баярласан.

Олимпиадад амжилт гаргахад манай сургууль, багш болон аав ээж маань тусалсан учир тэдэндээ баярлалаа гэж хэлье. Би зургаадугаар ангиа төгсөөд дунд ангийн олимпиадад оролцох хүсэлтэй байгаа” гэв.

Ц.Ганхөлөг: Манай багш нар бодох тактикийг маш сайн зааж өгсөн
 

 

 

“Сант” сургуулийн сурагч Ц.Ганхөлөг “Би энэ жил дунд ангийн төрөлд анх удаагаа оролцож алтан медаль хүртлээ. Өмнө нь бага ангийн төрөлд хоёр удаа оролцож алт, мөнгөн медаль авч байсан. Энэ жил дунд ангийн төрөлдөө анхны алтан медалийг авчирсандаа баяртай байна.

Олимпиадын даалгаврууд өнгөрсөн жилийнхээс бага зэрэг хүнд санагдсан ч манай багш нар бодох тактикийг маш сайн зааж өгсөн учраас амжилттай оролцлоо.

Тусалж дэмжсэн багш нар, гэр бүлийнхэн, найзууддаа баярлалаа.  Дараа жил ахлах ангийнхны олимпиад Бразилийн Рио хотод болно. Манай улсаас зургаан сурагч шалгаруулж явуулна. Тэр зургаан сурагчийн нэг нь болохыг хүсч байгаа” гэсэн юм.

М.Өнөболд: Хурдан бодох төрлийн олимпиад учраас БЭЛТГЭЛ их хийсэн
 

 

Нэгдүгээр сургуулийн сурагч М.Өнөболд “Миний хувьд хоёр дахь олон улсын дунд ангийн олимпиад болж байна. Хурдан бодох төрлийн олимпиад учраас бэлтгэл их хийсэн байгаа. Олимпиадыг Тайланд улс их гоё зохион байгуулсан.

Манай нэгдүгээр сургууль математикийн олон улсын олимпиадад жил бүр сурагчдаа бэлтгэж явуулдаг. Намайг амжилт гаргахад тусалсан сургуулийн захиргаа, багш нар, ивээн тэтгэсэн “Хаан хүнс” компанид талархал илэрхийлье” гэв.

Энэ жилийн олимпиадад оролцсон 35 орноос зургаан орон алтан медаль авсны нэг нь Монгол ажээ.

Хоёр тэрбум гаруй хүнтэй БНХАУ-аас нэг л сурагч алтан медаль авсан байхад манай сурагчид гурван алтан медаль авсан нь хэр амжилт гаргасныг нотолно.

ФОТО: 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

 

 

Гэрэл зургийг Г.Өнөболд MPA.mn

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.