Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/08/19-НД НИЙТЛЭГДСЭН

РИО 2016: Э.Бэхбаяр, П.Өнөрбат нарын өрсөлдөгчид хэн бэ?

Б.Дөлгөөн
2016 оны 8 сарын 19
iKon.MN
Зураг зураг
Э.Бэхбаяр
Эрэгтэйчүүдийн 57 кг: Э.БЭХБАЯР

2015 оны ДАШТ-ий хүрэл медальт, ази тивийн аварга Э.Бэхбаярын зодоглож буй 57 кг-ийн жинд нийт 20 тамирчин оролцож байгаа. Б хэсэгт багтсан 12 тамирчны 8 нь эхний тойрогт барилдаан хийж байгаагийн нэг нь манай бөх юм. Манай тамирчин Испанийн нээлттэй тэмцээнд түрүүлж, чансаагаа №4 болтол ахиулаад байгаа билээ.

Түүний эхний тойргийн өрсөлдөгч нь Сенегалын бөх Адама Диатта байх болно. Энэ жинд сүүлийн жилүүдэд африк тивдээ босоо байгаа Диатта 6 удаа тивийн аварга болж, 2 удаа бүх африкийн наадамд аваргалсан байна. Тивийнхээ олимпийн эрх олгох тэмцээнд түрүүлэн энд иржээ. 28 настай Диатта 2008 оны Бээжигийн олимпод оролцөн шөвгийн 16-д, 2015 оны ДАШТ-д 12-р байрт шалгарч байсан байна. 

Хэрвээ түүнийг ялбал манай бөх Узбекистан болон кубын аль ялсантай шөвгийн 16-ын барилдаанаа хийнэ. Кубын бөх Иовлис Бонне олимпийн чансаанд 3-р байрт бичигдэж буй нэгэн. ДАШТ-ий хүрэл медальт энэ бөх энэ жил 33 настай бөгөөд сүүлийн олимпдоо өрсөлдөж буй гэдэг утгаараа ширүүн дайралт хийж магад. Канадын цомын тэмцээн, олимпийн эрх олгох тэмцээнд түрүүлчихээд ирсэн. Узбекистаны бөх Аббос Рахмонов энэ жилээс л насанд хүрэгчдийн ангилалд өрсөлдөх болсон залуу бөх.

Бэхбаярын хэсэгт Оросын бөх, дэлхийн хошой аварга В.Лебедев, мөн дэлхийн хошой аварга БНАСАУ-ын Ян Кион Ил, 2013 оны дэлхийн аварга Ираны Х.Рахими нар багтсан. Нэг ёсондоо сүүлийн 6 жилийн дэлхийн аваргын 5-д нь аваргалсан 3 бөх манай тамирчны орсон бүсд байгаа учир хүнд сугалаа болсон гэж хэлж болно. 

Э.Бэхбаяр Казахстаны бөхийг ялан 2015 оны ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн билээ.

Эрэгтэйчүүдийн 74 кг: П.ӨНӨРБАТ

Лас Вегаст болсон ДАШТ-ээс мөнгөн медаль хүртсэн П.Өнөрбат 2 дахь олимпдоо зодоглох гэж байна. Чансааны 3-р байрт эрэмблэгдсэн тэрээр доод хэсэгт багтан эхний тойрогтоо гоц мөргөжээ.

Түүний эхний өрсөлдөгч нь туркий бөх Сонер Демиртас байх болно. Энэ жил гарснаас хойш тэрээр анх удаа Европын аварга болж, Ясар Догу, Александр Медведевийн нэрэмжит тэмцээнүүдээс медаль хүртчихсэн яваа бөх. Өнгөрсөн жилийн Европын наадмаас мөнгөн медальтай ирсэн Демиртас өдгөө 25 настай анхны олимпдоо оролцож байгаа ажээ. 2010 онд залуучуудын дэлхийн аваргаас мөнгө авсан тэрээр өнгөрсөн жилийн ДАШТ-д шилдэг 16-д үлдсэн, чансаанд 7-д бичигдэж байгаа.

Туркийн бөхийг ялбал Өнөрбат Иран болон Хаитигийн бөхчүүдийн ялсантай барилдана. 21 настай Ираны Хассан Яздани магадгүй улсынхаа хамгийн гол найдваруудын нэг, хамгийн олон фентэй бөхчүүдийнх нь нэг. Сошиал медиад тун идэвхтэй тэрээр дэлхийн чансаанд яг манай бөхийн ард 4-т бичигдэж байгаа. Өнгөрсөн жил 70 кг-д дэлхийн аваргаас мөнгө авсныхаа дараа жин өгсөж барилдах болсон тэрээр  энэ жилийн дэлхийн цомд түрүүлчихсэн байгаа юм. Хаитигийн бөхийн хувьд цагаан хуудсаар оролцож буй 4 тамирчны нэг билээ.

Энэ хэсэгт 2014 оны ДАШТ-ий мөнгөн медальт Японы С.Такатани, допингийн асуудлаас болж эрхээ хураалгасан ч “хорлуулсан” гэсэн шалтгаанаар барилдах эрхтэй болсон энэтхэгийн П.Ядав нарын медаль горилогчид мөн бий. 

П.Өнөрбат өнгөрсөн жилийн ДАШТ-ий финалд АНУ-ын алдарт бөх, дэлхийн 3 удаагийн аварга Ж.Бэрроусд ялагдаж, мөнгөн медаль хүртсэн.