Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/08/18-НД НИЙТЛЭГДСЭН

РИО 2016: 13 ДАХЬ ӨДРИЙН АЛДАЛГҮЙ ҮЗЭХ ТАВАН ТӨРӨЛ

Б.Дөлгөөн
2016 оны 8 сарын 18
iKon.MN

ХӨНГӨН АТЛЕТИК

 

100 метрийн зайд итгэл төгс түрүүлсэн Усайн Болт өөрийн хамгийн дуртай зай гэдэг 200 метрийн финалын гүйлтээ өнөөдөр хийнэ.

Олимпоос аль хэдийн 7 алтан медаль авчихсан байгаа 29 настай гүйгч 2009 онд энэ зайн дэлхийн дээд амжилтыг 19,19 секундээр тогтоосон. Жастин Гэтлин, Иохан Блэйк нарын шилдэгүүд эрхээ авч чадаагүй учир Болтод 8 дахь алтаа авахад ямар ч саад байхгүй мэт харагдаж байна. 10 төрөлтөд Америкийн Э.Итон түрүүлэх нь бараг тодорхой болсон ч түүний гол зорилго алт биш олимпийн дээд амжилтыг эвдэх болоод байна. Чехийн домогт тамирчин Р.Сабрлегийн 8893 оноо цуглуулсныг тэрээр бүрэн эвдэх боломжтой.

ТРИАТЛОН

 

Эр зоригийн спорт гэгддэг триатлоны эрэгтэйчүүдийн төрлийн аваргууд өнөөдөр тодорно. 2012 оны Лондоны олимпод ах дүү Броунли медалийн тавцанд хамтдаа гарч, 1908 оноос хойш ийм амжилт үзүүлсэн анхны тамирчид болсон юм. Тэр үед ах Броунли алт, дүү нь хүрэл медаль авсан. Энэ удаад ч энэ 2 тамирчны хооронд гол өрсөлдөөн өрнөх ёстой. Тэдний гол өрсөлдөгч Испаний Хавьер Гомез бэлтгэл дээр гэмтэл авч тэмцээнд оролцох боломжгүй болсон. Нийт 56 триатлонч 1,5 км сэлж, 40 км дугуйгаар уралдаж, 10 км гүйн өрсөлдөх юм.

ЭЛСНИЙ ВОЛЕЙБОЛ

 

Риогийн алдарт Копакабанагийн эрэг дээр элсний волейболын тэмцээн хаалтаа хийх гэж байна. Эмэгтэйчүүдийн төрөлд Германчууд талбайн эздийг гомдоож, алтыг авсны дараа эрэгтэйчүүдийн төрөлд Бразилыг төлөөлөн Шмидт болон Серуттигийн хослол Италийн П.Николай болон Д.Луппо нартай алтын төлөө тулна. Нутгийн дэвжээнээ дэлхийн аваргууд 4 жилийн өмнө атгаад алдсан алтан медалиа хүртэхийг эрмэлзэж байгаа нь лавтай. Хүрлийн төлөө ОХУ болон нидерландын тамирчид өрсөлдөнө.

БАДМИНТОН

 

Агаарын теннисийн спорт олимпийн их гэр бүлд нэгдсэнээс хойш буюу 1996 оны Атлантагийн олимпоос хойш хятад бүсгүйчүүд нэг ч удаа алтан медалиа алдаж үзээгүй. Тэгвэл энэ жил урд хөршийн гол найдвар байсан Тан Юуантин болон Юу Ян нар хагас шигшээд Данийн хосод хожигдсноор хүрлийн төлөө өрсөлдөх болсон нь онцлох мэдээ байлаа. Ялангуяа холимог хосын төрөлд ч мөн адил хагас шигшээд Малайз, Индонезуудад хожигдчихсон байсан хятадуудын хувьд энэ бол “гутамшигт” үйл явдал болоод байна. Финалд дани, японы тамирчид өрсөлдөх бол хүрлийн төлөө хятадын хос солонгосын тамирчидтай тоглоно.

ЗҮЛЭГНИЙ ХОККЕЙ

 

Эрэгтэйчүүдийн төрөлд ямар ч мэргэжилтүүдийн таамагт байгаагүй битүү морьд финалд гарсан нь сонирхолтой үйл явдал болоод байна. Хэсэгтээ 2-р байрт орсон Аргентиний баг хагас шигшээд тэднийг дийлсэн Германыг хожиж финалд үлдсэн бол Бельгийн баг нидерландыг хожсноор мөн л шуугиан дэгдээсэн. Өмнөд Америктаа босоо ч дэлхийн тавцанд тодорч байгаагүй аргентинчууд 1920 оны олимпоос хүрэл медаль хүртсэнээсээ хойш медалиар цангаж яваа бельгүүдтэй тулах нь. Бельгийн баг хэсэгтээ нэг ч хожигдолгүй манлалйж, илүү өнгөтэй байгаагараа фаворитод тооцогдож байгаа.