Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/08/18-НД НИЙТЛЭГДСЭН

РИО 2016: Чөлөөт бөхийн эхний өдрийн ҮР ДҮН

ikon.mn
2016 оны 8 сарын 18
iKon.MN
Зураг зураг

- О.Насанбурмаа, П.Орхон медальд хүрч чадсангүй -

Риогийн олимпийн 12 дахь өдөр чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн барилдаанууд эхэлж манай хоёр тамирчин зодоглолоо. 69 кг-д ОУХМ, МУГТ О.Насанбурмаа баг тамирчдынхаа салхийг хагалан Риогийн дэвжээнд гарсан бөгөөд эхний барилдаанаа Тайваний Чен Вен Линтэй хийж 6:0-ээр ялалт байгуулсан. Барилдааны үеэр Тайваний бөхийн мөрний бэртэл сэдэрч цааш үргэлжлүүлэх боломжгүй болсон юм. 
Ингээд шөвгийн наймд ДАШТ-ий гурван хүрэл медальт манай тамирчин Олимп, Дэлхий, Европын аварга Оросын Ната́лья Воробьёватай оноолт таарсан. Хоёр бөхийн барилдаан эн тэнцүү өрнөсөн ч төгсгөлөө тааруу хийснээр Насанбурмаа 4:2-н харьцаатай ялагдал хүлээсэн. 

Воробьёва цааш амжилттай барилдан финалд шалгарсан учир О.Насанбурмаад хүрэл медалийн төлөө дагах барилдаан хийх боломж бүрдсэн юм. 

Дагах барилдаанаа тэрээр Казахстаны залуу бөх Эльмира Сыздыковатай хийж мөн эн тэнцүү өрсөлдөөн үзүүлсэн ч төгсгөлөө тааруу хийснээр 3:2-н харьцаатай ялагдсан юм. 

МУГТ О.Насанбурмаагийн барилдсан жинд Японы бөх Сара Доша олимпийн аварга болж, олимпийн аварга Наталия Воробьёва мөнгөн медаль, Казахстаны бөх Элмира Сыздыкова, Шведийн Анна Женни Франсон нар хүрэл медаль хүртлээ.
 

58 кг-ийн жинд ОУХМ П.Орхон өрсөлдөв. "Иван Ярыгины Алтан Гран При"-н аварга манай тамирчин эхний шатанд Болгарын Мими Христоваг 7:4-өөр ялсан ч дараагийн өрсөлдөгч ОХУ-н Валерия Кобловад 11:0-ээр дийлдсэн. 

Ингээд Оросын бөхийн амжилтаас шалтгаалж дагах барилдаан хийх болов. Дагах барилдааны эхний шатанд тэрээр Залуучуудын ДАШТ-ийн мөнгөн медальт Германы бөх

П.Орхон Лиуза Нимешийг 7:0-ээр ялсан. Улмаар 2-р шатанд Энэтхэгийн Сашки Маликтэй таарч ялагдал хүлээснээ тэмцээнээ өндөрлүүллээ. 

Японы алдарт бөх Каори Ичо эмэгтэйчүүдийн 58 кг-ийн жинд түрүүлж, олимпийн дөрөв дэх түрүүгээ хүртсэнээр түүхэнд нэрээ үлдээсэн бол ОХУ-ын Валерия Коблова мөнгөн медаль, Тунисын бөх Марва Амри, Энэтхэгийн Сакши Малик нар хүрэл медаль хүртэв.

 

Эх сурвалж: Монголын Үндэсний Олимпийн Хороо