Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/08/17-НД НИЙТЛЭГДСЭН

Оросын боксчинд ялагдсан Ирландын тамирчин твиттерээр Путин руу довтолжээ

Р.Түвшин, iKon.mn
2016 оны 8 сарын 17
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр болсон 56 кг жингийн боксын тулаанд Ирландын боксчин Майкл Конлан Оросын Владимир Никитинд оноогоор ялагдсан.

Тэгвэл шүүлтэнд сэтгэл дундуур үлдсэн Ирланд боксчин энэ бухимдлаа ОХУ-ын ерөнхийлөгч В.Путинд гаргажээ.

Тэр твиттер сүлжээгээр Путинд хандаж “тэд таниас хэдийг авсан бэ?” хэмээн AIBA-гийн хаягийг дурдан жиргэсэн байна.

24 настай Конлан нь Рио 2016-д медалийн ихээхэн найдлагатай ирсэн гэнэ. Лондон 2012-т тэр хүрэл медаль зүүж байсан бол өнгөрсөн жил Катарт ДАШТ-д түрүүлж байжээ.

Тэр Рио 2016-гаас алтан медаль авсны дараа мэргэжлийн боксд шилжих төлөвлөгөөтэй байсан гэнэ.

Харин өчигдрийн ялагдлын дараа Конлан сэтгэлийн хөдөлгөөнөө барьж дийлэлгүй шүүгчид болон үзэгчдэд дунд хуруугаа харуулж, рингнээс цамцаа тайлсан чигтээ буусан юм.

 
 
 

Конлан дараа нь BBC сувагт ярихдаа “Миний мөрөөдөл нурлаа. Тэд намайг луйвардсан” гээд “Би дахин Олимпод оролцохгүй. AIBA-гийн тэмцээнд орохгүй байхыг би бүх хүмүүст зөвлөх болно” гэжээ.

Эх сурвалж: Mashable, Associated Press