Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/08/17-НД НИЙТЛЭГДСЭН

Бээжингийн Олимпоос авсан Оросын алтан медалийг буцаах шийдвэрийг ОУОХ гаргалаа

Р.Төмөр, ikon.mn
2016 оны 8 сарын 17
iKon.MN
Зураг зураг

Дөрвийг харьцах 100 метрийн буухиа уралдаанаас 2008 оны Бээжингийн Олимпийн наадмаар алтан медаль зүүсэн Оросын тамирчдын медалийг буцаах болсноо Олон Улсын Олимпийн Хороо өчигдөр зарлалаа.

Уг уралдаанд оролцсон дөрвөн эмэгтэй тамирчны нэг Юлия Чермошанскаягаас станозолол, туринабол хэмээх сэргээшийн төрлийн хоёр бодис илэрсэн нь ийм шийдвэр гаргахад хүргэж, бүх дөрвөн тамирчны алтан медалийг хураахаар болсон байна.

Чермошанская нь 200 метрийн гүйлтэд наймдугаар байрт орсныг бас цуцалсан гэнэ.

Ингэснээр мөнгөн медаль хүртээд байсан Бельгийн баг алт, хүрэл медаль хүртээд байсан Нигерийн баг мөнгө, Бразилийн баг хүрэл медаль тус тус нөхөж авахаар болж байна.

ОУОХ энэхүү шийдвэрээ Олон Улсын Атлетикийн Холбоонд (IAAF) хүргүүлж үр дүнг өөрчлөн, Чермошанскаяг цаашдын уралдаан тэмцээнээс хасахыг даалгажээ.

Бусад гурван тамирчин нь Александра Федорова, Юлия Гушчина, Евгения Полякова нар байсан гэнэ.

Чермошанская ОУОХ-нд бичгээр өргөдөл гаргаж тэмцээний өмнө гэмтлийн улмаас эмчилгээ хийлгэж байснаа тайлбарласан ч ОУОХ энэ тухайгаа тухайн үед мэдээлэх ёстой байсан гэсэн хариу өгчээ.

Эдгээр төрлийн бодисуудтай холбоотой хэрэг сүүлийн хэдэн арван жилийн турш тасрахгүй байгаа.

Тухайлбал 1988 оны Сөүлийн Олимпийн наадмаар Канадын тамирчин Бен Жонсон станозолол хэрэглэсэн шалтгаанаар 100 метрийн уралдааны алтан медалиа хураалгаж байв.

ОУОХ сэргээш илрүүлэх шинэ техник хэрэглэх болсон тул өмнөх 10 жилийн хугацааны шинжилгээнүүдийг дахин шалгаж эхэлсэн байна.

Чермошанская нь энэхүү дахин шалгах ажлын хүрээнд Бээжин, Лондоны олимпийн наадмуудад оролцсон тамирчдаас медалиа хураалгасан долоо дахь тамирчин болж байгаа аж.

Өөр нэг жишээ нь Лондоны олимпийн наадмын жад шидэлтийн төрөлд мөнгөн медаль хүртсэн Украины Олександр Пятницягаас туринабол илэрч медалиа хураалгажээ.

 

Эх сурвалж: Associated Press