Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/08/17-НД НИЙТЛЭГДСЭН

РИО 2016: ЧӨЛӨӨТ БӨХИЙН эхний өдрийн өмнө

Б.Дөлгөөн
2016 оны 8 сарын 17
iKon.MN

Эмэгтэйчүүдийн 58 кг: П.Орхон – М.Христова /Болгар/

Өнгөрсөн 1-р сард И.Ярыгиний нэрэмжит “Алтан Гранпри” тэмцээнд түрүүлэхдээ Японы алдарт бөх Каори Ичогийн  172 барилдаан дараалан ялагдаагүй дээд амжилтыг зогсоож, 10:0-ийн харьцаатайгаар илүүрхэн ялж шуугиан тарьсан П.Орхон өнөөдөр барилдаанаа хийнэ. Манай тамирчдын салхийг хагалах тэрээр энэ жил 22 настай бөгөөд залуучуудын ДАШТ-ээс хүрэл медаль хүртэж, 2016 онд Улсын аварга болсон юм. Сүүлийн 13 жил босоо байж, 3 удаа олимпод, 10 удаа дэлхийн аваргад түрүүлсэн

Каори Ичогийн гол өрсөлдөгч гэгдэж буй манай бөх эхний барилдаанаа Болгарын бөхтэй хийх болно.

К.Ичогийн 13 жил ялагдаагүй цувралыг манай бөх Орхон зогсоосон барилдаан:

Манай бөхийн өрсөлдөгч Мими Христова энэ жил 23 настай, энэ жилийн Европын аварга болж, олимпийн эрх олгох тэмцээнд түрүүлчихээд буй бөх. 2014 оны ДАШТ-д шөвгийн наймд үлдэж байсан тэрээр Дан Колов, Ион Корнеанугийн нэрэмжит тэмцээнүүд мөн аваргалжээ. Манай бөхтэй өмнө нь барилдаж байгаагүй.

Хэрвээ манай бөх өрсөлдөгчөө ялбал ОХУ болон Германы бөхчүүдийн ялсантай шөвгийн 16-ын барилдаанаа хийнэ. Оросын Валериа Коблова 4 жилийн өмнө Лондонд хүрэл медалийн төлөө барилдаанд ялагдаж байсан нэгэн. 2014 оны ДАШТ-ий финалд шалгарсан ч Каори Ичод ялагдаж, мөнгөн медаль хүртэж байжээ. 2015 оны Европын аварга тэрээр 2013 онд Казаньд болсон Универсиад наадамд мөн аваргалж байв. Түүний өрсөлдөгч Германы Луйза Ниемеш тивийнхээ олимпийн эрх олгох тэмцээнд үзүүрлэж эрхээ авсан бөгөөд залуучуудын ДАШТ-ий мөнгөн медаль хүртэж байсан энэ жил 20 настай залуу бөх юм.

Шөвгийн наймд шалгарахын тулд манай бөх Эквадор, Молдав, Энэтхэг болон Шведийн бөхчүүдийн ялсантай барилдах хуваарьтай. Өнөөх Каори Ичо нь дээд хэсгийг тэргүүлэн барилдаж буй бөгөөд манай бөхтэй зөвхөн финалд барилдах хуваарьтай юм.

ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН 69 КГ – О.Насанбурмаа – Чен Вен Лин /Тайван/

69 кг-ийн жинд дэлхийн аварга шалгаруулах тэмцээний гурван удаагийн хүрэл медальт, азийн наадмын мөнгө, азийн аварга О.Насанбурмаа зодоглож байгаа. Манай бөх ДАШТ-д медалийн төлөө өрсөлдснөөр олимпийн эрхээ авсан билээ. 

Манай бөх 2013 оны ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн барилдаан:

О.Насанбурмаагийн эхний тойргийн өрсөлдөгч нь Тайваний бөх Чен Вен Лин юм. 1994 онд төрсөн тэрээр Тайваниас оролцож буй цорын ганц эмэгтэй чөлөөт бөхийн тамирчин. 3-р сард олимпийн эрх олгох тэмцээнд мөнгөн медаль хүртснээр Риод ирсэн.  2014 онд Азийн аваргаас хүрэл медаль хүртэж байсан нь хамгийн том амжилт нь аж. 

Тэгвэл дараагийн тойрогт түүнийг дэлхийн аварга ОХУ-ын бөх Н.Воробьева хүлээж байх магадлал өндөр байна.  2015 оны Алтан гран пригийн финалд манай бөхийг хожиж байсан тэрээр 2012 оны Лондоны олимпийн наадамд түрүүлж байсан, аварга цолоо хамгаалахаар ирсэн нэгэн.

Залуучуудын ДАШТ-д 2  удаа аваргалсныхаа дараа ДАШТ-ээс алт, мөнгө, хүрэл медаль бүгдийг нь нэжгээд хүртчихээд байгаа энэ жингийн шилдэг бөхчүүдийн нэг. Тэрээр 2015 онд Бакуд болсон Европын наадамд мөн түрүүлжээ. Түүний эхний тойргийн өрсөлдөгч нь Казахстаны бөх байх юм.