Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/08/15-НД НИЙТЛЭГДСЭН

5.6 сая хонийг цэцэг өвчний вакцинжуулалтад хамруулжээ

Г.Номин, iKon.mn
2016 оны 8 сарын 15
iKon.MN
Зураг зураг

ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн, дэд сайд Ж.Сауле нар хонины цэцэг болон шүлхий өвчний тархалт улсын хэмжээнд ямар байгаа талаарх мэдээлэлтэй танилцлаа.

Малын халдаврт өвчнүүдийн талаар мэдээлэл өгөх уулзалтад Улсын мал эмнэлэг үржлийн газар, Онцгой Байдлын Ерөнхий Газар, Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газрын холбогдох албаныхан оролцсон юм. 

 

 

Хурлын эхэнд МЭҮГ-ын Мал эмнэлгийн хэлтсийн дарга Б.Цолмон мэдээлэл өглөө. Тэрбээр "2016 оны долоодугаар сарын 16-ны өдөр Говьсүмбэр аймгийн Сүмбэр суманд шүлхий өвчний сэжигтэй тохиолдлын дуудлага ирсэн. Дуудлагын дагуу холбогдох арга хэмжээг авч өвчнийг нэг голомтод барьж ажиллаж байна. Өвчний голомт гурван аймгийн заагт байгаа учраас ариутгал халдваргүйтлийн бодис, вакциныг Говьсүмбэр, Төв, Дорноговь аймгуудад хүргүүлээд байна. Нийт 145,000 малыг хоёр удаа шүлхийн вакцинд хамруулна.

 145,000 малыг хоёр удаа шүлхийн вакцинд хамруулна.

2015 оны нэгдүгээр сараас гарч эхэлсэн хонины цэцэг өвчний тархалт одоог хүртэл үргэлжилсэн байдалтай байна. Цэцэг өвчний голомт хорио цээрийн Дундговь, Хэнтий, Төв, Дорноговь, Сүхбаатар, Дорнод гэсэн зургаан аймгийн найман суманд үргэлжилж, өвчний голомтуудыг бүрэн хяналтандаа авсан байгаа. 

Цэцгийн вакцинжуулалтыг эрчимтэй хийж 5.6 сая хонийг хамруулаад байна. 

Улс орны эдийн засгийн нөхцөл байдал хүнд байгаа энэ үед хонины цэцэг өвчинтэй тэмцэхэд шаардагдах хөрөнгийг нэмэгдүүлэх зорилгоор НҮБ-ын Хүнс хөдөө аж ахуйн байгууллагад хүсэлт тависан. Ингээд 500,000 ам.долларын тусламж авсан. Энэ хөрөнгөөр дөрвөн төрлийн ажил хийхээр төлөвлөөд ажиллаж байна" гэлээ.

 Мэргэжлийн байгууллагынхны зүгээс шүлхий өвчнийг нэг голомт дээрээ бариад, ариутгал халваргүйжүүлэлтээ сайн хийчихвэл тийм ч амархан тархчихгүй. Халдварт шүлхий, хонины цэцэг өвчний вакцины нөөц хангалттай, халдварт өвчнүүдийг тогтоон барихад хангалттай гэж үзэж байгаагаа салбарын сайддаа танилцуулж байлаа.