Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/08/11-НД НИЙТЛЭГДСЭН

Санал хураах машиныг "хакдах" нь хэр амархан бэ?

Р.Түвшин, iKon.mn
2016 оны 8 сарын 11
IKON.MN
Зураг зураг

Ирэх арваннэгдүгээр сард АНУ-ын ерөнхийлөгчийн сонгууль болох гэж байгаатай холбоотойгоор тус улсад санал хураах электрон машины аюулгүй байдлыг тойрсон сэдэв хөндөгдөж эхэлжээ. АНУ-д одоогоор муж улсуудын 70 орчим хувь нь электрон машиныг сонгуулийн санал хураалтад ашигладаг.

Энэ тухай нэвтрүүлэг бэлдсэн CBS телевизийнхэн санал хураах машиныг хакдахад ямар ч мэргэжлийн хүн шаардлагагүй болсныг үзүүлсэн байна.

Ингэхийн тулд ердөө $15-ын үнэтэй жижиг төхөөрөмжийг онлайнаар хаанаас ч худалдан авах боломжтой байгаа гэжээ.

Энэ тухай мэдээллийн аюулгүй байдлын Symantec компанийн судлаач Брайн Варнер хэлэхдээ “$15-ын үнэтэй бяцхан төхөөрөмж, түүнийг ажиллуулах багахан мэдлэгтэй байхад та хэдэн ч удаа саналаа өгч болно” гэж ярьж байна.

Мөн тус компанийн захирал Кэвин Хэйлигийн хэлж байгаагаар санал хураалтын машиныг хакдах өөр олон боломж байгаа ажээ. “Санал хураалтын дүн энгийн электроник төхөөрөмжөөр дамжин төв рүүгээ ямар ч нууцлалгүй дамжуулагддаг. Эндээс мэдээллийг өөрчлөх асар өргөн боломж бий” гэж тэр хэлсэн юм.

Судлаачдын үзэж байгаагаар халдлагад өртөмтгий байдал нь саналын машинуудын насжилттай холбоотой гэнэ. Одоогоор 40 гаруй мужид ашиглагдаж байгаа саналын машинууд нь арваас дээш жилийн өмнө үйлдвэрлэгдсэн, мэдээллээ кодлохгүйгээр задгай дамжуулдаг, сүүлийн үеийн дамжуулах технологиор шинэчлэгдээгүй байгаа юм.

Харин нийт мужуудын 60 орчим хувь нь л санал хураалтын дараа гараар тоолж тулгалт хийдгийг CBS мэдээлжээ.

Ийнхүү Америкчууд өөрсдийнх нь сонгуульд гадаад орнуудын нөлөө орох вий хэмээн ихэд болгоомжилж байна.

Эх сурвалж: CBS, TheNextWeb