Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/08/05-НД НИЙТЛЭГДСЭН

Сангийн сайд асан ерөнхий сайд эдийн засагтаа анхаарч эхэллээ

Б.Төгөлдөр
2016 оны 8 сарын 5
MorninigNews.mn
Зураг зураг
Гэрэл зургийг Б.Бямба-Очир /mpa.mn/

Ж.Эрдэнэбат Ерөнхий сайдаар томилогдсоноос хойш ажил алба гэхээсээ илүү томилгооноос болж тархи гашилгасан болов уу. Өнгөрөгч долоо хоногоос танхим нь бүтэн болсных гэсэн шиг үүрэг, даалгаврыг бол сайн л өгч байна.

Чухам хэрэгжих шатандаа хэрхэх нь тодоройгүй. Ерөнхий сайдын хувьд өмнө нь Сангийн сайдаар ажиллаж байсан туршлагатай. Түүгээр ч зогсохгүй сөрөг хүчний төлөөлөл байхдаа эрх баригчид Монгол Улсын төсвийг хэрхэн зарцуулж байсныг тогоонд нь орж ажиллахдаа мэдээд ёстой л мэл гайхаж, цэл хөхөрсөн гэдэг. 

Харин түүнээс хойш хэр өөрчлөгдсөн бол. Төсөв тэг заагаад бүр хасах руу орсон ч тэнхрүүлэх чадвар багт бий болов уу. Юутай ч лхагва гарагийн хуралдаанаас харахад иргэдийн амьдралд ихээхэн нэмэр болдог эдийн засгийн хэд хэдэн асуудлаар үүрэг өгчээ.

Ингэхдээ тэрбээр улс орны эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлын талаар Сангийн сайд болон Монголбанкны ерөнхийлөгчийн мэдээллийг хаалттай сонссон байна. 

Харин дараа нь 2016 оны улсын төсвөөр баталсан Хүүхдийн мөнгөний санхүүжилт дуусч, одоогоор олголт нь зогсоод байгаа. Иймд Хүүхдийн мөнгийг үргэлжлүүлж олгох санхүүжилтийн эх үүсвэрийг судлах, 2016 оны улсын төсвийн тодотголын төсөлд суулгах, энэ талаар тодорхой санал боловсруулж, Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Сангийн сайдад даалгажээ.

Олон нийтийн дунд үргэлжлэх эсэх нь тодорхойгүй болчихоод байгаа ипотекийн зээлийг иргэдэд хүртээмжтэйгээр үргэлжлүүлэх талаар үүрэгдсэн байна.

Өнөөгийн нөхцөлд үүсээд байгаа ипотектэй холбоотой ойлгомжгүй байдлыг цэгцэлж, иргэдэд илүү хүртээмжтэй байдлаар үргэлжлүүлэх хувилбарыг судалж, танилцуулахыг Барилга хот байгуулалтын сайдад даалгасан аж. 

Эдийн засгийн байдлаас шалтгаалан олон аж ахуйн нэгж үүдээ барьсан тухай мэдээлэл МАН-ынханд бишгүй бий. Учир нь тэд сөрөг хүчин байх өнгөрсөн хугацаандаа энэ талаарх мэдээллээр эрх баригчдыг ёстой л “бөмбөгдөж” байсан.

Харин энэ удаа өөрсдөө эрх барьж буй үедээ ядаж л татварын хяналт шалгалтаар акт тогтоогдсон аж ахуйн нэгжүүдийн төлбөрөө төлөх хугацааг сунгах, хувааж төлөх, төлбөрөө төлөх тодорхой хугацаа олгох, хэрвээ данс нь хаагдсан бол дансыг нь нээж үйл ажиллагаагаа явуулж торгууль төлбөрөө барагдуулах бололцоо олгохыг судалж шийдэхийг Хуульзүй, дотоод хэргийн сайдад үүрэг болгосон байна.

Эдийн засгийн байдлаас шалтгаалан олон аж ахуйн нэгж үүдээ барьсан тухай мэдээлэл МАН-ынханд бишгүй бий. 

Өмнөх буюу Ч.Сайханбилэг Ерөнхий сайд байх үедээ ч олны өмнө бол энэ мэт даалгаврыг өгдөг байсан.

Гэвч цаагуураа бол төсөв тасарчихлаа хэмээн татварынханыг “чангалж” аж ахуйн нэгжүүдээс авах ёстойгоо нэхсээр байдаг байсан. Энэ удаа харин хэрхэх бол. 

Байгаа хөрөнгөө зөв хувиарлахын зэрэгцээ Монгол Улсаас гарч байгаа мөнгөний урсгалыг хянах, эх үүсвэрийг шалгахыг Ерөнхий сайд мөн үүрэгджээ. Түүнчлэн гарсан мөнгөний эх үүсвэрийг судлах, шалгах, хэрвээ хууль бус үйлдэл байвал гаргасан мөнгийг улсад буцааж оруулж ирэх, эзэнд нь хуулийн хүрээнд хариуцлага тооцохыг Хуульзүй дотоод хэргийн сайдад мөн үүрэг болгов.

Монгол Улсын өрийн тааз хэтэрснийг хамгийн сайн мэдэж, тайлбарладаг хүн бол өнөөгийн Ерөнхий сайд. Тиймээс ч тэрбээр Засгийн газрын хуралдааны үеэр зээл бус хөрөнгө оруулалтыг татахыг чухалчихлжээ.

Тэрбээр бүх сайд нарт хандаж, салбар бүртээ зээл тусламж гэхээсээ илүүтэй гадаад дотоодын хөрөнгө оруулалтыг татаж ажиллахыг тэргүүлэх чиглэлээ болох, үндэсний үйлдвэрлэлээ дэмжсэн худалдан авалтыг дэмжих, төр хувийн хэвшлийн бүх худалдан авалт, үйлчилгээг зөвхөн монгол төгрөгөөр хийх, энэ чиглэлийг хууль тогтоомжийг биелэлтэд хатуу хяналт тавьж ажиллахыг үүрэг болгосон байна. 

Эдийн засгийн нөхцөл байдатай танилцсан Ерөнхий сайд үүрэг өгсөн нь энэ. Харин хэдий судалж, боловсруулсан ч эдийн засгийн үнэн төрх ямар байгаа бол. МАН-ын мөрийн хөтөлбрийг хэрэгжүүлэх, хэрэгжиж буй төсөл хөтөлбөрүүдийг үргэлжлүүлэх гээд бүхий л асуудал мөнгөний эс үүсвэр шаардаж байгаа.

Мөн ирэх оноос эхлэн улс өрөө төлж эхлэх төдийгүй Ерөнхий сайд өөрөө ч зээл авахыг чухалчлахгүй байхыг үүрэгдсэн.

Тэгэхээр хэрхэвэл зохилтой бол. Хэзээ үүрэг даалгавар, МАН-ын мөрийн хөтөлбөрүүд хэрэгжиж олон нийтийн нуруу тэнийх бол. Монгол Улсын төсвийн “авдрыг” хянаж байсан хүн танхимаа бүрдүүлсэн хойно бүдэрчихгүйхэн эдийн засгаа урагшлуулах байх гэж найдах л үлдэж байх шив. 

Зураг